Чимээгүй “алуурчид” буюу цахимаар дарамтлагсад

Хэдэн сарын өмнө олон нийтийн сүлжээгээр буюу фэйсбүүк хуудсаар  сураггүй алга болсон хэмээн нэг охины зураг цацагдаж, олтол нь хуваалцая гэж хэсэгтээ л шуугисан. Гэтэл үнэндээ энэ охин алга болоогүй бөгөөд өөрт нь дургүй хэн нэгний хийсэн ажил болох нь тогтоогдсон юм.

Түүнчлэн тамхи татаж байгаа зургийг нь дараад мөнгө нэхсэн гэх мэт олон нийтийн сүлжээгээр хэн нэгний зураг тавьж дарамталж, цахим сүлжээнд тавина хэмээн  мөнгө нэхэх зэрэг олон хэрэг ар араасаа цуварсаар байна. Техник технологийн хөгжлийг үгүйсгэж болохгүй ч үүнийг буруугаар ашиглах хүмүүс их байгаа гэдгийг энэ бүхэн харуулж байгаа хэрэг. Үүнээс болж гишгэх газаргүй болж амиа хорлох, амьдралаараа тоглуулж байгаа хүмүүс нэлээд байна.  Үүний хамгийн тод жишээ нь хэсэг найзууд “Шарталт” киноны хэсгийг дууриаж зураг даран бяцхан хөгжилдсөн тохиолдол. Гэтэл тухайн үед авахуулсан зурагтай диск нь алдагдаж, олон нийтийн сүлжээгээр тарсан байна. Хүүхдээ ийм зүйл хийж зураг авахуулж яваа гэдгийг харсан нэг охины аавын даралт ихэсч, бусад хүмүүс нь ажлаасаа халагдах дээрээ тулжээ. Аргаа барсан тэд тухайн зураг гаргасан сайт дээр очиж учир байдлаа хэлэн залруулга гаргаж өгөхийг гуйжээ. Ардчилсан чөлөөт улс учир хэн,  хаана,  юугаа хийж байх нь хэнд ч хамаагүй боловч олон нийтийн сүлжээгээр хүний нууцыг цацах нь ардчилал гэх үгтэй  хэр нийцэж байгаа бол. Энэ мэт хэргээс болж  хэдэн хүн эрүүл мэндээрээ хохирч, амьдралаа алдсан гэдгийг мэдэхгүй.

Гэтэл үүний ард тэрхүү зургийг задруулж,  олон нийтэд тараасан этгээд хээв нэг гудамжаар инээд алдан бахаа хангаад явж байгаа. Тэр хүнд хэн ч хариуцлага хүлээлгэхгүй. Хэн хийсэн гэдгийг нь ч мэдэхгүй. Үүнийг хэрэг болгон эрүү үүсгэн шалгавал олдох байх. Гэхдээ түүнд ногдуулах шийтгэл нь амьдралаараа тоглуулсан хүнийг амьдралыг буцааж, эрүүл мэндээрээ хохирсон нэгнийг буцаан хэвэнд нь  оруулж чадахгүй.  Олон нийтийн сүлжээ ашиглан хүний аминд хүрсэн тохиолдол нэлээд бий. Тодруулбал, ийм байдалд орж  амиа хорлосон хүн хэд байгаа бол. Миний мэдэхээр “Энэ охин фэйсбүүкээр тарсан зурагнаасаа болж нас барсан” гэх зургийг хэдэн сарын өмнө  харж байсан. Түүний хувьд эхээс төрсөн биеэрээ авахуулсан зураг нь олон нийтийн сүлжээгээр тарсан нь амиа хорлох шалтгаан болсон гэнэ лээ. Үнэхээр харамсалтай. Түүнчлэн хоёр жилийн өмнө “Герман улс руу царайлаг охидыг ажилд зуучилж өгнө” гэх зар тарж, зарын дагуу нэг охин очжээ. Гэтэл охиныг очмогц хэдэн залуучууд доромжилж,  нэг нь бэлгийн харьцаанд орсон байна. Тэр үед бусад нь бичлэг хийжээ. Дараа нь охиныг утсаар дарамталж байнга дуудах болсон байна. Тэд бичлэгийг нь олон нийтийн сүлжээгээр тараана. Би ганцаараа байна, хоёулаа байна, яг одоо ир гэхчлэн дууддаг байжээ.

Тэрбээр аргаа баран цагдаад мэдэгдэж дээрх байдлаас гарчээ. Энэ зөвхөн Монголд болоод байгаа зүйл биш. Дэлхийн өнцөг булан бүрт ийм зүйл тохиолдож байна. Энэ байдал хэрээс хэтэрсэн учраас зарим улс орон интернет ашиглахыг хязгаарлаж байна. Энэ нь ч зөв байх.

Мөн олон нийтийн сүлжээг ашиглан цахим дэлгүүр хөгжиж, үүний хажуугаар залилан хийх иргэд нэмэгдсээр байна. Өнгөрсөн долоо хоногт www.email.mn, www.mglshop.mn гэсэн цахим хуудсаар барааны захиалга авч, хүргэж өгнө хэмээн иргэдээс дансаар мөнгө шилжүүлэн авч залилдаг этгээдийг баривчилжээ. Гэмт этгээд 2010 оноос дээрх үйл ажиллагааг эхэлсэн бөгөөд хэдэн хүнээс хэчнээн төгрөгийг залилан авсан гэдгийг шалгаж байна. Энэ мэт иргэдийг дарамталж мөнгө авах, залилан хийх, бэлгийн дур хүслээ хангах иргэд нэмэгдсээр байна. Монгол жаахан шүү гээд л манайхан ярьдаг. Жаахан гэдгийг нь мэдсээр байж яах гэж ийм зүйл хийж байдаг юм бол гэдгийг нь ойлгохгүй юм. Энэ хэвээр цааш үргэлжилсээр байвал тун удахгүй монголчууд бүгд сэтгэлийн дарамтад орж, хорвоогоос явах сонирхолтой хүмүүсээр дүүрэх нь. Ийм байдалд хүргэхгүйн тулд олон нийтийн сүлжээг ашиглах эрхийг нь хязгаарлах уу, аль эсвэл ийм хэрэг хийсэн хэн нэгэнд хатуухан шийтгэл ногдуулж бусдад нь сануулга өгөх нь зүйтэй байх. Хүний эрхийг зөрчиж байгаа мэт боловч хүнээ хүнээс ингэж л аврах арга байх шиг байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Г.Мянган

URL:

Сэтгэгдэл бичих