Чи ОК, би ОК, бүтээмж ОК
Сэтгүүлч миний бие 2010 онд Эрдэнэт үйлдэрийн Баяжуулах фабрикийн Бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч нараас “Бүтээмж гэж юу вэ” хэмээн асуухад нэг нь “Чи ОК, би ОК, бүтээмж ОК” гэж товч тодорхой хариулсан нь одоо ч санаанд байдаг юм. Тийм ээ, бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлж 20-хон жилийн дотор хөгжиж ОК болсон улс бол Сингапур улс.
Монгол улс 2010 оноос улс орныхоо хөгжлийг олон улсын аргачлалын дагуу харьцуулж болохуйц 14 оронтой нийт 300 гаруй шалгуур үзүүлэлт ашиглан “Өрсөлдөх чадварын тайлан” гаргадаг болсон. 2012 оны тайлангаар ерөнхий бүтээмжийн өсөлт 16,9%, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт /худалдан авах чадвараар/ 20% байгаа нь нэгдүгээр байрт жагсаж байгаа ч “Өрсөлдөх чадвар” гэсэн үндсэн үзүүлэлтээрээ сүүлийн байрт орж байна.
Харин Сингапур улс өрсөлдөх чадвараараа сүүлийн жилүүдэд тасралтгүй тэргүүлж ирсэн. Ийнхүү хүн ам дийлэнх нь бичиг үсэггүй, загасчдын арал байсан энэ улс 20 гаруйхан жилийн дотор эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлэх болсон байхад 20 гаруй жилийн тэртээгээс эдийн засгийн шинэчлэл, өөрчлөлт хийж эхэлсэн Монгол орны хувьд 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч дэлхийд тэргүүлэх болсон ч гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарсаар байна. Мөн ДНБ-ий бодит өсөлт 15.3% байгаа нь харьцангуй өндөр өсөлт боловч энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй Катар улсаас 28 дахин бага байгаа юм.
Тэгвэл Сингапурын хөгжлийн түлхүүр нь юу байв?
Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Гуан Яао 1982 оноос улс орон даяараа бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлж “Бүтээмжийн үзэл баримтлал нь манай ард түмний соёлын нэг хэсэг байх ёстой бөгөөд бид Япончууд, Солонгосчуудын дундаж түвшинд хүрэхэд 15-20 жил л болно” гэж хэлж байжээ. Ли Гуан сайд 80-аад оны үед Японд айлчлах үеэрээ тус улсын хөгжлийн гол түлхүүр нь хүн ба тэдэнд тулгуурласан хөгжлийг удирдах олон арга хэрэгсэл байдгийг таниж, улс орноо төгс төгөлдөр, өндөр хөгжилд хүргэхийн төлөө ард түмнээ уриалан хөдөлгөөнийг төрийн бодлогоор, системтэйгээр өрнүүлсэн нь 150 гаруй жил Их Британийн колони байсан байгалийн баялаг, газар нутаггүй шахам буурай орныг өнөөгийн Азийн бар, дэлхийн хөгжингүй орны нэг болгосон байна.
Тэгвэл Монгол улс ингэж хөгжих боломж байсан уу?
Манай улс ч гэсэн зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн 1990-ээд оны эхнээс бүтээмжийн асуудалд ач холбогдол өгч 1993 онд Азийн бүтээмжийн төвийн гишүүнээр элсэн орж ялангуяа “5С”–г хэрэгжүүлэх чиглэлээр багагүй ажлыг зохион байгуулсан байдаг. Тэр бүү хэл, 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди “Бүтээмжийн хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх”-ийг зарлигдан “Бүтээмжийн шагнал”-ыг бий болгосон.Гэтэл Сингапур улс 20 жилийн дотор хөгжиж чадсан байхад Монгол улсын ерөнхийлөгч нь зарлиг гаргаад 15 жил өнгөрсөн байхад бид бүтээмжээ дээшлүүлэх, бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх тухай ярьсаар л…
Үүний шалтгаан юу байв?
Бүтээмжийн хөдөлгөөнийг бодитой өрнүүлж чадаагүй шалтгаан нь
- бүтээмж, бүтээмжийн хөдөлгөөний тухай олон нийтийн болон удирдлагын бүхий л түвшний ойлголт дутмаг,
- бүтээмж нь зөвхөн үйлдвэрийн газрын асуудал мэтээр ойлгож ирсэн,
- “Бүтээмжийн төв” нь үйл ажиллагааны зардлаа олох нэрийдлээр гишүүн байгууллагаасаа өндөр татвар авч төлбөртэй үйлчилдэг,
- бүтээмжийн арга хэрэгслүүдийг зэрэг ашиглаагүй “эхлээд 5С-ийг нь” гэсэн өрөөсгөл байдлаар хандаж ирсэн,
- Засгийн газар, дээд удирдлагын түвшинд манлайлж, бодлогоор дэмжиж чадаагүй,
- бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх нь зөвхөн ажил олгогчийн эсвэл, зөвхөн ажилтнуудын ажил мэт өөрөөр хэлбэл, нийгмийн түншлэлийн гурван тал, нийгэм эдийн засгийн бүхий л салбарт авч үзээгүй зэргийг хамааруулж болох юм.
Харин Шинэчлэлийн Засгийн газар Хөдөлмөрийн яамыг бие даалган байгуулж аймаг орон нутагт бүтээмж хариуцсан мэргэжилтэнтэй болсон, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор “Үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх ажлын удирдамж”-ийг баталж эзэд, ҮЭ-ийн байгууллагатай хамтран ажиллах болсноор бүтээмжийн хөдөлгөөнийг улс орон даяар бодитой өрнүүлэх таатай нөхцөл бүрдээд байна.
Гэхдээ бүтээмжийн хөдөлгөөнийг бодитой өрнүүлэхэд чөдөр, тушаа болж ирсэн дээр дурдсан шалтгааныг шийдвэрлэх хэрэгтэй. Үүнд тус болох дараахь саналуудыг нэмэрлэж байна.
Бүтээмж, бүтээмжийн хөдөлгөөнийг хэрхэн ойлгох вэ
Бүтээмж гэхээр юуны өмнө илүү үр ашигтай, хурдан, шуурхай, чанартай гэх мэт үр дүнгийн тухай ойлголт бууна.Өөрөөр хэлбэл, бүтээмж бол абсолют утгаараа орцыг гарцад харьцуулсан ойлголт, нэгж хугацаанд, нэг машины гэх мэт хүчин чадлын хэмжүүр юм.
Харин бүтээмжийн хөдөлгөөн бол сайн үр дүнд хүрэхэд ажиллагчдыг байнга идэвхижүүлэх, тэдний бүтээлч чанарыг тасралтгүй хөгжүүлэх үйл ажиллагаа, үйл явцын тухай ойлголт юм. Тийм ч учраас орчин үед бүтээмжийн тухай ойлголтыг зөвхөн үйлдвэрлэл, техник талаас нь биш хүний хүчин зүйлтэй нь хамт авч үзэх болсон. Бүтээмж бол өнөөдрөөсөө илүү сайныг маргааш бүтээх, байнга өөрчлөгдөж сайжирч байх тухай асуудлыг багтаадаг болсон.
Бүтээмжийн тухай асуудал нь зөвхөн үйлдвэрийн газар хамаатай биш
Бүтээмжийн тухай асуудал зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл биш хүний оюун санаа, хандлагын тухай асуудал учраас багш, эмч, төрийн албан хаагч гээд хэн бүхэнд хамаатай. Нөгөө талаас, бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлснээр тухайн ажилтны ажлын байрны эмх цэгц, аюулгүй ажиллагаа сайжирдаг учир энэ нь хөдөлмөр эрхэлж буй хэн бүхэнд хамаатай асуудал. Тэр бүү хэл, өрх гэр, хороо, захиргаа, гудамж талбай гээд улс орны хаана ч хэрэгтэй амин чухал асуудал юм. Сургуулийн хүүхдүүд хүртэл бүтээмжийн хөдөлгөөний арга 5С-ийг хэрэгжүүлж болно. Жишээ нь, Номуун дунд сургуулийн 2А ангийнхан “Миний цүнх цэвэр бол надад сайхан” гэсэн 5С-ийн хөдөлгөөн өрнүүлснээр хүүхэд бүрийн цүнх эмх цэгцтэй болж чадсан сайн туршлага бий. Ажил дээрээ 5С хэрэгжүүлж сурсан хүмүүс адаглаад өөрсдийнхөө халаасанд 5С-ийг хэвшүүлдэг. Түлхүүр, карт, утсаа хайж халаасаа ухдаг хүмүүс олон байдаг шүү дээ.
Бүтээмжийн төвүүдийг газар сайгүй байгуулах хэрэгтэй
Бүтээмжийн хөдөлгөөнийг орон даяараа салбар бүрт хэрэгжүүлснээр улс орноо цөөхөн жилийн дотор хөгжүүлснийг Сингапурын туршлага харуулж байна. Тийм ч учраас бүтээмжийн төвүүдийг салбар, орон нутаг бүрт олноор нь байгуулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх, байгууллага, нэгжүүд дээр бүтээмжийн менежер, бүтээмжийн сургагч багш бэлтгэх ажлыг бага төлбөртэй зохион байгуулах хэрэгтэй байна. Одоо бүтээмжийн төвд нэг хүн сургахад 300-400 мянган төгрөг, гишүүншлэлийн татвар нь 2.0 сая төгрөг байгаа нь жижиг аж ахуйн нэгжүүдэд хүнд тусч байна.
Бүтээмжийн хөдөлгөөний үндсэн 3 аргыг зэрэг хэрэглэх
Япон улс бүтээмжийн хөдөлгөөнийг амжилттай өрнүүлсэн туршлага нь бүтээмжийн үндсэн гурван аргыг зэрэг хэрэгжүүлснээс гадна үндсэн гурван зарчмыг баримталсан байдаг. Бүтээмжийн гурван арга нь
1. 5С буюу ажлын байран дээрх эмх цэгц, сахилга батыг хэвшүүлэх.
Ингэхдээ сайн ангилж ялгах, сайн эмхэлж цэгцлэх, сайн цэвэрлэх, сайн хэвшүүлэх, сахилга баттай байх гэсэн таван алхамаар ажлын байр, амьдрах орчныхоо эмх цэгц, цэвэр цэмцгэр байдлыг хэвшүүлсэн байдаг.
5С –ийн өмнө 5С-ийн дараа
2. Сайн саналын систем.
Энэ нь зохион байгуулалттайгаар ажилтан, ажиллагчдаасаа ажлаа сайжруулах, эвдэрч хэмхэрсэнээ засаж янзлахаас эхлээд сайн саналуудыг авч урамшуулах, түүнийг нь ажилдаа хэрэгжүүлэх арга юм. “Өөрчлөлтийн менежмент” хөтөлбөрийн хүрээнд бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлсэн Багануурын уурхайн ажилтнууд нэг улиралд нийт 137 санал гаргаж 96-г нь үйлдвэрлэлд нэвтрүүлж үүнд 721,1 мянган төгрөг зарцуулж 10,1 сая төгрөгийн хэмнэлт гаргасан байдаг.
3. Бүтээмж чанарын дугуйлан.
Энэ нь байгууллагын ажилтан, ажиллагчид 6-10 аараа баг буюу дугуйлан болон өөрсдийн үйл ажиллагааг сайжруулах, ажлаа хөнгөвчлөх, хэмнэлт гаргах, зардлаа хэмнэх зэрэг чиглэлээр санал гаргаж түүнээсээ хамгийн үр ашигтайг нь төсөл болгон бичиж үр ашгийн тооцоог нь хийн удирдлагадаа хамгаалан хэрэгжүүлдэг арга юм. Дугуйлангууд сард заавал нэгээс доошгүй удаа хуралдана, улиралд заавал нэг төсөл хамгаална гэх мэт байгууллагууд журмаа гаргаж болно. Төсөл боловсруулах, хамгаалахад дугуйлангийн гишүүн бүрийн оролцоог хангадаг. Байгууллагын удирдлага ч төсөл хамгаалах үеэр багийн аль ч гишүүнээс асуулт асууж болно. Ийнхүү оролцоог хангаснаар ажиллагчид удирдлагын хооронд амьд харилцаа үүсч даргынхаа өөдөөс юм ярьж чаддаггүй ажилчдын “нүүр хагардаг”. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Шүүн хатаах хэсгийн цахилгааны засварчдын нэг төслийн ажил гэхэд гадаадаас 7 сая гаруй төгрөгөөр авдаг тоос сорогчийг зөвхөн моторыг нь сая гаруй төгрөгөөр авч будагны лааз, жинсэн өмдний даавуу зэргийг ашиглан том тоос сорогч хийсэн байх жишээтэй. Баяжуулах фабрик 70 дугуйлантай, улиралд 70 төсөл, жилд доод тал нь 280 төсөл бичнэ, хамгаална, хэрэгжүүлнэ. Ингээд бодохоор хүн хөгжихгүй, байгууллагын үйл ажиллагаа сайжрахгүй байхын аргагүй юм. Гэхдээ үүнд тухайн байгууллагын бүтээмжийн менежер, тэдний идэвхитэй үйл ажиллагаа хамгийн чухал.
Засгийн газар бүтээмжийн хөдөлгөөнийг манлайлж дэмжих боломж бүрдсэн
Бүтээмжийн хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэх удирдамж гарсан ч хэрхэн яаж, хэрэгжүүлэх арга зүй учир дутагдалтай байсаар байна. Гэхдээ Засгийн газраас ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй найман төсөл хөтөлбөрөөс дэмжлэг, тусламж авч буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд бүтээмжийн хөдөлгөөний талаар ухуулан таниулж 5С-ийг хэрэгжүүлэх, байгууллагууд ХАБЭА-г сайжуулах, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэх арга нь бүтээмжийн хөдөлгөөн гэдгийг ухуулан тэднийг бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэхэд нөлөөлж ажиллах боломж дүүрэг, орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд бүрдээд байна. Тухайлбал, Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтэс “Орон нутагт бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх” дэд хөтөлбөр боловсруулан сумдын Засаг дарга нартаа өгчээ. Хэлтсийн мэргэжилтэн бүр бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх “нөлөөлөгч” болох зорилт тавьсан байна. Мөн тус аймгийн Нийгмийн халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд эрүүл мэнд, боловсролын байгууллагуудад бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх ажлыг зохион байгуулахад нөлөөлөх боломжтойг ч илэрхийлж байсан. Ийнхүү Засгийн газар бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэхэд манлайлах, дэмжих, нөлөөлөх бүрэн боломж бүрдээд байна.
Түншлэлгүйгээр бүтээмж дээшлэхгүй
Бүтээмжээ дээшлүүлэх нь ажил олгогчдод мэдээж хамгийн чухал асуудал. Харин яаж ямар аргаар гэдэг нь тэдэнд ойлгомжгүй, тэд өөрсдөө сонирхдоггүй учир хэрэгжүүлэх талаар алхам хийхгүй байсаар байна. Магадгүй бүтээмж дээшлүүлэх ажил нь зардал, цаг барсан ажил мэт ойлгодог байдал ч байна.
Харин ажиллагчдын хувьд бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлж байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлснээр тэдний орлого нэмэгдэх нөхцөл бүрднэ. Мөн тэдний ажлын байр сайжирч, аюулгүй ажиллах нөхцөл бүрднэ. Иймд бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх нь ажиллагчид, ажил олгогч, Засгийн газар аль алинд нь хэрэгтэй. Гагцхүү бүтээмжийн хөдөлгөөний үндсэн гурван зарчмыг хатуу баримталж ирсэн Японы туршлагыг хэрэгжүүлэх нь чухал. Энэ нь
- Бүтээмж дээшлүүлснээр ажлын байрыг цомхотгохгүй байх,
- Удирдлага, ажиллагчдын үр дүнтэй харилцаанд суурилах,
- Бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлснээс олсон ашгаас ажиллагчиддаа хуваарилах явдал юм.
Ингэсэн цагт “Чи ОК, би ОК, бүтээмж ОК” болох болно.
URL: