Намууд бэлэн мөнгөөр биш хөгжлийн шийдлээр өрсөлдөнө гэв үү?

Хөгжлийн гараан дээр ирчихсэн улс зөв бодлого хэрэгжүүлэх ёстой. Тэгж байж хөгжил ирнэ. Буруу бодлого хэрэгжүүлбэл алдана. Харин зөв алхвал хожино. Жил жилийн сонгуулиар улстөрчдийн бэлэн мөнгөний амлалт хожлоосоо алдаа дагуулж ирснийг нурших нь илүүц биз ээ. Голлох хоёр хүчин нь уралдан бэлэн мөнгө амлаж, сонгогчид нь аль их өгсөнд нь саналаа өгсөөр хэдэн ч сонгуулийг үдэв бүү мэд.

Хэн нь ардчиллын үнэт зүйлийг шингээсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэв, хөгжилд нэмэртэй ямар алхам хийв гэсэн үнэлгээ бүр хол хаягдсан. Өнөөдрийн бэлэг сэлт, маргаашийн бэлэн мөнгөний амлалт сонгуулийн гол хэмжүүр болсоор ирсэн гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. АН анх хүүхэд бүрт 10 мянга гэж амлаж байхад нийгэмд итгэж ядсан уур амьсгал анзаарагдаж байлаа. Дараа нь МАХН шинэ төрсөн хүүхэд бүрд 100 мянга, шинээр гэр бүл болсон залууст 500 мянгыг амлаж бэлэн мөнгөний амлалтыг дэврээсэн.

Хүүхэд бүрд 10 мянга гэсэн амлалт гудамжинд хаясан хүүхдээ буцааж авахад хүргэж, шинэ гэр бүлийн 500 мянга “тохиролцооны” гэр бүлүүдийг үүсгэснээс өөр нааштай үр дүн авчирсан гэж хэлэхэд хэцүү. Өнгөрсөн сонгуулийн хувьд МАХН 1.5 сая, АН нэг сая төгрөгийг иргэн бүрдээ өгнө гэж амлацгаасан. Уул уурхайн салбарт их мөнгөний чимээ сонсогдож эхэлсэн нь хоёр намыг ийм амлалт өгөхөд хүргэсэн хэрэг. Амласнаа биелүүлэх гэж өгч байгаа иргэн бүрийн 21 мянган төгрөгийн олголт энэ сард тасалдах шахсан талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Алаагүй баавгайн арьсыг арилжаалахын үлгэр болж байх шиг. Амласнаа өгөх гэж улайрсан намуудын бодлого нэг л биш ээ. Оюутнуудын сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалаа төлөхгүй, ажилгүй алхаж байгаа залуусын даатгалын төлбөр гээд хэрэгтэй гэж хэлэхэд хэцүү зүйлд зарцуулагдаж байгаа эх орны хишиг, эрдэнийн хувь иргэдийн хувьд бэлэнчлэх сэтгэлгээг нь дэвэргэсэн хэрэг болж байна гээд дүгнэчихмээр. Мэдээж баялгийнхаа хувиас иргэд хүртэх эрхтэй.

Иргэд нь баялгаасаа хүртсэн улс хөгжиж байгаа жишээ бий. Гэхдээ баялгаа ашиглахаас өмнө биш ашиглаж эхэлснийхээ дараа, уул уурхайн салбараас нь бодитой орлого ороод ирсний дараа өгөөжтэй, үр дүнтэй хуваарилалтаар хүртэж чадвал үр дүн нь гарна. Өөрөөр хэлбэл бодит утгаараа хишиг болж очно гэсэн үг.

Харин сүүлийн үеэс МАН, АН-ын зарим гишүүд бэлэн мөнгөний амлалтаас татгалзах талаар хэвлэлүүдээр байр сууриа илэрхийлж эхэлсэн. Бэлэн мөнгө биш, улсаа яаж хөгжүүлэх талаар бодлог гаргаж өрсөлдье гэх яриа шийдвэр гаргах төвшинд өрнөж эхэлсэн нь олзуурхмаар дүр зураг. Гэхдээ голлон хоёр хүчин энэ тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй байсан. Улстөрд сүүлийн өдрүүдэд болсон олзуурхмаар, анхаарал татсан үйл явдал гэвэл намуудын дарга нар нэгэн санамжид гарын үсэг зурсан явдал байлаа.

Тэд ирэх сонгуулиар бэлэн мөнгө амлахгүй гэж мэдэгдлээ. Мэдэгдлээ баримт бичгээр баталгаажуулаад авав. Ирэх сонгуулиар бэлэн мөнгө амлахгүй гэх санамж бичигт бүгд шахуу гарын үсэг зурлаа. МАН-ын дарга С.Батболд, АН-ын дарга Н.Алтанхуяг, УНН-ын дарга Б.Батболд, ҮШН-ын дарга Ц.Цолмон, МСДН-ын дарга А.Ганбаатар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, ЭОН-ын дарга Эрдэнэбат зэрэг намын дарга нар гарын үсэг зурсан нь онцлохоор үйл явдалд багтаж байна.

“Монгол Улсын үндэсний аюулгүй байддыг хангаж, хууль ёсыг дээдлэн сахиж, 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үед мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй байхаа батлан илэрхийлж байна” гэсэн гоё андгайтай. Тангарагаа зөрчвөл хүлээх хариуцлага нь тусгагдаагүй нь эргэлзээ төрүүлж байсан ч бэлэн мөнгө амлахгүй гэж намын дарга нар дуу нийлүүлсэн нь хөгжлийн төлөө хийж байгаа нааштай алхам. Тэгэхээр иргэд сонгуулийг мөнгө гэж харахаа болих нь, ирэх онд. Улстөрийн намууд нь бэлэн мөнгө биш, хөгжлийн шийдлээр уралдах нь.

Ц.Гүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих