Турахад тустай хамгийн бодит зөвлөгөө
Туранхай гоолиг байх гэдэг бол хүүхнүүдийн мөнхийн мөрөөдөл. Хүүхнүүдийн энэ хүслийг дагуулж тураана гэсэн элдэв бэлдмэлийн зар сурталчилгаа толгой эргэм цацагддаг. Харамсалтай нь тэдгээр тураах бэлдмэлүүдээс хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй нь ховор.
Зориудын эм бэлдмэл буюу хор ууж турахаас илүүтэй хөдөлгөөнтэй байж, хоолны дэглэмийг сахиж илүүдэл жингээсээ салахыг мэргэжлийн эмч зөвлөдөг. Зарим зөвлөгөөнөөс уншигч бүсгүйчүүдтэйгээ хуваалцъя.
Шууд хоолоо сойж жингээ хасах нь богино хугацаанд турах магадлалтай ч тэр чинээгээр эргээд жин нэмдэг. Харин идэж байгаа хоолныхоо бүтцэд хяналт тавьж чадвал үр дүн нь гайхамшигтай байх болно. Та дараах арван аргыг хэрэглээд үр дүнг нь үзээрэй.
1. Хоолны дэглэмийг тогтмол барь. Өглөөний юм уу, эсвэл оройн хоолыг идэлгүй өнгөрөөх нь жингээ хасахад тустай гэж хүүхнүүд ихэвчлэн боддог. Өглөөний цайндаа 500 калори илчлэг хүнс хэрэглэдэг гэвэл долоо хоног өглөөний цайнаас татгалзсанаар та нийтдээ 3500 калори илчлэгээс татгалзсанаар 500 гр жин хасах боломжтой. Гэтэл өглөөний цайнаас татгалзах нь өдрийн хоолондоо илүү их илчлэгтэй хоол идэх дур хүслийг төрүүлдэг гэдгийг сүүлийн үед мэргэжилтнүүд тогтоогоод байна. АНУ-ын Колорадогийн их сургуулийн судлаач Жеймс Хиллийн хийсэн туршилтаар өглөөний цайгаа тогтмол уудаг хүн өглөөний цайнаас татгалздаг хүнтэй харьцуулахад өдрийн хоолондоо өөх тослог багатай, нүүрстөрөгч ихтэй хоол хэрэглэдэг байна.
Үүнээс үүдэн өглөөний цайгаа тогтмол уух нь өөх тослог ихтэй хоол идэх дуршлыг бууруулдаг гэсэн дүгнэлтийг судлаач хийжээ. АНУ-ын өөр нэг эрдэмтэн Жорж Вашингтоны их сургуулийн доктор Узин Каллауэй-н хэлж байгаагаар аль нэг хоолыг идэхгүй өнгөрөөснөөр биеийн бодисын солилцоог бууруулдаг байна. Ингэснээр хоол шингээлт удааширдаг аж.
Ердийн хоолны дэглэмийн үед таны бие өдөрт 1600 калори хоолыг шингээж задалж чаддаг бол дэглэм алдагдсанаар 80 калори бага илчлэгийг шатаадаг ажээ. Харин өглөөний цайгаа бүтэн ууснаар та энэ 80 калорийг бүрэн шатаах юм. Ингэснээр 15 сарын дараа нийтдээ 35 мянган калори буюу таван килограмм жин хасах юм.
2. Долоо хоногт хоёр удаа цагаан хоол ид. АНУ-ын Калифорни мужийн Эрүүл ахуйн хүрээлэнгийн доктор Дин Орнишийн “хоолны дэглэмээ өөрчилснөөр судасны хананд өөхөн давхарга үүсэхийг зогсоож, улмаар атеросклероз өвчнөөс сэргийлнэ” гэсэн таамаг олон хүний анхаарлыг татаад байна. Түүнээс гадна Орниш өөрсдийн зүрх судасны өвчтэй үйлчлүүлэгдэдээ илчлэг багатай цагаан хоолны дэглэм бариулснаар тэдний бүсэлхийн тойрог нарийсч байгааг ажигласан байна.
Түүний ажиглалтаар цагаан хоолны дэглэм барьж байгаа хүмүүс нэг жилийн хугацаанд дунджаар 10 кг жин хасч байжээ. Гэхдээ энэ хүмүүс зөвхөн цагаан хоолны дэглэм барьсан болохоос биш, бусад хоол хүнсээ хангалттай хэмжээгээр идэж ууж байжээ. Доктор Орнишийн хамтрагч доктор Ли Липсенталийн ярьснаар “Амтат зөөлөн талх, нэг порц цэцэгт байцаа хоёрын илчлэг бараг ижил. Талх идээд та цадахгүй, харин цэцэгт байцаа идвэл та өлсгөлөнгөө дарж чадах болно” гэжээ. Жингээ хасахын тулд махан хоолноос шууд татгалзах шаардлагагүй. Эхэндээ долоо хоногт хоёр удаа мах, гоймонгийн оронд ногоо ид. Мөөг, хаш, чинжүү ч юм уу. Мөн хиам зайдасны оронд цагаан будааг ногоотой хольж ид. Долоо хоногийн хоёр өдөр махан хоолноос татгалзсанаар долоо хоногт ердийнхөөс 550 калори бага илчлэг авч улмаар жил дөрвөн сарын дараа таван кг хаях болно.
3. “Нэг нэг” гэдэг зарчмыг баримтал. Зарим хүн турах гэж байна гээд бага илчлэг бүхий хоол хүнсийг их хэмжээгээр хэрэглэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ илчлэг багатай гээд бид баахан илчлэгтэй хоол идчихдэг байна. Тиймээс та зүсэм бялууны оронд арай илчлэг багатай хүнс идье гэж бодож байвал нэг л ширхгийг идэж чадвал нэг жилийн дараа та таван кг жин хасна.
4. Хоолны дэглэмээ өөрчлөхдөө илчлэгийг хэт бууруулж болохгүй. Ингэснээр та улам илүү өлсч, биеийн бодисын солилцоо буурна. Биед шаардлагатай илчлэгийг авч чадаж байгаа эсэхээ яаж мэдэх вэ? Доктор Каллауэй дараах томъёог санал болгож байна. Хэрвээ та эрэгтэй хүн бол биеийн өндрөө эхлээд 2,54-ээр, дараа нь 12,7-гоор үржүүл. Биеийн жингээ эхлээд 0,45-аар, дараа нь 6,3-аар үржүүлээд гарсан хоёр тоог хооронд нэмээд гарсан хариун дээр 66-г нэм. Дараа нь өөрийн насаа 6,8-аар үржүүлээд өмнөх үйлдлийн хариугаас хас. Харин эмэгтэй бол өндрөө эхлээд 2,54-өөр, дараа нь 4,7-гоор үржүүл. Дараа нь биеийн жингээ эхлээд 0,45-аар, дараа нь 4,3-аар үржүүл. Энэ хоёр үржвэрийг хооронд нэмээд, дахин 655-ыг нэм. Дараа нь насаа 4,7-гоор үржүүлээд гарсан хариуг түрүүчийн хариугаас хас. Хэрвээ таны хэргэлэж байгаа хүнсний илчлэг гарсан хариунаас бага бол та шаардлагатай илчлэгийг авч чадахгүй байна гэсэн үг. Харин гарсан харитай тохирох хэмжээний илчлэгийг авч чадвал жилийн дараа таван кг-аар турах болно.
5. Босон суун идэхээс зайлсхий. Өглөө та цайгаа уугаад гарсан ч өдрийн хоолноос өмнө хоёр ширхэг гурилан боов идчихэд яав л гэж бодно. Эсвэл оройн хоолны өмнө хэдэн ширхэг жигнэмэг иднэ. Энэ маягаар долоо хоноход л та илүү 700 калори илүү илчлэг авч жилдээ таван кг-аар жингээ нэмнэ гэсэн үг. Хоолны хооронд идээд сурчихсан шууд татгалзахад хэцүү байгаа бол үрсэн лууван мэтийн илчлэг багатай зүйл ид.
6. Чөлөөт цагаараа найзуудтай хөлсөө гартал бүжиглэ. Бүжиглэх үед биед хуримтлагдсан өөх тос хамгийн хурдан “шатдаг” байна. Долоо хоногт ядаж нэг удаа хоёр цаг бүжиглэдэг бол жил хагасын дараа таван кг турна. Хэрвээ ламбада, твист бүжиглэдэг бол ердөө жил хүрэхгүй буюу 11 сарын дотор л таван кг-аар жингээ хасч чадна.
7. Хоолныхоо хачирт онцгой анхаарал хандуул. Махаа майонезаар биш гичээр, салатаа зүгээр ургамлын тосоор амтал. Майонезийг гичээр сольсноор өдөр бүр илчлэг 85 калориар буурч 14 сарын дараа та таван кг хасна.
8. Хоолоо удаан тайван ид. Хүн хурдан идэх тусам их иддэг байна. Ходоод хоол хүлээж аваад хорин минутийн дараа л тархинд цадлаа гэсэн дохио өгдөг аж. Хоолоо хурдан иддэг, удаан иддэг хэсэг хүмүүсийг хоёр хэсэг болгон туршилт явуулж үзэхэд 7 сарын дараа удаан иддэг хүмүүс нь хурдан иддэгээсээ илүүтэй жин хассан байжээ. Удаан идсэнээр та дөрвөн хэрчим пиццаны оронд хоёрыг идээд цадсан мэдрэмж төрөх болно. Ингэснээр 3-5 сарын хугацаанд таван кг-аар турна.
9. Идэж байгаа хоолныхоо хэмжээг хяна. Маш олон хүний турах оролдлого их идэж байснаас шалтгаалан амжилтгүй төгсдөг. Идэж байгаа хоол хүнснийхээ илчлэг чанарыг мэдэж бай. Болж өгвөл бичээд оройдоо түүнийгээ харж хэчнээн хэмжээний илчлэг авсанаа тодорхойл. Ихэнх хүмүүс авч байгаа илчлэгээсээ бага илчлэгтэй хоол хүнс хэрэглэсэн гэж итгэдэг. Гэвч яг нарийн тооцоод үзэхэд дор хаяж 150-200 калори илчлэг илүү хэрэглэсэн болж таардаг. Тиймээс та өөрийн хэрэглэж байгаа хүнснийхээс илчлэгийг хянаж чадсанаар өдөртөө 100-150 калорийг багасгаад байвал хагас жилийн дараа таван кг-ыг хаях болно.
10. Орой 21 цагаас хойш болон шөнө хоол идэхийг бүрмөсөн хоригло. Илүүдэл жинтэй ихэнх хүн оройн хоолны дараа гол төлөв юм идээд заншчихсан хүмүүс байдаг. Оройн хоолоо идсэний дараа ажил дээрээ ч юм уу, эсвэл гэртээ ажиллаад, эсвэл хүүхдүүдтэй зууралдаад ядарчихсан хүн алдсан энергиэ нөхөхийн тулд бага зэрэг идээд авахад яахав гэж боддог байна. Гэтэл үнэндээ энэ бодол маш ташаа байдаг байна. Оройн хоолны дараа унтахын өмнө юм идмээр санагдаад байвал аль болох гал тогооноос хол байх хэрэгтэй. Унтахынхаа өмнө гадуур салхинд алхдаг ч юм уу. Юм идмээр санагдаад бүүр болохгүй бол илчлэг багатай жимс ногоо идээрэй. Ингэснээр та жилийн дараа таван кг жин хасна.
Дээр өгүүлсэн эдгээр арга нэг л нөхцөлд үр дүнтэй байна гэдгийг санаарай. Зөвлөгөөг ягштал биелүүлсэн тохиолдолд шүү. Жингээ хасах хамгийн гол зүйл бол таныг илүүдэл жинд хүргэсэн элдэв зуршлаас татгалзах явдал гэдгийг сайн санаарай.
URL: