Г.Эрхэмбаяр: Б.Соронзонболдтой савсагнаад зодолдсон бол цолтой бөхчүүдийн дэг жаяг алдагдах байсан
Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр нэгэн өдөр тутмын сонинд Б.Соронзонболд зааныг өөрийг нь санаатай цохисон гэдгийг хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгчээ. Тэрбээр “Би бяртай чадалтай даа тэгж ам авсан юм биш л дээ. Аймгийн цолтой бөхийн зовлонг мэддэг болохоор тэднээс хэн нэгнийг авч гай болоод яахав гэж бодсон. Ингээд улсын цолтой бөх авья гэж шийдсэн. Заавал Соронзонболд гэлтгүй өөр нэгэн улсын цолтон тавын даваанд унасан ч, давсан ч горгүй юм даа гэж бодсон. Түүнээс Б.Соронзонболдолд өш хонзон санаж аваагүй” гэж шинэ аварга өгүүлсэн байна.
Харин заан нүүр рүү нь дэлссэн тухайд сэтгүүлчийн асуухад “Б.Соронзонболд залуу хүний хувьд ааг омгондоо шатаж явсан юм байлгүй дээ. Үүнийгээ ухаарах байлгүй. Төрийн их баяр наадам болж байхад ард түмнээ хүндэтгэх хэрэгтэй. Түүнээс биш гудамжинд байгаа бол өөр хэрэг. Түмэн олныхоо өмнө барилдаж ирчихээд ямар зодолдолтой нь биш. Үндэсний бөхөд эрэмбэ дараа гэж бий. Тэр үед би Соронзонболдтой савсагнаад зодолдсон бол цолтой бөхчүүдийн дэг жаяг алдагдаж, хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэх байсан биз. Тэгэхэд хүлээцтэй хандсан минь буруу болоогүй байх аа” гэж Г.Эрхэмбаяр аварга өгүүлжээ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10153
URL: