Вакцинжуулалт хийснээс хойш 21 хоногийн дараа хөл хориог цуцална

d0817ab175350cedadebf76cc9488d51_LБаян-Өлгий аймагт гарсан малын онц халдвартай өвчний байдлын талаар мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Нургуланаас дараах тодруулгыг авав.

   - Даян нуур орчим зусч байгаа нийт 1043 толгой мал шүлхийгээр өвчилсөн байгаа. Үүний 1041 нь Сагсай сумын малчдын мал, хоёр нь Улаанхус сумынх. 291 нь хонь, 217 нь ямаа, бусад нь үхэр. 17 үхэр энэ өвчнөөр хорогдлоо. Хорио цээр, хамгаалалтын арга хэмжээ найдвартай хэрэгжиж байна. Халдварын тархалт хязгаарлагдсан. Шүлхий хэд хэдэн төрлийн байдгаас энэ удаагийнх нь «А» ангиллын нян болж тогтоогдсон. Үүнийг олон улсын шинжээчид улам баталгаажуулна. Энэ ангилалд зориулагдсан вакцин Улаанбаатарт хүрэлцээтэй байгаа.

Өнөө маргаашгүй хүрээд ирмэгцээ адуунаас бусад бүх мал сүргийг долоо хоногт багтаан вакцинжуулна. Вакцинжуулалтг хоёр удаа давтан хийнэ. Дараачийнх нь 14 хоногийн дараа хийгддэг. Вакцинжуулснаас хойш 21 хоногийн дараа хөл хориог цуцална.  Тарилга хийх эмч нарыг бэлэн болгохыг сумдад даалгав.  Хамгаалалтын хувцас, бензин шатахуун, бусад хэрэгслүүд бэлэн болсон. Шүлхийгээр үхсэн, өвчилсөн бүх малд журам горимын дагуу устгал хийнэ. Тэдгээр малыг малчдад зах зээлийн үнэ ханшны 90 хувиар нөхөн төлж өгнө. Даатгалтай байсан бол тусгайд нь нөхөх учиртай. Хорио цээрийн журамыг хатуу сахих, сонор сэрэмжтэй байхыг бүх нийтэд дахин дахин анхааруулж байна. Ингээд тус аймгийн 1,5 сая орчим толгой малд шүлхийн эсрэг вакцин хийх тул малаа бүрэн хамруулахыг анхаарууллаа.

Баян-Өлгий                Ш.Айбек МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих