Орон нутгийн баяр наадмууд
Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадам Монгол орны дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр сайхан болж өнгөрсөн.
Улсын баяр наадамтай давхцуулан аймгууд маань үндэснийхээ баяр наадмыг зохион байгуулж хуран цугласан наадамчин олноо баясгадаг билээ.
Харин энэ жил түүхт ой нь тохиож байгаа таван аймаг баяр наадмынхаа товыг хойшлуулсан байна.
Үндэсний их баяр наадмын дараа хүмүүсийн амралт зугаалга эхэлж хөдөө орон нутаг руу аяны жолоогоо залдаг билээ. Үүнтэй холбогдуулан хөдөө орон нутагт болох баяр наадмын тоймыг хүргэе.
Түүхт ой нь тохиож буй аймаг, сумдын баяр наадам
-Энэ сарын 22-24-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 90 жилийн ой, Галуут сумын 90 жилийн ой, Эрдэнэцогт сумын 80 жилийн ойн баяр наадам тус тус зохиогдох юм байна.
-Хөвсгөл аймгийн Рашаант сумын 90 жилийн ой, Баянзүрх сумын 80 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 26-28-ний өдрүүдэд болно.
-Увс аймгийн театрын 40 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 35 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 20-нд Эрдэнэт хотноо зохион байгуулагдана.
-Долдугаар сарын 20-нд Өвөрхангай аймгийн Хархорин хотноо “Их хурд-6” шигшмэл морьдийн уралдаан болох гэж байна.
-Дорноговь аймаг Данзанравжаа хутагтын мэндэлсний 210жилийн ойг аймгийнхаа баяр наадмын хамт энэ сарын 27, 28-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг баяр наадмын нээлтэн дээр 1080 хүүхэд ардын бүжгээ бүжиглэх юм байна.
-Энэ жил Архангай аймгийн 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд баяр наадмаа энэ сарын 26-29-ний өдрүүдэд хийх юм байна. Мөн Цэнхэр, Тариат, Өндөр-Улаан, Хотонт, Их тамир, Цахир сумдын 90 жилийн ой нь болж байгаа бөгөөд баяр наадмаа мөн энэ сарын 19-21-ний өдрүүдэд хийх гэж байна.
-Ховд аймгийн Манхан сумын 90 жилийн ойн баяр наадам наймдугаар сарын 15-нд зохион байгуулагдана.
-Энэ сарын 26-28-ний өдрүүдэд Төв аймгийн 90 жилийн ойн баяр наадам болно. Уг наадмын нээлтэн дээр 90 морин хуур чуулж, 90 уртын дууч дуулж, 90 бүжигчин ардын бүжиг бүжиглэх юм байна. Мөн Төв аймгийн Эрдэнэсант сумын баяр наадам долдугаар сарын 19-20-ний өдрүүдэд болно.
-Завхан аймгийн 90 жилийн ой, Улиастай хот байгуулагдсаны 280 жилийн ой, баруун бүсийн “Отгонтэнгэрийн хурд-2013” уралдаан Завхан аймагт долдугаар сарын 26-28-ний өдрүүдэд болно. Уг наадмын нээлтэн дээр 2222 морин хуур чуулахаас гадна сум бүрийн онцлогийг харуулсан үзүүлбэрийг үзүүлэх юм байна. Мөн Нөмрөг сумын 90 жилийн ой, Мандал сумын 90 жилийн ой, Тосонцэнгэл сумын 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 21-25-ний өдрүүдэд болно.
-Долдугаар сарын 26-28-ний өдрүүдэд Хэнтий аймгийн 90 жилийн ойг Зүүн бүсийн хурдтай хамтатган хийх гэж байна.
Наадмуудад түрүүлсэн бөх, морьд
Хотын төвөөс зайдуу орших Налайх дүүргийн 91 жилийн ойн баяр наадам долдугаар сарын долоонд болж өнгөрчээ.
Уг баяр наадамд 128 бөх хүч бяраа сорьсоноос улсын харцага Ж.Амартүвшин түрүүлж аймгийн арслан Бадарч үзүүрлэсэн байна.
Мөн долдугаар сарын 8-10-ны өдрүүдэд болсон Баянхонгор аймгийн баяр наадамд Баянговь сумын харьяат аймгийн харцага Б.Бат-Амгалан түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Харин Баянбулаг сумын харьяат сумын заан Н.Золбоо үзүүрлэж аймгийн заан болсон байна.
Хөвсгөл аймгийн 82 жилийн ойн баяр наадам энэ сарын 10-11-ний өдрүүдэд зохиогдож 256 бөх зодоглосноос Бүрэнтогтох сумын харьяат аймгийн начин Б.Хаш-Эрдэнэ түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна. Харин Арбулаг сумын харьяат аймгийн арслан Г.Батням үзүүрлэжээ.
Уг наадмаар нэг аймгийн харцага, дөрвөн аймгийн начин шинээр төрлөө. Мөн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт цаатны фестиваль болж өнгөрчээ.
Дундговь аймгийн 72 жилийн ойн баяр наадам энэ сарын 10,11 -ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Уг наадмын хурдан морьдын уралдаанд нийт зургаан насны 320 гаруй морь уралдсан байна. Харин хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүчээ сорьсоноос аймгийн заан Занданбат түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол аймгийн харцага Б.Бат-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан болжээ. Мөн нэг аймгийн харцага, дөрвөн аймгийн начин цолтон шинээр төржээ.
Говь-Алтай аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд нийт 256 бөх барилдсанаас цэргийн харцага Б.Хишигбаатар түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол аймгийн харцага Ц.Бямба-Очир үзүүрлэн аймгийн заан цол хүртлээ.
Энэ наадмаар хоёр аймгийн харцага, нэг аймгийн арслан, нэг аймгийн заан, гурван аймгийн начинд цол тэмдгийг нь гардууллаа. Энэ сарын 10-11-ний өдрүүдэд болсон Дорнод аймгийн баяр наадам буриад сурын харваагаар эхэлсэн бөгөөд эрэгтэй сурын харваан төрөлд Д.Батдорж, эмэгтэй сурын харваан төрөлд Б.Баярчимэг түрүүлсэн байна. Харин халх сурын харваанд З.Ариунбат, Б.Баярчимэг нар түрүүлжээ.
Сурын харваан хоёр төрөлд тэргүүлснээрээ Б.Баярчимэг цэц мэргэн харваач болохоо баталлаа. Хүчит бөхийн барилдаанд Г.Отгонбаатар түрүүлж аймгийн арслан цолоо баталж хурц арслан цол хүртсэн бол аймгийн начин Х.Алтансүх үзүүрлэж аймгийн заан цол тэмдгээр шагнагдлаа.
Увс аймгийн баяр наадамд аймаг, сумын цолтой 256 бөх зодоглосноос Тэс сумын харьяат залуу бөх Х.Оргилболд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол тус сумын харьяат залуу бөх Л.Цээсүрэн үзүүрлэж аймгийн заан цолоо баталжээ. Мөн энэ наадмаар шинээр дөрвөн начин төрж цол тэмдгээ гардан авсан байна.
Долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохиогдсон Сүхбаатар аймгийн баяр наадамд 123 азарга, 151 их нас, 155 соёолон, 192 хязаалан, 162 шүдлэн, 92 даага хурд хүчээ сорин уралдсан байна.
Харин хүчит бөхийн барилдаанд аймгийн заан Б.Сэнгэдорж түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Онгон сумын харьяат “Аварга” дээд сургуулийн оюутан аймгийн
харцага Б.Номиндалай үзүүрлэж цолоо заан болгон ахиулжээ.
Түүнчлэн тус наадамд хоёр харцага, гурван начин цолтон төржээ. Анхны аваргаа өлгийдөн авсан Сэлэнгэ аймгийн баяр наадамд Мандал сумын начин Н.Жаргалбаяр түрүүлж арслан цол хүртсэн бол Б.Эрдэнэбаяр үзүүрлэн заан цолоо баталжээ.
Булган аймаг энэ сарын 10-11 -ний өдрүүдэд баяр наадмаа зохион байгуулж наадамчин олноо баясгажээ. Энэ жилийн Булган аймгийн баяр наадам нэг талаараа онцлог болжээ. Учир нь баяр наадмын нээлтэн дээр 108 бий биелээч биелж, 108 морин хуур эгшиглэж, 108 уртын дууч дуулсан байна. Өмнөговь аймгийн 82 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болсон бөгөөд Булган сумын харьяат Б.Мижидсүрэн түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Харин Баян сумын харьяат Э.Нямаа үзүүрлэн аймгийн заан болжээ.
Дархан-Уул аймгийн 92 жилийн ойн баяр наадам 10, 11 -нд болсон бөгөөд хурдан морьдын уралдаанд зургаан насны 480 гаруй морь уралджээ. Харин хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч бяраа сорьсоноос аймгийн начин Н.Эрдэнэчулуун түрүүлж аймгийн арслан цолонд хүрсэн бол Ерөөлт үзүүрлэжээ.
Мөн хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар бөхийн барилдаанд барилдаж тавын даваа хүртэл явжээ. Орхон аймгийн баяр наадам долдугаар сарын 10,11-нд зохион байгуулагдсан бөгөөд хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Мандал сумын харьяат аймгийн харцага Б.Уртбаяр түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Харин Булган аймгийн харьяат аймгийн арслан н.Гантөмөр үзүүрлэсэн байна.
С.Дуламсүрэн
URL: