Панамд Хойд Солонгосын хөлөг онгоцыг саатуулжээ
Панамд гаалийн мэдүүлэгт бичигдээгүй зэвсэг ачсан Хойд Солонгосын усан онгоцыг саатуулжээ.
Уг хөлөг Кубээс гарч Панамын сувгаар дайран өнгөрөх гэж байсан аж.
Энэ тухай тус улсын ерөнхийлөгч Рикардо Мартинеллигийн ярьснаар BBC News мэдээллээ.
Хөлгийг Карибын тэнгисээс суваг руу ирэх үед саатуулж, багийн гишүүдийг баривчилжээ. Панамын эрх баригчид хөлгийн тээвэрлэж явсан ачаа нь пуужингийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж гэж таамаглаж байна.
Хойд Солонгосын усан онгоцыг хар тамхи тээвэрлэн явж байж магадгүй хэмээн шалгах явцад чихрийн ургамал ачсан чингэлгээс зэвсгийн чанартай зүйл илэрчээ.
Энэ үеэр хөлгийн ахмад амиа хорлох оролдлого хийж, багийн бусад гишүүд хууль сахиулагчдад эсэргүүцэл үзүүлсэн гэж ерөнхийлөгч Мартинелли хэлсэн байна.
НҮБ-ын тавьсан хоригоор БНАСАУ-д зэвсэглэлийн чанартай аливаа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглосон. Коммунист засаглалтай Куба энэ улсыг дэмжиж байгаа цөөхөн улсуудын нэг.
Б.Мишээл
URL: