Ш.Сүхбаатар: Хар тамхины хэргээр ял эдэлж буй найман иргэнийг эх оронд нь авчирна
Хэдхэн жилийн өмнө манай улсыг “Хар тамхийг дамжуулагч орон” хэмээн мэргэжлийн байгууллагууд тодотгож байсан. Харин одоо “Хэрэглэгч орон” хэмээн тодорхойлж байна. Энэ нь гадаадад ажил хийж, амьдралаа дээшлүүлэх гэсэн монгол иргэд, гадны хэл, соёлд суралцаж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх гэсэн монгол оюутнууд энэ хэрэгт холбогдох болсонтой холбоотой юм. Хүний нутагт ах, дүү, гэр бүлээрээ ийм наймаа хийж байгаа хүн цөөнгүй байна. Хүйтэн хананы цаана насаараа хоригдох ял сонссон иргэд ч цөөнгүй. Энэ тухай Гадаад харилцааны яам, Консулын газрын захирал Ш.Сүхбаатартай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд, ялангуяа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гадаадад байгаа монголчууд хар тамхи зөөсөн, тээвэрлэсэн гэх хэрэгт нэр холбогдох нь их болж. Хятадад 10 гаруй хүн, Малайзад мөн тэр тооны хүмүүс энэ хэргээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна. Гадаад харилцааны яамнаас энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ямар ажил байна вэ?
-Бидний өдөр тутам хийдэг үйл ажиллагаа бол хилийн чинадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, эрх нь зөрчигдсөн, асуудалд орсон үед тухайн иргэний эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Холбогдох байгууллагууд болон тухайн улсад сууж байгаа Элчин сайдын яам, Өргөмжит консулын газраар дамжуулан бид хилийн чинадад байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар системтэй ажиллаж байна.
-Өнөөдрийн байдлаар харийн оронд ял эдэлж байгаа хэчнээн иргэн байна вэ. Тэр дундаа хар тамхины хэрэгт холбогдсон иргэд хэд байгаа бол. Урьд хөршид хамгийн олон хүн хар тамхины хэргээр ял эдэлж байгаа гэж сонссон?
-Өнөөдрийн байдлаар 152 хүн ял эдэлж байна. Ер нь гадаадад үйлдэгдэж байгаа хэргүүдийн дийлэнх нь буюу 60,1 хувь нь хулгайн хэрэг байна. Дараа нь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа орж байна. Үлдсэн нь визний хугацаа хэтрүүлсэн гэх мэт хэргүүд бий. Тодруулж хэлбэл, 36 хувь нь хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байгаа хүмүүс байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хилийн чинадад ял эдэлж байгаа монгол иргэдийг эргэх асуудлыг тухайн оронд сууж байгаа Элчин сайдын яамд зохион байгуулсан. Тухайлбал, БНХАУ, Солонгос зэрэг улсад ял эдэлж байгаа монгол иргэдийг эргэсэн. Нийт 16 оронд манай иргэд ял эдэлж байгаа бүх хүнийг эргэсэн. Түүнчлэн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, урьдчилан хориход саатуулагдсан иргэд цөөнгүй бий. Тэдэнд өмгөөлөгч, орчуулагч олж өгөх, ар гэрийнхэнтэй нь уулзуулах, эргэлт оруулах, Элчин сайдын яамнаас тэдэнтэй уулзаж, санал бодлыг нь сонсох, асуудлыг холбогдох газарт нь уламжлах зэрэг ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр монгол иргэд маань тухайн оронд сууж байгаа Элчин сайдын яам, Консулын газар хандах хандлага эрс сайжирсан. Өмнө нь Элчин сайдын яам, Консулын газар иргэдээ хайхарч үздэггүй гэсэн шүүмжлэл нэлээд гардаг байсан бол энэ шүүмжлэл үндсэндээ арилсан.
-Манай улсын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагаас харахад дийлэнх нь Азийн орнуудад, тэр дундаа урд хөршид үйлдэгдсэн байдаг. Энэ нь Эрээн хотод мансууруулах бодисын хэрэглээ газар авсан, манай улсын иргэд байнга зорчдогтой холбоотой гэдэг. Ер нь хар тамхины хэрэгт холбогдоод байгаа монгол иргэд яг хаана хаана байна вэ?
-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн дийлэнх нь БНХАУ, Солонгос, Малайз, Казакстан зэрэг улс оронд байна. Дээр нь АНУ-д дөрвөн хүн бий. Нийтдээ 16 оронд манай иргэд хар тамхины хэрэгт холбогдоод байна. Дээр дурьдсан улс оронд гол хэргүүд нь үйлдэгдсэн байдаг юм. Мөн энэ хэргээр шалгагдаад явж байгаа иргэд ч бас цөөнгүй бий. Тухайлбал, Малайз улсад энэ жил дөрвөн хүн хар тамхины хэрэгт шалгагдаж байна. Хятадын өмнөд муж, Хонконгод долоо, Макоад нэг хүн шалгагдаж байна.
-Хар тамхи зөөсөн, тээвэрлэсэн гэх хэргээр харийн нутагт цаазын ял сонссон иргэд цөөнгүй бий. Мөн л хятад улсад хоёр, гурваараа байгаа. Ер нь тэнд ял эдэлж байгаа монгол иргэдийн хувьд, ялын хэмжээ өөрчлөгдөх, өршөөлд хамрагдах гэсэн асуудал байдаг болов уу?
-Бүгд Найрамдах Казахстан Улсад хар тамхи зөөсөн, тээвэрлэсэн гэх хэргээр ял эдэлж байгаа эхнэр, нөхөр хоёр байна. Тэд 17-19 жилийн ял авсан. БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдэлж байгаа, цаазын ял сонссон иргэн 2-3 хүн бий. Гэхдээ одоогоор цаазын ял гүйцэтгэгдсэн хүн алга байна. Тус улсын хуулиар бол цаазын ял өгөөд, тодорхой хугацааны дараа хугацаагүй хорих ял болгодог. Үүнийгээ бас тодорхой хугацааны дараа хугацаатай ял болгодог. Ял шийтгэлийнх нь бодлого иймэрхүү журмаар явагддаг.
- Бусад орны хууль эрх зүйг харж байхад энэ төрлийн гэмт хэрэгт 15-20 хүртэлх жилийн ял оноодог. Хятад улс хар тамхины хэрэгт маш хатуу байр суурь баримталдаг. Тус улсад ялын дээд хэмжээ сонссон манай улсын иргэн Ж.Дамдины ялыг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан гэсэн, үнэн үү. Мөн энэ хэргээр ял шийтгэл авсан Л.Байгалмаагийн хэрэг яаж шийдэгдсэн бэ?
-Хятадын хууль цааз хатуу. 50 гр-аас дээш хэмжээний хар тамхийг ашиг олох зорилгоор оруулж ирсэн бол цаазаар авах ял ногдуулдаг. Гэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хүнд уруу татагдсан, хууртагдсан, эсвэл завдсан гэдэг утгаар нь ялгавартай ханддаг. Олон удаа хар тамхи зөөсөн, санаатайгаар хил давуулсан хүмүүст ямар нэг өршөөл байдаггүй. Ж.Дамдингийн хэрэг давж заалдах бүх шатны шүүхээр орсон. Хамгийн сүүлд тус улсын Дээд шүүхийн шийдвэрээр цаазаар авах ялыг нь хоёр жил харгалзан гүйцэтгэхээр үлдээсэн. Одоо жил гаруй хугацаа өнгөрч байна. Мөн Л.Байгальмаа гэдэг эмэгтэйд цаазаар авах ял ногдуулсан. Уг ялыг нь бүх насаар нь хорих шийдвэр гарсан. Саяхнаас ярьж байгаад тодорхой хугацаатай болгож, бүх насаар нь биш, 25 жил хорихоор болсон.
-БНХАУ-тай ялтан шилжүүлэх гэрээ байгуулахаар Гадаад харилцааны яамны зүгээс УИХ-д гэрээний төслийг өргөн барьсан гэж дуулсан. Хоёр улсын Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэх шатандаа яваа гэсэн үү. Ер нь ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан ямар улс байна?
-Хятадын өмнөд муж, халуун оронд ял эдэлж байгаа иргэдээ эх оронд нь шилжүүлэн авах асуудлыг БНХАУ-ын холбогдох байгууллагуудад тавьсан. Үүний үр дүнд тус улсад ял эдэлж буй хоёр монгол иргэнийг эх орондоо авчирч, ялыг нь эдлүүлж байна. Энэ жил найман хүнийг эх орондоо авчрах тухай ярьж байна. Хууль зүйн яам, Цагдаагийн байгууллагуудад дээрх асуудлыг уламжилсан. БНХАУ-ын талтай өнгөрсөн жил Монгол, Хятадын зөвлөлдөх уулзалт болсон. Энэ үеэр ялтан солилцох хэлэлцээрийг хэлэлцсэн. Ялтан солилцох хэлэлцээрийг манай улсын УИХ баталчихсан. Одоо Хятадын талаас хариу хүлээж байна. Хэрэв энэ гэрээ батлагдчихвал монгол иргэдийн хувьд олон зүйл өөрчлөгдөнө. Батлагдаагүй ч гэсэн бид өөр улс оронд ял эдэлж буй иргэдээ эх оронд нь авчрах ажлыг хийж байна. Мөн хилийн чинадад ял эдэлж байгаа үед нь нөхцөл байдлыг нь аль болох хөнгөрүүлэх үүднээс өмнө зүгийн халуун орноос хойд зүг рүү, болж өгвөл Бээжин, Өвөрмонгол, Хөх хот руу шилжүүлдэг. Энэ нь тухайн иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх, мөн ар гэрийнхэн нь эргэж тойроход арай ойр байдаг юм. Цаг агаар нь арай сэрүүн, хуурай болдог. Чийгтэй халуун газар манайханд их хэцүү, бие нь дорхноо мууддаг.
-Казакстанд ял эдэлж байгаа гэр бүлийн хоёр эх орондоо ирж, ял эдлэх хүсэлтээ гаргаад байгаа гэсэн. Энэ асуудлыг яаж шийдэж байгаа вэ?
-Бид саяхан хурлаар авч хэлэлцсэн. Казакстанд ял эдэлж байгаа гэр бүлийн хоёр иргэнийг эх оронд нь авчирч, ялыг нь эдлүүлэх асуудлыг Прокурорын байгууллагад уламжилсан. Прокурорын ерөнхий байгууллага саяхан БНКУ-д айлчилсан. Энэ үеэр ч бас энэ асуудлыг хэлэлцсэн. Тиймээс Казакстан улсад их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан, хар тамхийг бүлэглэн их хэмжээгээр тээвэрлэсэн гэх зүйл ангиар ял эдэлж байгаа Б, О нарыг нутагт нь үргэлжлүүлэн ял эдлүүлэх асуудлаар хорих ангийн удирдлагууд, прокурорын байгууллагын ажилтнуудтай уулзсан. Үүний үр дүнд манай холбогдох байгууллага Казакстаны холбогдох байгууллагад асуудал тавьсан нөхцөлд иргэдийг шилжүүлэн авч болох гарцыг олсон. Өөрсдийн гараар бичсэн өргөдөл нь шаардлагатай гэсний дагуу ял эдэлж буй хорих ангид нь очиж, өргөдөлийг нь бичүүлэн Ерөнхий прокурорт дамжуулсан. Мөн энэ асуудлыг Консулын зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэн, одоо хэрэгжих шатандаа явж байна.
-Малайз руу манай улсын энгийн паспорттой иргэд 30 хүртэлх хоногоор визгүй зорчдог. Энэ нь хар тамхины хэрэгт холбогдох, бусдад уруу татагдах бас нэг шалтгаан болж байна гэж яриад байгаа. Малайзад хар тамхины хэрэгт холбогдоод байгаа гурван монгол оюутны хэрэг ямар шатандаа яваа вэ. Шүүх хурал нь удаа дараа хойшлоод байгаа шалтгаан нь юунд байна?
-Энэ хэрэг нэлээд удааширч байгаа. Нэг эрэгтэй, хоёр эмэгтэй оюутан байгаа. Бас нэг эмэгтэй хар тамхины хэрэгт холбогдсон. Гэхдээ энэ тусдаа хэрэг юм. Гурван монгол оюутны хэрэг бол өнгөрсөн оны нэгдүгээр сард гарсан. Уг хэргийг гарсны дараа Консулын газрын дэд захирал Ч.Гантулга газар дээр нь очиж, долоо хоног ажилласан. Дараа нь миний бие очсон. Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн албан захидлыг Малайзын холбогдох байгууллагуудад уламжилсан. Малайзын тал асуудлаа байнга хойшлуулж байгаа. Шүүх хурал нь өнгөрсөн тавдугаар сард болох байсан, бас хойшилсон. Энэ сард болно гэсэн. Шүүх хурал хойшлоод байгаа шалтгаан нь Малайзын хуулийн системтэй холбоотой юм байна. Манай улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг мөн ингэж хойшлуулсаар байгаа. Энэ хэрэг одоо болтол шийдэгдээгүй байна.
-Монголд гарч байгаа хар тамхины хэрэг, мөн холбогдох байгууллагуудын хийсэн судалгаанаас үзэхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хүмүүсийн тоо өсөх хандлагатай байна. Өсвөр үеийнхэн ч уруу татагдах нь их байна. Харин хилийн чинадад ямар байдаг бол?
-Анзаарч байхад, санамсар болгоомжгүйгээсээ болж, хар тамхины хэрэгт холбогдох, энэ төрлийн гэмт хэргийн золиос болох явдал цөөнгүй байна. Жишээ нь, Малайзад гарсан оюутны хэргээс үзэхэд, нэг оюутан охинтой танилцаж найзлаад, оюутны байранд нь хоёр удаа очсон байгаа юм. Гурав дахь удаагаа очиж хоноход нь баривчлах ажиллагаа таараад баривчлагдсан байх жишээтэй. Иймэрхүү хоёр ч хэрэг байна.
Мөн манайхан олон улсын нисэх онгоцны буудал дээр явж байхдаа хүний дайвар бараа, ачаа тээш авч явахгүй байх хэрэгтэй. Хар тамхиа залгиад, биедээ тээгээд аваад явж байгаа нэг хэсэг хүмүүс байна. Энэ бол тодорхой зорилго бүхий хүмүүс. Гэтэл тийм зорилго байхгүй хэрнээ бусдын ачаа тээшийг зөөж яваад энэ хэрэгт холбогддог хүмүүс бас байна. Тийм болохоор энэ бүхнийг их сайн анхаарч, анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Бусдын ачаа тээшийг ямар ч тохиолдолд тээвэрлэх хэрэггүй.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: