М.Гэрэлмаа: 1-нээс өмнө бүртгүүлэхгүй бол ажилласан жилээ нөхөж чадахгүй
Ажилласан жил болон тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдаад найман сарын хугацаа өнгөрөөд байгаа билээ.
Энэ хугацаанд хэчнээн хүн нийгмийн даатгалаа нөхөн төлүүлсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт үнэлгээ дотоод аудитын газрын мэргэжилтэн М.Гэрэлмаагаас тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан хэчнээн иргэн байна вэ?
-Өнөөдрийг хүртэл 267 мянга 741 хүн нийгмийн даатгалаа төлсөн байна. Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалыг нөхөн тооцох тухай хууль өнгөрсөн оны есдүгээр сард батлагдсан. Урьдчилан тооцоолсноор 500-700 мянган иргэн хамрагдана гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар хүсэлтээ гаргаж нийгмийн даатгалын шимтгэлээ авсан 200 мянга орчим иргэн материалаа бүрдүүлж өгсөн. Хууль болон журамд зааснаар энэ оны наймдугаар сарын 1-ний өдрөөс өмнө иргэд хүсэлтээ гаргасан байх шаардлагатай. Хүсэлт хүлээн авах хугацаа дуусахад ажлын 13 хоног үлдсэн байгаа. Уг хуулийн үндсэн агуулга нь нийгмийн шилжилтийн үед 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд иргэдийн тэтгэвэр тогтоолгох боломжийг бүрдүүлэх зорилготойгоор иргэдэд шинэ боломж бий болгосон.
-Нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэхээр бол хэдэн төгрөг төлөх вэ?
-Дээрх хууль үйлчилж эхэлснээр 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд уг шимтгэлийг нөхөн төлөх бололцоотой болж байгаа юм. Иргэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн өөрт ногдох 10 хувийг нөхөн төлөхөөр таван жилийн шимтгэл 80 мянган төгрөг болно. Хуульд зааснаар тухайн оронд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувийг сард төлнө гэсний дагуу 1995 оны долоодугаар сарын 1-нээс 1998 оны долоодугаар сарын 1-ийг хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байсан гэж тооцвол нэг сард 960 төгрөг төлөх юм. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1998 оны долдугаар сарын 1-ээс 2000 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл 12 мянган төгрөг байсан байна. Энэ хугацаанд ажилгүй байсан хүмүүс сард 1200 төгрөг төлөхөөр байгаа. Тиймээс 2000 оны сүүлээр гурван сард тус бүр 1800 төгрөгийн шимтгэл төлнө. Ер нь 1995-2000 оныг дуустал нийт төлбөр зохих шимтгэл 78 мянга 120 төгрөг болж байгаа юм.
-Ер нь наймдугаар сарын 1-нээс хойшхи хугацаанд нөхөн төлүүлэх боломж бий юу?
-Энэ хуулиар 1990-2000 он гээд яг 11 жилийн хугацаа заагаад өгсөн байгаа. Магадгүй энэ хугацаанаас хойш хугацаанд нийгмийн даатгал төлөгдөөгүй тохиолдолд тухайн байгууллагын хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэгч гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, цалин хөлс авсан тохиолдолд заавал даатгалд хамрагдах ёстой байдаг. Гэтэл тухайн үед ажил хийгээд цалин авсан хэрнээ байгууллага нь нийгмийн даатгал төлөөгүй тохиолдолд тухайн байгуулага аль орон нутгийн нийгмийн даатгалын газартай харьяалагдаж байна тэр газартаа албан ёсоор хүсэлтээ гаргаж өгөх ёстой.
Өнөөдрийн Нийгмийн даатгалын сангаас мөрдөгдөж байгаа Тэтгэвэр тэтгэмжийн хуульд зааснаар иргэд 20 жил ажилласан байх шаардлагатай юм. Өнгөрсөн 1960 оноос хойш төрсөн иргэд 15-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Мөн тэтгэвэр тогтоолгох жил нь хүрээгүй иргэд нөхөн тогтоолгох боломжтой юм. Хуулийн хугацаа дуусахад маш бага хугацаа үлдсэн. Тиймээс орон нутаг, дүүргүүдийн болон аймгуудийн Нийгмийн даатгалын хэлтэс уртгасан цагаар мөн амралтын өдрүүдэд ажиллаж байгаа. Нэгэнт төрөөс олгож байгаа боломжийг ашиглаж тасарсан хугацаагаа нөхөж авах боломжтой.
-Иргэд нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэхээр бол ямар бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?
-Цахим үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар мөн ажиллаж байсан газрыг нотлох бичиг баримт байх шаардлагатай. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дансанд 500 төгрөг тушаасан байх ёстой. Харин хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэргүй хүмүүсийн хувьд хэдээс хэдэн оны хооронд ямар сургуульд сурч байсан тухайн сургуульд сурч байсан гэсэн нотлох бичиг баримт шаардлагатай. Эдгээр баримт байхгүй бол ажилласан хугацааг шүүхээр сэргээн тогтоолгосон шүүхийн тогтоол авчирна.
Мөн ажилд орсон шийдвэр хөдөлмөрийн дэвтэрт нь бичигдээгүй тохиолдолд ажилд орсон тушаал тухайн аймаг дүүргийн архивт байгаа бол тушаалын лавлагааг мөн авчирч болно. Хэрэв эдгээр баримт байхгүй бол Улсын төв архив эсвэл Аймгын архиваас ажилласан эсвэл ажилсныг тодорхойлох боломжгүй гэдэг лавлагааг өгч болно.
Хуулийг хэрэгжүүлэхэд Нийгмийн даатгалын хэлтсээс гадна орон нутгийн засаг захиргаа, архивийн газрууд хамтарч ажиллахаар болсон. Тиймээс иргэд ажилласан гэдгээ батлах баримт гаргуулж авах зайлшгүй шаардлагатай учраас эдгээр хүмүүст үйлчлэх, баримтуудаа гаргуулж авахад бүтцийн зохион байгуулалт хийж байгаа.
Харин нийгмийн даатгалын хэлтсүүд бүртгэж авсан өргөдлүүдийг Нийгмийн даатгалын ерөнхий газар цуглуулаад, хянаж үзэн тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцсон гэдэг баталгаажилтын хуудсыг олгоно. Өргөдлөө наймдугаар сарын 1 хүртэл өгөх боломжтой юм. Хуулийн хугацаа наймдугаар сарын 1 гэхэд дуусгавар болох учраас иргэд яаравчлах шаардлагатай байна.
Б.Нарантуяа
URL: