“Одонцор”-уудын өрөвдөлтэй рекламууд энэ салбарын мөхлийг харуулж байх шиг
Хөгжиж буй салбар бол монголын мэдээлэл сурталчилгааны салбар. Нэг үеийг бодоход рекламны чанар сайжирсан гэх магтаалыг реклам хийдэг байгууллагууд өөрсөддөө өгдөг ч үнэндээ өдрөөс өдөрт л улам чанар чансаа нь муудсаар байна.
Тэд өнөөдөр од гэж нэрлэсэн хэдэн хүмүүсийг хаа, хамаагүй үг хэлүүлээд л бараагаа рекламддаг гэж боддог бол үнэндээ эндүүрч байгаа хэрэг л дээ. Энэ бүхэнд нэг их холын жишээ ч хэрэг болохгүй. Одонцор гэх өөрсдийгөө ихэд бодсон хэдэн нөхдүүдийн хийж байгаа алиа марзан үйлдлийг хараад тэр барааг худалдаж авах нь юу л бол.
Тухайлбал хамгийн ойрын жишээ гэвэл, телевизээр цацагдаад байгаа “Хүрхрээ” шар айрагны реклам байна. “Банш” хэмээн олонд нэрлэгдсэн “Мөрөөдлийн теарт”-ын жүжигчин Батаагийн нэг бүсгүйтэй тоглосон реклам үзэгчдээс хамгийн их шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, хайртаасаа салж ядан дүр эсгэсэн залуус хоёр тийш салангуут шоудаж эхэлж байгаа хос хоёрыг харуулжээ.
Найз залуу нь найзууд дээрээ гүйж очин пиводож эхлэнгүүт найз бүсгүй нь талхан дунд нуусан пиво гаргаж ирэн энэ чинь бидний талх шүү дээ хэмээн ихэд шимтэн уух аж. Үнэндээ утга санаанаасаа эхлээд л энэ реклам авах юм алга.
Залуучуудыг тэр дундаа залуу хосуудыг гутаачихсан энэ реклам хэдхэн минут болохгүй давталт ихтэйгээр цацагдахыг яана. Тэрний оронд хүчирхэг эрчүүдийн уух дуртай ундаа Хүрхрээ хэмээн хэлээд зогсч байдаг П.Сүхбатын тоглосон реклам нь арай зөв сонголт юм уу даа.
Мөн архины сурталчилгаанд нэг “гамшиг” болсон реклам яваад байгаа нь Киви хамтлагийнхны тоглосон пивоны реклам байна. Хамаг юм нь ил гарчих шахсан хувцастай гурван бүсгүй пива зарахдаа тачаангуй бүжиг бүжиж байгаа ухаантай.
Мунхаг би л тэгж ойлгоод байна уу. Тэдний урин дуудсан бүжиг, хөдөлгөөнд нам гөлөрсөн хоёр залуу ирээд пиво худалдаж аваад уух аж. Ёстой өмнөөс нь нүүр улаймаар. Үнэндээ би дахин тэр гурвын тоглолт, дуулж байхыг нь үзвэл өнөөх пивоны реклам нь санагдаад инээд хүрэх юм байна лээ. Тоглолтын өвөрмөц стиль загвар ч үнэндээ алга.
Хаа таарсан газраа бөгс бөөрөө хөдөлгөж явдаг юмдаг уу даа. Хатуу боловч үнэн шүү. Тоглолтын бүжгээ реклам тоглохдоо ч ашиглаад байвал аль нь содон сюрприз, аль нь рекламны бүжиг вэ гэдгийг ялгахгүй болох биз. Утга агуулга, дүр дүрслэлтэй энэ мэт арга ядсан суртачилгаа ухаантай юмнууд телевизийн эфирийн хамаг цагийг авах нь үнэхээр харамсалтай.
Мөн унадаг машин минь 570, уулздаг охины минь машин 470, уудаг ундаа минь 370 гэж ирээд л рекламдах юм. Тэгэхээр тансаг машинтай залуу, тансаг машинтай бүсгүйтэй уулздаг хүмүүс уудаг гэнэ лээ хэмээгээд ухасхийн худалдаж аваад уух юм байх даа.
Үнэндээ ард түмнийхээ сэтгэхүй, хамаг бүхнийг нь доромжилсон иймэрхүү зүйл хийж байгаадаа ичдэг болов уу. Ийм л арчаагүй, арга барсан утга явцуу, өгүүлэмж муутай зүйл хийчихээд хөгжиж байна гэж хэлж байгаадаа ичдэг байх гэж найднам.
Хатуухан хэлэхэд, цэлмэг тунгалаг нь олончиг Хужиртыг минь яаж гүйцэх вэ хэмээн зогсож байгаа хоёр том найрагч маань ч гэсэн ичих булчирхайтай гэж найднам. Дуу шүлгийг нь даган дуулж, тэднээр бахархаж омогшдог урлаг соёл, спортын алдартнууд маань саван, сүү, цэвэр ус, бүр болоогүй ариун цэврийн хэрэглэл, сав суулганы рекламархуу юманд дүр бүтээгээд байвал тэднийг хүндлэх хайр, хүндлэл яах болж байна аа. Тоглох шаардлага зайлшгүй байдаг бол ядахдаа тоглох сэдвээ олж, хэлэх үгээ бодож хэлмээр санагдах юм.
Дэлхийн рекламны хөгжилтэй мөр зэрэгцэхгүй юм аа гэхэд дэвшингүй техник, технологийн дэвшлээ ашиглаад энэ мэт үг найруулгын хувьд авах юмгүй, тахир дутуу реклам үйлдвэрлэхээ больчихвол.
Эх сурвалж: http://www.mminfo.mn
URL: