Оюу Толгой ХХК Монголын бахархал байж чадахгүй
Монголчууд бид Оюу Толгой ордыг ашиглалтанд оруулснаар улс эх орон маань хөгжин дэвжиж, хүн ард маань сайхан амьдрана гэж итгэсний үндсэн дээр хөрөнгө оруулагч гэх талтай гэрээ байгуулсан. Гэрээг итгэлцлийн зарчмаар хийгээгүй гэдэг бол бүхэлдээ нэг том асуудал.
Төгс ертөнцөд гэрээний хоёр тал нь хамтраад Оюу Толгой гэж компанийг байгуулаад хамтарч удирдаад /менежментийг хамт хийнэ гэсэн үг/ ажилуулах байлаа. Гэтэл тэгсэнгүй. Рио Тинто болон Туркуаз хил нар 100 хувь менежментийг нь хийж байгаа. Үүнийг Австралид хуульчлаад өгсөн байдаг. Жишээ нь гадаадын хяналт буюу менежмент 15%-с хэтрэхгүй гэх мэт.
Үүнээс гадна уг компанийн удирдах түвшинд дандаа гадныхан, бараа үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн 00 цаас, ажлын хувцасны лого гэх мэтийг Монголчуудаар нийлүүлдэг байдлыг Монголчууд шүүмжилсээр ирсэн. Энэ бол үндэсэрхэг ч гэх юмуу үзэл биш юмаа.
Энэ бол шударга, тэгш эрхийн зарчим, ил тод нээлттэй байдал, сайн засаглалыг шаардсан асуудал юм. Харин үүнийг Рио Тинтогийнхон овжноор ашиглаж магад гадаадын хэвлэл мэдээллийнхэнд биднийг үндэсэрхэг улс гэж ойлгуулж болох юм. Ер нь гадаадын нэг сэтгүүлч ч хэлсэн байгаа.
Монголчуудын дунд уул уурхайн эсрэг үндэсэрхэг байдал байхгүй байна харин хөрөнгө оруулагч нь уурхайгаа түр зогсооно гэх мэт сүрдүүлгийн шинж чанартай мэдэгдэл хийж байгаа нь жинхэнэ утгаараа үндэсэрхэг байдлыг өөхшүүлдэг гэж бичсэн байсан.
Хөрөнгө оруулагчид биднийг дэндүү буруугаар ойлгодог тул өнөөдөр хэдэн монгол хүнийг удирдах түвшинд авсан талаар баахан реклам хийж байна. Ингэснээрээ монголчуудад тал засаад ч байгаа юм шиг, эсвэл биднийг чухал том юмаа ярихад анхаарлыг маань өөр чигт хандуулж саад хийх гээд ч байгаа юм шиг.
Монгол хүнийг удирдах түвшинд авч ажиллуулах нь бизнесийн жирийн үзэгдэл байх ёстой бөгөөд үүнийг ингэж мөнгө заран рекламдах шаардлагггүй юм. Өнөөдөр олон нийтийн телевизээр Санж гэж ажилтныхаа талаар төлбөртэй нэвтрүүлэг цацлаа. Ингэлээ гээд нийт монголчуудыг хуурна гэж бодож байна уу?
Яагаад Санжийн талаар 2009 онд, 2010, 2011, 2012 онд сурталчилаагүй юм. Яагаад өнөөдөр гэж. Оюу Толгой орд нь өөрөө Монголын бахархал байж болно. Харин 100 хувь гадаад менежменттэй Оюу Толгой ХХК бол Монголын бахархал биш.
Энэ мэт биднийг хуурах, өндөр төлбөртэй нэвтрүүлгээр ухуулах пр ажлыг тэд сайн хийж байна. Жишээ нь Мобиком, ХААН банк зэрэг компаниуд нь удирдах түвшиндээ монголчуудыг ажлуулж байна гээд л, тэгээд нэг хоёр ажилтнаа сурталчлаад л хий дэмий мөнгө үрээд байвал бид гайхна биз дээ.
Түүнтэй утга нэг боловч Оюу Толгойгийн хувьд эдгээр пр-д зарцуулж байгаа мөнгө хаанаас гарч байгаа, эргээд 34%-ийг нь монголчууд төлөх гэх мэт олон асуудал байгаа тул бид тэдний утгаггүй, үнэтэй рекламуудыг зүгээр хараад суух ёсгүй. Бид хэний мөнгөөр ингэж байгааг асуух эрхтэй хүмүүс.
Оюу Толгой ХХК нь Монголын гутамшиг байх шалтгаанууд:
• Монголын Засгийн газрыг хууран мэхлэх мэт сайн санааны итгэлцлийн үндсэн дээр Хөрөнгө Оруулалтын Гэрээг /ХОГ/ байгуулаагүй
• Аливаа ХОГ үзэглэсний дараа мөн баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсон тэр мөчид Засгийн газарт бонус өгдөг уламжлалтай. Түүнийг Монголын талд өгөөгүй. Хэрэв өгсөн бол нууцаар хэдэн хүний халаасанд хийж нөгөөх нь офшор дансанд очсон байж болох
• Хуулиара бол ХОГ байгуулагдахаас өмнө, практик дээр Оюу Толгой ордыг ашиглахаас өмнө ТЭЗҮ хийгдэх ёстой байсан. Энэ чухал ажлыг хийлгүйгээр ажлаа эхэлсэн нь монголчуудыг, монголын хуулийг үл ойшоосон явдал юм
• Монгол Улс Оюу Толгой төслөөс ашиг орлого олох биш эсрэгээрээ 2031 он хүртэл нэг ч ногдол ашиг авахгүйгээр өрөө дарсаар дуусах төлөв тооцоо гарсан
• Энэ хооронд улс эх орон маань, ард түмэн маань ядарч зүдэрч харин хөрөнгө оруулагч нар сорьчилж аваад үр ашиггүй хэсэг нь бидэнд үлдэх магадлалтай
• Ажилчдын эрх, орон нутгийн иргэдийн эрх, хүний эрхийг дээд зэрэгт нь зөрчдөг
• Говийн усыг өнөөгийн баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаар ажиллахад 3 жилийн дотор дуусгаж говь нутгийг цөл болгох аюул нөмрөөд байхад дуугүй байж хариуцлаггүй хандаж байгаа
• Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг барилгажилтын үе дуусаж байхад зөвхөн барилгажилтын үед тааруулж хийсэн бөгөөд үйлдвэржилт буюу хаалтын үеийн үнэлгээ байхгүй. Үүнээс болж Дэлхийн Банкны Америкийн тал нэмэлт санхүүжилт олгох асуудлаас татгалзсан
• Оюу Толгой уурхайгаас 30-хан км-ын зайтай орших Ханбогд сум олон жил цахилгаангүй, засмал замгүй, хөгжилгүй байсаар. Угтаа бол уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө Ханбогд бүү хэл Улаанбаатар хүрсэн замтай байх ёстой байсан
• Оюу Толгой гэдэг гайхамшигтай ордын нөөц ашигласны төлбөрт Монголын Засгийн газар 5-хан хувийн роялти авахаар болсон. Бусад орны жишигтэй харьцуулахад 15% байдаг
• Монголын Засгийн газар дэлхийд сөрөг данстай нэр төр нь сэвтсэн, байгаль орчинд хөнөөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг, иргэний дайн, авлигатай холбогдож байсан уул уурхайн компанийн 100% менежментийг нь хийж байгаа компанийн 34% хувьцааг Монголчуудаас асуулгүй эзэмшиж байгаа
• Монголын Засгийн газартай Хөрөнгө Оруулалтын Гэрээний нөгөө тал болсон хөрөнгө оруулагч нь шударга бус, ил тод бус үйл ажиллагаагаа эрхэлж байгаа нь төрийн байгууллагуудад зөрүүтэй тоо мэдээлэл өгдөг байдлаар Хөдөлмөрийн яамны шалгалтаар илэрсэн
• Оюу Толгой ХХК нь Монгол судлаачид, Монгол байгууллага, Монгол мэргэжилтэн, Монгол хүн, Монгол ханган нийлүүлэгч гэх мэт Монголын талаас авч болох үйлчилгээ, ажил гүйцэтгэлийг хэтэрхий үнэтэйгээр гадаадын иргэд, байгууллагаар хийлгүүлдэг. Тэгээд шүүмж өгөхөөр ганц 2 Монгол ажилтнаа ТВ-ээр сурталчилж төлбөртэй нэвтрүүлэг хийхэд л хангалттай
• Сүүлийн үеийн судалгаагаар нийт ард иргэдийн 71 хувь нь Оюу Толгойн ХОГ-г сайжруулах хүсэлтэй. УИХ-ын 27 гишүүн үүнийг дэмжиж гарын үсэг зурсан. Өмнөговь аймгийн иргэд маш ихээр хохирон
• Оюу Толгой уурхай ажиллаж эхэлснээс хойш 10 гаруй хүний амь нас эрсдсэн /яг хэд гэдгийг нь хэн ч мэдэхгүй байгаа учир нь Оюу Толгойн үйл ажиллагаа ил тод бус/. Энэ тохиолдол болгон ард иргэдэд ил тодоор бус шийдэгдсэн. Эсвэл ар гэрийнхэнд нь мөнгө өгч амийг нь дуугүй болгодог талтай
• Монгол Улсын төрийн эрх бүхий 2 байгууллага нь Оюу Толгой болон Рио Тинтогийн зохисгүй үйлдлийг ил болгож баталж өгсөн. Тэдгээр нь Хөдөлмөрийн яамны шалгалтаар Оюу Толгой нь ноцтой зөрчлүүдийг давтан гаргасан, Сүхбаатар дүүргийн шүүх Оюу Толгой нь хуулийн үндэслэлгүй ажилтнаа халж хохироосон гэсэн дүгнэлтүүд байна.
С.Гантуяа
sonin
URL: