Он гарсаар 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 27 удаа болжээ
Аюулт үзэгдэл, осол энэ оны эхний хагас жилд 2587 удаа гарсны улмаас 79 хүн амь насаа алдаж, 232.1 мян.толгой мал, амьтан хорогджээ.
Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 265-аар нэмэгдэж, хорогдсон, устгасан мал, тэжээвэр амьтдын тоо эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 224.8 мян.толгойгоор их байсан байна.Энэ хугацаанд объектын түймэр 2282 удаа, ой, хээрийн түймэр 124 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 44 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол 29 удаа, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 27 удаа, хүчтэй салхи шуурга 23 удаа, аадар бороо, үерийн аюулт үзэгдэл 12 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 11 удаа, бичил уурхайн нурангины осол, үхрийн хорт салст халуурал өвчин, сум галт хэрэгслийн осол тус бүр 7 удаа, аянгын аюулт үзэгдэл, тэсэрч дэлбэрэх бодисын осол тус бүр 3 удаа, малын халдварт боом өвчин, үйлдвэрлэлийн осол тус бүр 2 удаа, зуд, малын халдварт маеди весна өвчин, малын гоц халдварт цэцэг өвчин, хоолны хордлого тус бүр нэг удаа бүртгэгджээ. Объектын түймэрт 6.8 тэрбум, ой, хээрийн түймэрт 3.0 тэрбум, хүчтэй салхи шуурганд 609.5 сая, мал, амьтны халдварт галзуу өвчинд 13.6 сая, малын халдварт боом, үхрийн хорт салт халуурал өвчин, тэсэрч дэлбэрэх бодисын осол, үйлдвэрлэлийн ослоор нийтдээ 8.6 сая төгрөгийн хохирол иргэн болон байгууллагад учирсан байна. Объектын түймрээр 38 хүн, гол нуурын усанд унасан ослоор 30 хүн, бичил уурхайн нурангины ослоор 6 хүн, ой, хээрийн түймрээр 2 хүн, аадар бороо үерийн аюулт үзэгдэл, хүчтэй салхи шуурга, үйлдвэрлэлийн ослоор тус бүр нэг хүн амь насаа алджээ.
Б.Туул
/Монцамэ Агентлаг/
URL: