МАН-ын Бага хурал энэ долоо хоногт хуралдана
Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг Хятадын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны зохион байгуулалтын газрын дарга Жао Лэзитэй уулзсанаар наадмын өмнөх улс төр түр “амарсан”. Харин наадмын дараа юу болох бол.
Юуны өмнө МАН-ын шинэчлэлийн хөдөлгөөн ямар үр дүнд хүрэх вэ. Бага хурлаа энэ сард багтаан товлох уу. Цаашилбал МАН-ын шинэ даргаар хэнийг сонгох бол гэх зэрэг олон сонирхолтой асуулт хариу хүлээж буй.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сүүлчийн горьдлого тасарч намын Бага, Их хурлуудыг яаралтай зохион байгуулахыг удирдлагуудаасаа шаардсан үйл явдлаар МАН-ынхан наадамтай золгосон.
Тус намын Удирдах зөвлөл энэ сарын 1-нд хуралдаж Бага хурлаа энэ сарын 20-нд багтаан хуралдуулахаар шийдвэр гаргажээ. Энэ Бага хурлын үеэр шил дараалсан сонгуулиудад ялагдал хүлээхэд хүргэсэн намын дарга, удирдлагуудад хариуцлага тооцох нь лавтай.
Ямартай ч “багтарсан” залуусынхаа яаравчилсан шаардлагыг наадмын өмнө хүлээн авахаас бултаж аргацаасан МАН-ын удирдлагууд энэ удаад тэсэхэд бэрхтэй болох биз ээ. УИХ-ын сонгуульд ялагдсан намын “лидер” залуус гадаадад суралцдаг жишгийг дагаж тус намын олон залуус харийн нутгаас Монголын улс төрийн үйл амьдралыг ажиглаж суугаа билээ. Гэвч галаа манаж үлдсэн хэдэн залуус нь намын нэр хүндийг сэвтээж буй бүхэнтэй ширүүхэн тэмцэх, шаардлага гарвал хөөж туугаад ч болтугай намаа аварч үлдэнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Одоогоор “Шинэчилье” хөдөлгөөнийг “ерөнхийлөн зохицуулж” буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гэгч “битүү морь” юу хийх нь нууцлаг байна. Харин түүний ард “шинэчлэхийг хүсэж байна” хэмээн далдганах хууччуул бүү байгаасай хэмээн залуус нь хардаж болгоомжлоод байгаа бололтой юм.
Тиймээс ч “МАН-ын гишүүдийн шинэчлэлийн баталгаа” гэгчийг гаргаж гарын үсгээ зурцгаасан. Үүгээрээ шинэчлэл хийх нэрийдлээр хариуцлагатай албан тушаалд очихыг хүсээгүй гэдгээ гишүүд, дэмжигчдэдээ баталж байгаа юм байна. Энэхүү батламжид итгэх эсэх нь гишүүдийн хэрэг. Тэгвэл ийм амлалтын дараа хэн тус намыг удирдах вэ гэдэг сонирхолтой. Эсвээс намын даргатайгаа хариуцлага тооцохгүй хэвээр үлдээх болж таараад байдаг.
Зарим хүний таамаглаж байсанчлан УИХ-ын гишүүн, “Шинэчилье” хөдөлгөөнийг “үүсгэгч” Н.Номтойбаяр лав зай барин хулжив. Гэхдээ энэ нь шинэчлэлээс ухарсан хэрэг биш. Харин шинэчлэлийн үйл хэргээс няцахгүйгээ амласан хэдий ч олон нийтэд, намын гишүүд, дэмжигчдэд “муухай” харагдана гэж тооцоолсон бололтой.
Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүнээр сонгогдохоо-соо өмнө хашиж байсан ажил алба, эрхэлж байсан бизнес гэхчлэн цаг хугацаа, орон зай, нөхцөл байдлын хувьд ямартай ч “Шинэчилье” хөдөлгөөнийг удирдаж болохгүй шалтгаан түүнд хангалттай байгаа бололтой. Үүнийг улс төрийн мэдрэмжтэйнх гэх үү, хаширласных гэх үү, бүү мэд.
Юутай ч тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэг жилийн хугацаанд тэр хэн болохоо олон нийтэд таниулчихлаа. Түүнд албан тушаал лав одоохондоо сонин биш байгаа бололтой. Тэгэхээр МАН-ын шинэчлэх, магадгүй өмнө нь өөрт нь муухай харагддаг байсан бүхнийг засахаар улс төрд орж ирсэн гэж ойлгогдохыг хүсэж байгаа юм даг уу даа.
Хэрэв товлосон ёсоор МАН-ын Бага хурал хуралдваас тун сонирхолтой болох нь тодорхой. Гэхдээ чухам ямар өөрчлөлт орох бол. Намын “лидер” гэж өөрсдийгөө нэрлэдэг “нэр бохир, гар бохир” хүмүүсээсээ салж чадах уу. Үүнд хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ баттай хариулт өгөх биз ээ. Учир нь тэрбээр “нэр цэвэр, гар цэвэр” хэмээн өөрийгөө тодорхойлсон нь намынхаа зарим хүний дургүйцлийг төрүүлсэн. Гэвч тус намд маш олон Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Ж.Содбилэгүүд байгааг санах хэрэгтэй. Үнэхээр МАН-д шинэчлэл хэрэгтэй. Эс тэгвээс ойрын арав гаруй жилд ялалтын тухай бодоод ч хэрэггүй гэдэг маш хатуу хариултыг олон нийт өгч байна.
У.Оргилмаа
URL: