Хуучин ерөнхийлөгч VS шинэ засаг
Ц.Элбэгдорж улиран сонгогдсоноор энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль “конец фильм” гэгч боллоо. Манай намын дарга нар ч хүлээн зөвшөөрсөн аятай алга болцгоолоо хэмээн онигооны нэрт мастер нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Дөрвөн жил төр барьсан хуучин Ерөнхийлөгч улиран сонгогдсон бол тангарагаа өргөөгүй байхад нь л түүний хийх гэж буй ажил, улс төрийн бужигнааны эхлэл олон нийтэд ил болж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.
Тэр нь Н.Алтанхуягийг огцруулж, засгийг шинээр эмхлэх тухай, сонгуулийн менежерүүдээ сайд болгож бялуу хүртээнэ гэсэн нэг ёсондоо “бооцоот уралдаан”-ы албан бус мэдээ юм. Энэ сургаар гэртээ хүүхдээ харж, эхнэрээ дэлгүүр хэсэхэд цүнх баригчийн үүрэг гүйцэтгэж суусан экс гишүүд хэл, хөлд орж сонин, сэтгүүлийн нүүрийг чимсэн том, том ярилцлагууд өгч эхэлжээ. Нөгөөтэйгүүр дээрх мэдээллийг өнөө хүртэл хэн ч үгүйсгэсэнгүй, бас залруулга энэ тэр болсонгүй. Тэр бүү хэл, АН хөдөлгөөнд орвол ирэх аравдугаар сард улс төрийн “цунами” эхэлнэ гэсэн баталсан өнгө аястай мессэжүүд гарч байна. Ингээд засаг задарч гэмээ нь хоёрдугаар ээлжийнхэн хэн байх вэ гэсэн асуулт гарна.
Бүр дараагийн сайдуудын нэр ч эхнээсээ дуулдаж эхлэв. Шинэ Ерөнхий сайд л гэхэд гүйцэтгэх засаглалын тэргүүний сунгаанд олон жил явж ирсэн Х.Баттулгын нэр дуулдав. Мэдээж тэрээр энэ албан тушаалыг хашихад хүрвэл С.Эрдэнэ суудалдаа үлдэхээс гадна МоАХ фракцийнхан бялуу хүртэж таарна. Н.Алтанхуягтай таарамжгүйгээс гудамжинд чулуу өшиглөж яваа АН-ын “Эвтэй дөрөв”-ийн нэг экс гишүүн Б.Мөнхтуяа орж ирэх нь дамжиггүй. Ц.Элбэгдоржийн багийнхнаас Ц.Оюунгэрэл сайд одоогийн суудалдаа үлдэхээс гадна УИХ-ын гишүүн, Байгаль орчны байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг нар сайд болох шанстай. Мэдээж “Алтан гадас”*-ынхан арчигдаж таарна. Гэхдээ улс төрийн тохироо хойно квот олдох ч ганц хоёр суудлын төлөө дотроо чамгүй өрсөлдөх биз. АН дангаараа засаг байгуулах чадамжгүй учраас парламентад суудалтай намуудтай хамтрах нь ойлгомжтой. Тэр нь ялагдал, бухимдлынхаа шокноос гараагүй байгаа МАН биш, харин МАХН, ИЗНН байх болно. Ц.Элбэгдорж “Нэр дэвшиж надтай өрсөлдсөн хоёр нэр дэвшигчтэйгээ хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдсэнээс үзэхэд Н.Удвал, Б.Бат-Эрдэнэ нарт боломж бий. Төрийн тэргүүний сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэнээрээ, шударга ёсыг тунхагласнаараа, Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний ялагч болж улстөрч эмэгтэйчүүдийн рейтингийг тэргүүлсэн Эрүүл мэндийн сайд Н.Удвал Засгийн газрын гишүүн хэвээр үлдэх нь гарцаагүй.
Харин Б.Бат-Эрдэнийн хувьд Ц.Элбэгдоржийн амлаад буй хамтран ажиллах хувилбар ямар байхыг таашгүй. МАХН-аас одоо байгаа сайдуудын хувьд суудалдаа үлдэх болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд өрнөж байна. Тун удахгүй хуучин Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа тангаргаа өргөж, шинэ засгийн сураг чимээлэх биз ээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: