“Монгол наадам” цогцолбор барих ажлыг түргэвчлэхээр боллоо

p17vqrukg21mkhnf420b1qvpfdd1Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг Баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун  танилцууллаа.
Баяр наадам зохион байгуулах 9 салбар хороонд нийтдээ 175 хүн ажиллаж, баяр наадмын үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу тогтоосон хугацаанд амжилттай зохион байгуулсныг тэмдэглэн хэллээ.  Үндэсний Их баяр наадмын зардалд 1,5 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд наадамчин олныг эрүүл, цэвэр, тав тухтай орчинд баярлуулахад анхаарч, үзэгчдийн суудлаас эхлэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг шинээр хийсэн байна. Тиймээс наадмыг зохион байгуулах хороо болон үзэгчид, хэвлэл мэдээллийнхэн энэ жилийн наадмыг илүү зохион байгуулалт сайтай, элдэв маргаан гомдолгүй, өнгөтэй сайхан боллоо гэж үзэж байгаа юм.
Баяр наадмын үеэр “Хүй долоон худаг”-т хурдан морь барианы газарт 3000 үзэгчдийн зөөврийн суудлыг шинээр байрлуулсан бол “Монгол наадам” цогцолборын хүрээнд “Хүй долоон худаг”-т бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, 2 үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоол хийж, 361-ийн гармаас “Хүй долоон худаг” хүртэл 8,5 км автозам шинээр ашиглалтад оруулсан нь тав тухтай орчинд наадамлах нөхцөлийг хангасан арга хэмжээ болсон гэж зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун онцоллоо.
Энэ жилийн баяр наадамд нийтдээ 512 бөх зодоглосноос 8 шинэ цолтон төрсөн байна. Харин баяр наадмын хурдан морьдын уралдаанд хот, хөдөөгийн 700 гаруй уяачдын 2000 орчим хүлэг морьд уралджээ.
“Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар”-аас хурдан морьны салбар комиссын бүрэлдэхүүнд орж, унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажилласан байна.
Үндэсний их баяр наадмын урианхай, буриад , хүүхдийн болон их харваанд нийт 700 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон байна. Наадамд оролцсон харваачдын бэлтгэл сайн, өрсөлдөөн ихтэй байсан гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Олон харваачийн оноо тэнцэж, бүх харваанд 2-3 харваачийн товх харвалтын амжилтаар баяр наадмын аваргуудыг тодруулжээ. Шагайн харваанд 42 багийн 352 харваач оролцсон байна.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулагчид болон наадамчдын зүгээс энэ жилийн баяр наадмыг зохион байгуулалт сайтай, хэв журмын онц ноцтой зөрчилгүй амгалан тайван сайхан наадам болллоо гэж дүгнэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл экспо” болон “Дүнжингарав” худалдааны төвөөс үнэгүй автобус явуулж иргэдэд үйлчилсэн нь иргэдийн таашаалд нийцсэн үйлчилгээ болсон гэдгийг зохион байгуулах хорооны гишүүд хэлж байсан юм.

Гэхдээ цаашид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим барилгажих учраас автомашины зогсоолоос эхлэн хүндрэлтэй асуудлууд гарч ирнэ. Иймд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Хүй долоон худагт барихаар НИТХ-аас шийдвэрлэсэн “Монгол наадам” цогцолборыг цаг алдалгүй ашиглалтад оруулах шаардалгатай гэж үзэж байгаа юм байна.
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва энэ жилийн наадмыг амжилттай зохион байгуулж, гар бие оролцон ажилласан салбар хорооны гишүүдэд талархлаа илэрхийлээд, хоггүй, цэмцгэр орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө цаг наргүй ажилласан зам талбайн үйлчлэгч, жолооч, цагдаагийн алба хаагч нарт онцгойлон баяр хүргэлээ.
Тэрээр цаашид анхаарч ажиллах хэд хэдэн зүйл байгааг сануулсан юм. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн 12 000 гаруй суудалтай. Хотын нийт хүн амын 1 хувь нь л  цэнгэлдэх хүрээлэнд орж наадам үзэж байна. Бид Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр сайхан болгохын тулд цаг алдалгүй “Монгол наадам” цогцолборыг барих ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна. Тиймээс НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зорилт болон тусгагдсан “Монгол Наадам” цогцолбор барих ажлыг түргэвчлүүлэн, Засгийн газрын хуралдаанаар энэ онд хийх ажлын төлөвлөгөө болон санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэлээ.Тайлан хэлэлцэж дуусаад “Үндэсний их баяр наадам”-ыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж, урамшууллаа


URL:

Сэтгэгдэл бичих