Хөвсгөл далайг цэвэрлэнэ
Дэлхийд насжилтийн хувьд хоёрдугаарт, цэвэр усны нөөцөөрөө гуравдугаарт, хэмжээгээрээ арван дөрөвдүгээрт ордог баялаг их түүхтэй Хөвсгөл далай бохирдоод байгаа.
Харин өчигдөр Монголын зүүний хүчний холбооноос “Цэнгэг далай цэнхэр дэлхий” олон улсын нээлттэй форумыг Хөвсгөл далайд зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Хөвсгөл далайд живсэн 46 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд 70 орчим хувь нь шатахуунтайгаа байгаа гэнэ. Эдгээрийг татан гаргах, хор хохирлын хэмжээг тодорхойлоход гадны орны тусламж, дэмжлэг шаардлагатай байна.
Хөвсгөл далайн гүн 240-250 метр байдаг. Харин Монголд 50 метрээс илүү гүнд орох чадвартай шумбагчийн хувцас байдаггүй байна. Тиймээс БНАСАУ-аас дөрвөн шумбагч, БНХАУ, ОХУ, Энэтхэг зэрэг улсаас нийлээд 20 орчим хүн ирж судалгаа шинжилгээ хийх гэнэ.
Энэ сарын 18-ны өдөр “Цэнгэг далай цэнхэр дэлхий” үйл ажиллагааны нээлт Хөвсгөл далайн эрэг дээр болно. Энэ үйл ажиллагаанд нийт 400 гаруй хүн оролцож байгаа бөгөөд гадаадын мэргэжилтнүүд 18-21-нийг хүртэл ажиллах юм байна.
Хөвсгөл далайг үзэхээр ирдэг аялал жуулчдын тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ жил дунджаар 60 мянга гаруй жуулчид ирэх төлөвтэй байгаа гэнэ. Жуулчид ихсэхийн хэрээр улс орны эдийн засагт тус нэмэртэй боловч Хөвсгөл далайн бохирдол төдий чинээ нэмэгдэнэ. Тиймээс бие засах газар, бохир ус, хогийн савны асуудлыг нэн түрүүнд зохицуулах шаардлагатай байгааг дурьдаж байлаа. Тэр дундаа газар ухаж, байгалийн жорлон хийх явдлыг таслан зогсоох нь Хөвсгөл далайн бохирдлыг багасгах хамгийн энгийн арга хэмжээ болно.
Г.Ану-Үжин
URL: