Зориулалтын уутанд хогоо хийгээгүй албан газруудад арга хэмжээ авна
Монгол Улсын Засгийн газраас санаачилсан хог хаягдлын шинэ төсөл болох ногоон хогны уутны хэрэгжилт, тараалтын талаар Нийслэлийн хот тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Энэ жил хогийн уутанд хичнээн төгрөг төсөвлөсөн бэ. Мөн одоогийн байдлаар уутны тараалт хэдэн хувьтай явагдаж байна?
-Энэ жилийн хэмжээнд улсаас гурван тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа. Хогийн уутны тараалт одоогийн байдлаар зөвхөн зуслангийн айлуудад өнгөрсөн зургадугаар сарын 20-оос тараагдаж эхэлсэн. Сүхбаатар дүүргийн XIX, XX хорооны нийт 3500 өрх айлд 50-иад мянган уут тараасан. Чингэлтэй дүүрэгт байрлах Майхан толгой, Ойн булаг, Шадивлин, Яргайт зэрэг арав гаруй зуслангийн 5700 өрхөд 85 мянга орчим уутыг тараасан юм.
-Зарим айл өрхүүд манайд уут тараагдаагүй гэж байсан. Энэ тал дээр хяналт тавьж байгаа юу?
-Тийм ээ. Хэсгийн 40 ахлагч, сайн дурын эко эргүүл гээд 80-аад хүний бүрэлдэхүүнтэй баг зуслангийн айлуудаар явж уутаа тарааж байгаа. Тараагдаагүй орхигдсон айл өрхүүдээ дахин явж шалгаж байгаа учраас тийм явдал байх учиргүй.
-Өдөрт хэдэн ширхэг уут тарааж байна?
-Өдөрт дунджаар 500 өрхөд уут тараагдаж байгаа. Хүмүүс их удаашралтай тараагдаж байна гэж шүүмжилж байгаа ч миний хувьд тараалтын бүрэлдэхүүн ер нь их хурдацтай байна гэж бодож байгаа шүү.
-Уутны хэмжээ өөрчлөгдөх үү?
-Нэг их өөрчлөгдөхгүй. Уут бол 60×80 гэсэн хэмжээтэй байгаа. Харин бага зэрэг жижгэрч магадгүй. Яагаад гэвэл зарим айлууд тэр том уут хогоор дүүртлээ хоёр, гурав хонож байна наад зах нь дотроо ялзарч эвгүй үнэр гарна гэх мэт гомдол хэлж байна. Бид энэ асуудлуудыг хүлээн авч дараагийн шатанд хэлэлцэнэ гэж бодож байгаа. Уутны амны хувьд цахилгаантай, уяатай хийе гэсэн боловч үнэ ертөг нь нэмэгдээд явчих учраас хүндрэлтэй. Бусдаар бол өөрчлөгдөхгүй дэлхийн жишгээр хийсэн. Гол нь нийслэлийн иргэдээ ийм тогтсон нэг уутанд хогоо хийлгэж хэвшүүлье гэсэн зорилготойгоор эхний ээлжинд зуслангийн айлуудад туршилт маягаар явуулж байгаа нь энэ юм.
-Аж ахуй нэгж, албан газрууд шөнийн цагаар хогоо ил задгай хаяж байна гэсэн гомдол байгаа. Энэ газруудад ямар арга хэмжээ авч байна вэ?
-Зориулалтын хогны уутанд хогоо хийгээгүй тус газруудын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нь олгохгүй. Мөн хогны мөнгөө төлнө гэдэг нь нэг ёсондоо татвар болчихсон учраас татварын өртэй байна гэсэн шалтгаанаар буцаах зэрэг шат дараалсан арга хэмжээг авна.
-Гэр хороолол цаашлаад орон сууцны айл өрхүүдэд хэзээ хогны уут тараагдаж эхлэх вэ?
-Сарын дараагаас гэр хорооллоор тараагдаж эхэлнэ. Одоо уут маань үйлдвэрлэлийн шатандаа явж байгаа. Сардаа 4.9 сая уут айлуудад тараагдах тооцоотой байна. Одоогийн байдлаар Баянгол, Хан-Уул гэсэн дүүргүүдийн нэг, нэг хороонд мөн адил туршилтаар тараагдаад эхэлчихсэн явж байна.
-Шарга морьт дахь арав гаруй зуслангийн айлуудад ганцхан хогийн цэг байна. Ахиж нэмж хогийн цэг байршуулах уу?
-Ерөнхийдөө зуслан бүрт нэг нэгийг байршуулна. Ганцхан хогийн цэг ачааллаа дийлэхгүй байгаа нь үнэн. Хог ачдаг машин долоо хоногт дөрвөн удаа ирдэг байсныг өдөр бүр ирдэг ирдэг болгосон байгаа.
Т.Анарчимэг
URL: