Авлигачдын шигшээ багийнхан
Авлигатай тэмцэх газрын үүдийг сахиж буй албан тушаалтнуудын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатанд байгааг эргэн сурвалжиллаа.
“Цэвэр агаар” сангийнхан гурван тэрбум төгрөгийн хэрэгт шалгуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Цэвэр агаар” сангийн захирал Х, нягтлан бодох Х, нярав Б, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны хэлтсийн дарга Ц, мэргэжилтэн Ч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тэднийг албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн үүсгэн байгуулсан компани болон нэр бүхий гурван аж ахуйн нэгжид сангийн хөрөнгөөс нягтлан бодогч, нярав, мэргэжилтэн нартайгаа бүлэглэн шилжүүлсэн. Гэрээний харилцааг ашиглан төсвийн мөнгийг шилжүүлсэн үйлдэлд нь Сангийн захирал Х нарын таван хүнд Эрүүгийн хуулийн 150.3 буюу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан, 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулсан, 273,3 буюу төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр сэжигтнээр татан шалгаж байгаа аж. Сэжигтнээр татагдсан дээрх таван хүнийг гурван тэрбум 56 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжиглэн шалгаж буй. Тэднийг өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна.
Ё.Отгонбаяр дансаа нуун дарагдуулжээ
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эхнэрийнхээ 20 дансыг мэдүүлээгүй, нуун дарагдуулжээ. Уг зөрчлийн талаар Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд мэдэгдэж түүнд хариуцлага тооцуулах албан бичиг илгээх болсон тухай албаны эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэгээс энэ талаар тодруулахад “Одоогоор манай Ёс зүйн дэд хороонд АТГ-аас Ё.Отгонбаяр гишүүнтэй холбоотой албан тоот ирээгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Гэхдээ тус хороо УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж буй хэргийг нь эцэслэн шийдсэний дараагаар хөрөнгө орлогоо нуусан зөрчлийг нь авч хэлэлцэх боломжтой юм байна. Эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон тэрбээр Авлигатай тэмцэх газарт энэ хавар хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ жилийн орлого нь 10 сая 978 мянган төгрөг. Гэр бүлийн нийт орлогоороо хамгийн их буюу 561 сая 721 мянган төгрөгийн орлоготой хэмээн бүртгүүлсэн.
Түүнчлэн хоёр орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтын хоёр объект, lexus-570 гэх мэтчилэн хөрөнгийн жагсаалт нь хөврөх ч эхнэрийнхээ 26 данснаас зөвхөн зургааг нь мэдүүлсэн нь АТГ-т шалгагдах үндэслэл болсон байна. Дашрамд дурьдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт үүсгэсэн эрүүгийн хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлэн түүний эхнэр болох О.Эрдэнэсолонгод үүсгэсэн хэрэгтэй нэгтгэн шалгахаар шийдвэрлээд байна. Тэднийг Налайх дүүргийн харьяат, “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан “Ланд круйзер-200” маркийн автомашиныг нь дээрэмдэж, хахууль авахыг завдсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Түүнчлэн эхнэр О.Эрдэнэсолонгыг нь дөрвөн банкинд 26 дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн гэх хэрэгт сэжигтнээр тооцон шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн” банкин дахь дансаар 2009-2013 онд их хэмжээний мөнгө байршуулсан болохыг цагдаагийнхан илрүүлсэн билээ.
Т.Билэгт анхны мэдүүлгээ өглөө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгт энэ сарын 4-ний өдөр “Корэйн эйр”-ийн онгоцоор “Чингис хаан” нисэх онгоцны буудалд буусан юм. Түүнийг буусных нь маргааш өглөө нь гэрээс нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж. Өдгөө Т.Билэгтийг нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар” сонины газрыг хууль бусаар хувьчлах ажилд Н.Энхбаяртай хамтран оролцсон хэргээр АТГ-аас шалгаж байгаа юм.
НИТХ-ын дарга Т.Билэгтийн хувьд Н.Энхбаярын хэрэгт шалгагдаж эхэлснээсээ хойш хоёр жил гаруйн хугацаанд АНУ-д амьдарсан бөгөөд хамгийн сүүлд Интерполын байгууллагаас авсан мэдээгээр тэр АНУ-ын цагаачлалын албанд хандаж, тус улсад байнга оршин суух хүсэлт гаргасан тухай АТГ-аас мэдээлсэн. Гэвч эл мэдээллийг түүний өмгөөлөгч нь үгүйсгэсэн юм. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнээс өчигдөр анхны мэдүүлгээ авчээ.
Н.Түмэндэмбэрэлийн хэргийг прокурор хянана
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мэргэжилтэн П.Отгонжаргал нарыг Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьсон юм. Тендерийн мөнгө хувьдаа завшсан гэх эл хэрэгт холбогдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дүрс оношлогооны тасгийн эрхлэгч С.Батзориг, түүний эхнэр “Саммитмедикал сервис” компанийн захирал Б.Түвшинжаргал нарыг цагдан хориод байсан.
Тэгвэл хэрэгт холбогдогчдоос Н.Түмэндэмбэрэл, С.Батзориг нараас бусдыг нь насанд хүрээгүй хүүхэдтэй, гадуур шалгах боломжтой гэж үзээд батлан даалтад гаргасан бөгөөд уг хэргийг нийслэлийн Прокурорын газарт татаж хянахаар болжээ. Дашрамд дурьдахад сэжигтнээр татагдсан С.Батзориг нь эсэргүүцлээ илэрхийлэн Цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан юм байна.
Н.Түвшинжаргал /eagle.mn/
URL: