Нийслэлийг галдах зүрхтэй эр УИХ-д суудал авбал яах вэ?

Мөрөөдөлгүй хүн хүн мөн үү? хэмээн Баабар асуужээ. Нээрээ мөрөөдөлгүй хүн хүн биш байж болох л юм. Гэхдээ ганцхан зүйлийн мөрөөдөл хүмүүнийг хүн байхаас нь үүрд татгалзуулдаг гэдэгт би огт эргэлздэггүй. Энэ нь мэдээж, мөнгө…
Миний энэ бодлыг товчхондоо “мөнгөний машин” хэмээн нэгэн залуу зохиолч тодорхойлсныг уншаад, үнэхээр онож зүйрлэсэнд нь мөн ч их баярласан юмдаг. Одоо манай урлаг, уран зохиол, бизнесийн гээд бүхий л салбар сэтгэл, хайр энэрэл гээчийг умартан шууд “мөнгөний машин” хэлбэрийг сонгон улмаар нэр хүндэд хүрсэн байх нь олон. Тэр ч бүү хэл, эрүүл мэндийн салбар нь мөнгөний машины эгнээнд аль хэдийнэ бараа сураггүй уусаад, мах бэлтгэн нийлүүлэх төв шиг ажилладаг болсон билээ.
Улстөрчдийг яаж “мөнгөний машин” болдог тухай бүр дурсаад ч хэрэггүй. Тэд өөрсдөө хамгийн сүүлийн үеийн загварын мөнгөний машиныг зохион бүтээсэн учир олон үгээр тайлбарлах гэж ядаад байх зүйл үнэндээ алга.
Тэгээд ч сонгуулийн улирал эхэлсэн энэ үед олны анхаарлын төвд байхын зэрэгцээ мөнгөнийхөө машиныг өдөр шөнөгүй ажиллуулах хүсэлтэй хийгээд хүнээ байгчид мөн ч ихээр нэмэгдэж байна даа.Тухайлбал, “Содмонгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазар гэх эр УИХ-д нэр дэвшихээр сэтгэл шулуудаж, говийн аймгуудаас сурталчилгаагаа эрчимтэй эхэлсэн дуулдана. Метро барих мөнгийг халааснаасаа гаргачих бэнчинтэй, нийслэлийг галдахад хүрэлцэхээр их шатахуунтай түүний хувьд алдарт “луйврын бүлэглэл” болох МАН-ын “хал цэрэг” гэдгийг хэн хэнгүй мэднэ. Тиймдээ ч бүлэглэлийнхээ арга барилаар жинхэнэ коммунист зан гарган орчин үеийн мөнгөний машин шиг ажиллаж, зөвхөн нийслэлд л гэхэд 23 ШТС-ыг ямар ч зөвшөөрөлгүй барьжээ. Үүнээс гадна, дахин гурван ШТС-ыг мөн л зөвшөөрөл авалгүй босгож эхлээд байгаа юм. Үүний ихэнх нь гэр хорооллын гудамж, үерийн ам, төмөр замын аюулгүйн шугаман дээр байрлаж, нийслэлийн иргэдийг зангидсан гар шиг занал хийж байна. Харин хөдөө орон нутагт хэдэн ШТС-ыг ийм хувиа хичээсэн дээрэнгүй үзлээр барьсныг одоо хүртэл хууль хяналтын байгууллагууд тогтоогоогүй ажээ. Тэгвэл Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар ШТС ямар нэгэн байдлаас үүдэн дэлбэрэх тохиолдолд эргэн тойрондоо нэг км талбайд хөнөөл үзүүлэх аюултай хэмээн заажээ. Зөвхөн энэ мэтээр үндэсний аюулгүй байдлын тухай ч яригдаж болохоор аймшгийг бүтээчихээд одоо УИХ-д суудал авна, хууль батална, ядуу Монголоо хөгжүүлнэ гэх мэтээр уран донгодохыг ямархан ухаан ч гэж ойлгомоор юм дээ, бүү мэд.
Ядахад өөрөө хуулиа дээдэлдэг, биелүүлдэг байсан бол Хонгор сум шиг мөнгөн усанд биш мөнгөн хахуульд даяараа хордсон Монголын улс төрд түүн шиг мөнгөтэй хүн хэрэгтэй л дээ. Байг гэхэд л төсвийн мөнгөнөөс халааслаад байхгүй өөртөө ашигтай хэдэн хууль батлах биз хэмээн санаж, саналын хуудас бөглөхсөн. Даанч тийм биш, аль эрт мөнгөний машин болон хувираад хүнээ байчихсан эр юм. Тэгэхээр түүнд суудал өгвөл юу юугүй занал хэлээд байгаа өнөөх ШТС-ууд нь 26-аар тогтохгүй хоногоор өсч, 200, 300-д хүрээд, үүний балгаар гэр хорооллынхон алтан амиа алдахаас айхдаа үнсээ асгаж чадахгүйд ч хүрч магад.
Түүний энэ заналхийллийг уг нь Мэргэжлийн хяналтын газраас зогсоох гэж хэд хэдэн удаа оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн гэдэг. Тэгэхээс ч аргагүй. Ийм зөрчил гаргасан тохиолдолд Барилгын тухай хуульд 1-4 сая төгрөгийн торгууль ногдуулна хэмээн заачихаар алхам тутамдаа хуулиа зөрчдөг хэрнээ хууль батлагчийн эгнээг мөрөөддөг “мөнгөний машинуудад” яаж цочирол өгөв гэж. Ирэх бүрт нь дөрвөн сая төгрөг өгөөд байсан ч барьж дуусгаад хэдхэн өдрийн дотор “шархаа” нөхөх учир энэ бол арга хэмжээ авах биш, харин ч толгойг нь илээд зүгээр орхисонтой ижил зүйл болж байгаа юм. Тэгээд ч манай хууль хяналтын байгууллага, ТҮЦ ажиллуулж, ширхэгийн тамхи зарсныхаа хүчинд ясны шөлөөр бор ходоодоо дүүргэж байдаг иргэдээ дээрэмдэж, унтаад сэрэхэд нь ТҮЦ-ийг нь хэмх мөргөн эр баяраа гайхуулахаас биш, нийслэлийг галдахад бэлэн байгаа, бүх хүнд цутгаад барахгүй архи үйлдвэрлэдэг, Монголын алтны 10 орчим хувийг дангаараа халаасандаа хийсэн зэрэг олон “мөнгөний машин”-ыг чичилж үл зүрхлэдэг билээ.
Нээрээ айлын хашаа болоод аль их хүн цугладаг газар ШТС-уудаа байрлуулсан энэ эр УИХ-д суудал авбал ямар хууль батлах бол.
Д.Ганбаатар

URL:

Сэтгэгдэл бичих