Оюутолгойн тээвэрлэлт нутгийн иргэдийг хохироож байна

ot_16Ашигт малтмалын томоохон орд газрууд ашиглалтад орж, уул уурхайн үйлдвэрлэл эрс нэмэгдсэнээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил эрчимжиж байгаа нь сайшаалтай. Гэвч уул уурхайн хайгуул, хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлтээс үүдсэн агаар, хөрс, усны бохирдол, мал амьтад нь устаж үгүй болж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах болон бусад эрхэд халдах болсон нь харамсалтай. Үнэндээ уул уурхай эрчимжиж байгаа орон нутгуудад байгаль орчин хэрхэн сүйдэж, нутгийн иргэдийн эрх яаж зөрчигдөж байгааг бид олонтаа сонсож, ярьж, бичсээр ирсэн. Гэвч төрийн оновчтой, цэгцтэй бодлого дутагдсанаас өнөөдрийг хүртэл уул, уурхайн салбарын нөхөн сэргээлтийг тодорхой үр дүнд хүргэж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ талаар иргэд өчигдөр мэдээлэл хийв. Тодруулбал, энэ сарын есний өдөр Оюутолгой Гашуунсухайтын боомтоор буюу шороон замаар хүдэр тээвэрлэх эрхийг Засгийн газраас олгосон явдал нь иргэдийн бухимдлыг баржээ. Учир нь тус замаар өдөрт 115 тоннын даацтай 100 машин хүдэр тээвэрлэх ажлаа эхлүүлсэн аж. Үүний уршиг үхлээр эхэлсэн бөгөөд байгалийнхаа замаар явж байсан унагыг хүнд даацын машин газартай нь тэгшилсэн байна.

Угтаа бол Оюутолгой төслөөс зэсийн баяжмал экспортлох зам нь Монголд төдийгүй олон Улсад баримтлах стандартын дагуу зэсийн баяжмал тээвэрлэхэд зориулсан техникийн тусгай шаардлага хангасан, хатуу хучилттай зам байх ёстой юм. Харин энэ талаар Ханбогд сумын уугуул иргэд “Замыг шороотой нь ашиглалтад оруулж, аймшигтай дарамт учруулж байна” хэмээн бухимдлаа илэрхийлэв. Оюутолгой төслийн менежер Рио тинто компани өнгөрсөн сард зэсийн баяжмалын экспортоо эхэлнэ гэж байсан ч тус компани борлуулалтын гэрээгээ төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулаагүй хэмээн Засгийн газар экспортын нээлтэд оролцохоос татгалзсанаас албан ёсны экспорт нь хоёр ч удаа хойшлогдсон. Тэгвэл сарын өмнө ашиглалтад орох ёстой байсан зам Засгийн газрын байгууллагууд зохих зөвшөөрлийг олгоогүйгээс өдий хүртэл баригдаж дуусаагүй байгаа гэж компани тайлбарлах боловч Оюутолгойд зээл олгогч банкуудаас тавьсан ан амьтны 16 гарц байгуулах шаардлагыг хэрэгжүүлээгүйтэй холбоотой бололтой гэж байгаль орчны байгууллагууд үзэж байгаа аж. Энэ жил Оюутолгой компани, Рио тинто компани 600 мянга орчим тонн зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнээс хоёр тэрбум орчим ам.долларын орлого олох гэнэ. Байгаль орчны байгууллагууд Засгийн газарт хоёр тэрбум ам.долларын ашгийн хэд нь Монгол улсад, монгол хүнд олдоно гэж говийн эмзэгхэн байгаль, хүн амын амьжиргааг тэтгэгч бэлчээр ус, мал, ан амьтныг золиосолж байна вэ. Олж байгаа ашгаасаа нөхөн сэргээлтийн өртөг, арилшгүй хохирол үүссэний алдагдлын үнэ цэнийг хасахад бидэнд юу үлдэхийг тооцсон уу гэх шил дараалсан олон асуултын хариуг одоог болтол өгөхгүй байна гэсэн юм.

Шаардлага хангахгүй олон зам барьж үүнээс үүдэж тухайн нутаг дэвсгэр бэлчээргүй болж, агаар нь бохирдож, урдах замаа харахгүй шахам явж байгааг Ханбогд сумын малчид Оюутолгойн хяналт төрийн бус байгууллага, Монголын байгаль орчны иргэний зөвлөлд хандан эсэргүүцэж байгаагаа ч илэрхийлэв. Тэдний тавьж байгаа шаардлага нь “Юун түрүүнд замаа барьж дуусгаад тээвэрлэлтээ хий” гэж байсан юм. Зэсийн баяжуулсан хүдэр нь нүүрснээс хэд дахин хүнд учир техникийн шаардлага хангасан хатуу хучилттай замаар экспортын тээвэрлэлт хийхийг нутгийн иргэд, байгаль орчны байгууллагууд шаардаж, шороон замаар тээвэрлэлт хийлгэхгүй гэдгээ мэдүүлсэн юм. Иймд Оюутолгой төслийн зэсийн баяжуулсан хүдрийг шороон замаар тээвэрлэхээ зогсоохгүй бол асаалттай танк шиг нутгийн ард иргэд эсэргүүцэхэд бэлэн байгааг дуулгав.

“Нийгмийн толь” сонин


URL:

Сэтгэгдэл бичих