Татварынхны хэргийг дэнслэх хугацаа ойртов
Тодруулбал, Үндэсний татварын ерөнхий газар (ҮТЕГ)-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх тэргүүтэй түүний гэр бүлийнхэн, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, татварын байцаагч О.Бямбасүрэн нарын хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард Авлигатай тэмцэх газар (АТГ) шалгаж, энэ сарын эхээр прокурорын байгууллагад хэргийг шилжүүлсэн байдаг.
Харин тус байгууллага мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлийн явцад илэрсэн гэх тэдний зарим нэг үйлдлүүдэд буюу хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл, хахууль авахыг завдсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйлчлэлээр нь яллах дүгнэлт үйлдэх юм.
Түүнчлэн дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын хэргийг бусад этгээдээс тусгаарлан энэ сарын есөнд прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тиймээс тэд шударга шүүхийн өмнө зогсож, Монгол Улсын нэрийн өмнөөс хийсэн хэрэгтээ дүйх шийтгэлийг сонсох хугацаа нь хаяанд ирэв.
“Сүүлийн саруудад олны анхаарлыг татсан хэргүүд эхнээсээ шувтарч Монголын иргэний агаарын тээврийн тодотголтой “Дайны эрсдэлийн даатгал”- аар дамжуулан онц, их хэмжээний мөнгө угаасан хэрэгтнүүд 11-14 жилийн ял сонссон.
Энэ нь Монгол Улс түүхэндээ авлига хээл, хахуулийн хэрэгт холбогдсон этгээдүүдэд 10 гаруй жилийн ял оноосон хэрэг болсон юм. Тиймээс татварын тодотголтой хэрэгт ч гэсэн энэ хэмжээний ял төлөвлөхийг үгүйсгэх аргагүй.
Авлигын индексээрээ дэлхийн улс орноос 45-т жагсаж байгаа манай улсын хувьд хуулийн хатуу заалтаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэж эхэлсэнд иргэд ам сайтай байгаа. Гэсэн ч энэ сарын 1-2-нд шилжих шөнө гарсан аймшигт аллагатай холбоотойгоор Ч.Гансүх нарын хэрэг үнэн зөв дэнслэгдэх эсэх нь эргэлзээ төрүүлсэн.
Тодруулбал,Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч, 31 настай, эмэгтэй Э-г тус газарт ажилладаг байсан Т гэх эмэгтэй нь хоёр хутгаар 40 гаруй удаа хутгалж, 70 гаруй удаа сийчэж хөнөөсөн. Цагдаагийн байгууллага сэжигтнийг 20 цагийн дотор илрүүлж, хардалт, өс хонзонгийн сэдэлтэй хэмээн тогтоогоод байгаа.
Үүнийг аллага үйлдсэн эмэгтэй Т ч гэсэн өөрийн мэдүүлэгтээ дурдсан байдаг. Гэвч талийгаач Э нь Ч.Гансүхийн хэрэгт холбоотойгоор хоёр удаа албан бус гэрчийн мэдүүлэг өгсөн гэдгийг хууль, хяналтын байгууллага нотолсон.
Тиймээс Э нь их бага хэмжээгээр тус хэргийн үнэн зөвийг шүүлцэхэд тодорхой нөлөө үзүүлсэн гэрч мөн болов. Үүнийг тохиолдол байсан уу, тохиолдол болгож харагдуулсан зохион байгуулалттай гэмт хэрэг байсан уу, гэдгийг иргэд ихэд сонирхож байна.
Учир нь хоёр хүүхэдтэй эмэгтэй хүн хоёр хутгаар хэн нэгнийг аймшигтайгаар сийчиж ална гэдэг эрүүл хүний ухамсарт огтоос тусахгүй хэрэг юм. Ялангуяа сэтгэцийн хувьд эрүүл, татвар тэр дундаа тоотой холбоотой ажил хийдэг эмэгтэй сонсохоос сэртхийм зүйлийг үйлдсэн гэх нь үнэмшилгүй хэмээн үзсэн хэрэг.
Харин Ч.Гансүхийн хэргийг тоймловол, татвараа төлөөгүй компаниуд дээр акт торгууль бичиж айлган сүрдүүлэх маягаар авлига авдаг, татвараа төлсөн компаниудын татварын орлогыг нуун дарагдуулж, хуурамч бичилт хийх замаар дундаас нь зувчуулдаг зэрэг болно.
Одоогоор түүний учруулсан хохирол 16 тэрбум төгрөг гэгдэж байна. Мөн хээл, хахууль авсан үнийн дүнг хамгийн багаар 10 хувь гэвэл улсын орлого болох ёстой мөнгө нь 16 тэрбумаас хол давна. Өөрөөр хэлбэл, авлигчийн цаана илүү том авлигач байна гэсэн үг. Юутай ч түүний хэрэг тун удалгүй шүүхээр дэнслэх нь.
А.Чилүгэн
Эх сурвалж: Нийгмийн толь
URL: