Хоёр сая мал вакцинжуулав
Шүлхий өвчний А төрөлд зориулагдсан вакцин тус аймгийн төвд хүргэгдэн, сум бүрт тараагдаад малыг вакцинжуулж эхэллээ. Уржигдар эхэлсэн энэ арга хэмжээнд өчигдрийн байдлаар нийт малын 10 гаруй хувь нь хамрагдсан тухай онцгой комиссын шуурхай ажлын хэсгээс мэдэгдээд, вакцинжуулалтанд хамрагдвал зохих малаа тогтоосон цэгүүдэд цагт нь хүргэх, хорио цээрийн дэгийг хатуу чанд сахихыг нийтэд анхаарууллаа.
Уг өвчний голомт Сагсай сумын Холагачт анх илрээд, Сагсай, Улаанхус сумын малчдын 1075 толгой малд энэ аюултай өвчин халдаж, хорь орчим нь хорогдсон бөгөөд халдвар авсан малыг устгахаар болсон. Сагсай, Улаанхус болон эл хоёр сумтай айл зэргэлдээ Алтай, Буянт, Цэнгэл сумын нутагт хорио цээрийн журам тогтсоор байна. Тухайлбал хүндэтгэх шалтгаангүйгээр болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хүмүүс ийш тийш зорчих, хурим найр хийх зэргээр хүмүүсийг олноор цуглуулахыг хязгаарласан. Дээрх сумд болон аймгийн төв рүү орж гарах зургаан чиглэлийн зам дээр байнгын пост өдөр шөнөгүй ажиллаж, зорчигчид, тэдний унаа хөсөгт ариутгал хийж байна. Хорио цээрийн журам зөрчсөн Улаанхус, Цэнгэл сумдын Засаг дарга, Бугат сумын малын эмчид зохих хариуцлага хүлээлгэхээр боллоо гэж аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан мэдээллээ.
Баян-Өлгий Ш.Айбек
montsame
URL: