Т.Билэгт мэдүүлэг өгч эхэлжээ

Т.Билэгт мэдүүлэг өгч эхэлжээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлагдаж байсан Т.Билэгт эх орондоо ирмэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан билээ.

Тэрбээр өнгөрөгч өдрүүдэд мэдүүлэг өгч эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Т.Билэгт экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үйлдсэн зарим нэг хэрэгт холбоотой гэдгээ хүлээсэн аж.

Тодруулбал, эксийн хаанчлал эхэлсэн 2000 онд Т.Билэгт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан. Түүнээс хойш Н.Энхбаяртай илүү ойртож, хувьчлалтай холбоотой асуудлуудыг нь зохицуулж байсан гэдэг.

Тэрбээр дээрх албан тушаалд байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчлахад голлох үүрэг гүйцэтгэсэн нэгэн хэмээн буруутгагдаж байгаа юм.

Мөн тэрбээр мэдүүлэгтээ АНУ-руу эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэхээр явсан байхад олон улсын цагдаагийн газраар эрэн сурвалжлуулж байсныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Учир нь гэмт хэрэгт сэжиглэгдээгүй байх үедээ Монгол Улсаас гарч явсан, АНУ-аас ямар нэгэн байдлаар цагаачлал хүсээгүй аж.

Түүнчлэн Т.Билэгтийг Монгол Улсын хилээр гарах үед нь түүнд холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байсан учраас мөрдөн байцаалтаас санаатайгаар оргон зайлсан, зугтсан гэж үзэх үндэслэлгүй болж байгаа аж.

Дашрамд дурдахад, Т.Билэгтийг саатуулан шалгах хугацаа энэ сарын 19-нд дуусгавар болох бөгөөд түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн удаан хугацааны турш эмчлүүлсэн түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорихгүй байх үндэслэлгүй гэдгийг эх сурвалж мэдээлэв.

А.Чилүгэн


URL:

Сэтгэгдэл бичих