“ҮҮЛЭН ДОМОГ” Ирэх Цагийн Анир

purevsuren_200_200АНУ-д ажиллаж амьдарч байгаа уран бүтээлчдээс бас нэгэн ном уншигчдад хүрч байна.

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, Сэтгүүлч Өлзийбатын Пүрэвсүрэн шүлэг, нийтлэл, эссэгээ эмхэтгэн  хэвлүүлжээ.

Ө.Пүрэвсүрэнгийн “Үүлэн домог” зэрэг олон шүлэгт Төрийн соёрхолт дуучин Д.Болд аялгуу зохиосон нь олны сонсох дуртай поп дуу болон ид дуулагдаж байна. Тэрээр номоо “Үүлэн домог” дуугаараа нэрлэжээ.

 

“Үүлэн домог” номыг Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч, нэрт сэтгүүлч До.Цэнджав эх барьсан юм.  Монголын уран зохиол, сонин сэтгүүлийн салбарын нэгэн сүмбэр тэрбээр “Уран  сайхны болоод амьдралын их нарийн мэдрэмжтэй, түүнийгээ чулуу болгож чаддаг чанараараа энэ зууны  ирэх өдрүүдэд нэрээ үлдээх нэгэн” хэмээн андын маань ном, авьяас билгийг тодорхойлжээ.

“ҮҮЛЭН ДОМОГ” Ирэх Цагийг анирдан До.Цэнджав гуайн бичсэн үгийг танд толилуулья.

Бишүүгарам (Чикаго)

***

 

Намайг 90-ээд оны сүүлчээр “Монголын мэдээ” сонинг үүсгэн байгуулцаад ажиллаж байхад Өлзийбатын Пүрэвсүрэн гэх нутгийн залуу дадлагаар ирж, сүүлдээ жинхэлэн богинохон хугацаанд ажиллахдаа шаггүй авъяастайгаахаруулж билээ.   Дараа нь “Үнэн” сонинд хэсэгхэн ажиллаад сураг тасарсан.Тэгэхнээ тэртээ холын Америк орныг зорьж, амь зуулга хөөцөлдөхөөр одсон байлаа.

Пүрэвсүрэнгийн удам угсааг үүнийг бичиглэгч тун ойроос мэдэх юм. Хэдэн удмын дархан гэдэг шиг удмаараа “ардын багш” гэсэн ариун цагаан үйлстэй, ачлал ивээлтэй, ард олны хүүхдийн төлөө явцгаасан улс. Эдний хүргэн Гэнэмаагийн Бизъяажав багш бол нутаг усандаа төдийгүй улс даяар алдар цуутай “Монгол улсын гавъяат багш” хэмээх алдар цолтой сурган хүмүүжүүлэгч юм. Бизъяажав багшийн хүү Батмөнхтэй 1971 онд 10-р ангийг хамт төгсөж, аймгийнхаа чөлөөт бөхийн шигтшээ багт багтан нэгэн дэвжээнд цугтаа барилдаж явлаа.

Пүрэвсүрэнгийн аав П.Өлзийбат, ээж Д.Батхишиг нар бас хоёулаа багш. Тэд нэгэн үед намайг Өндөршил сумын дунд сургуульд захирлын ажил хийж байхад хамт ажиллаж байлаа. Пүрэвсүрэн тэгэхэд бараг л өлгийтэй шахуу, эх нь хичээлээ заангуут гэр лүүгэ яардаг байсан санагдана. Тэрбээр өөрөө ч эрдмийн их уурхай УБИС-ийг  төгсч сэтгүүлч мэргэжил эзэмшжээ. Үргэлж номын хүрээлэнд номын дуу сонсч, номын хуудас эргүүлж өссөн хүүхдийн наад зах нь зан төлөв, цаашилбал юм юманд хандах хандлага анхи өөр байх нь мэдээж.

Тэр дөнгөж хоёрдугаар дамжааны оюутан байхдаа миний гар дээр ирээд сурвалжлаганд гүйж явсан болохоор тэр үед билэг танхай авъяастнуудын дотроос гүйцэд таниагүй нь мэдээж. Олон таван үггүй мөртлөө дотроо оргиж буцалж явдаг байх гэмээр, айхтар ажиглагч, нягт хэрсүү цаанаа өөрийн ертөнцтэй, бас өмнөө томхон зорилготой, үеийнхнээсээ арай л өөр залуу шиг санагддаг байсансан. Харин энэ номондоо өөрийн хөргийг цаасан дээр хөндлөн зураас татах адил, цасан дээр шилбүүрээр зурах адил бяцхан таталбар хийжээ. “Би зөөлөн хийгээд хатуу. Өөрөөс минь өөр хэн ч гүйцэд нээхгүй тив, өөрөөс минь өөр хэн ч таахгүй оньсого” гэжээ. Бурхан минь, тэр залуу өөрийгөө ингэж тодотгож байхад би юугаа хэлэх билээ.

Харин түүний “Үүлэн домог” хэмээх шүлэг эсээ нийтлэл бүхий энэ номоос нь өөртөө нээлт хийлээ. Уран  сайхны болоод амьдралын их нарийн мэдрэмжтэй, түүнийгээ чулуу болгож чаддаг чанраараа энэ зууны  ирэх өдрүүдэд нэрээ үлдээх авъяаслаг нэгэн болохоо харуулж чаджээ.

Энэ нь өөрийнх нь хэлснээр “Цас бодол болон будрах, бороо нулимс шиг урсах, нар итгэл лугаа гэрэлтэх, үзэхүйеэ өнгөт цэцэг шиг хайр зүрхэнд амилах цагийн улирал сэтгэлийн минь аясыг”өөртөө нээв.

Ө. Пүрэвсүрэн шүлгийг ч, нийтлэлийг ч бусдаас өөрөөр сэтгэж, өөрөөр урлаж өөрөөр адармаалж, өөрөөр бясалгаж, өөрөөр шоглож, өөрийн нэрээ сийлж эн тэнцүүхэн чарамхийн бичдэг нь цаашаа явах замаа улмаа саруулсгаж байна.

Монгол ахуй, хөдөөх байдлыг өөрийнхөөрөө харж өөрийнхөөрөө нээсэн хурц тод сэтгэмжтэй, энгийн чөлөөт илэрхийлэлтэй, нягт чамбай хийгүй бичлэгтэй, хэн ч онож, олж хараагүй талаас нь ажигласан шүлгүүд нь өөрийн гэсэн хурууныхаа хээг энэ цагийнхаа яруу найргийн хуудсанд нэгэнтээ дарж чаджээ.

“Өвөрлөгчийн тавилан” шүлэгт энэ нь илүү харагдана. Ийм сэдэвт шүлэг цөөнгүй, гэхдээ Ө.Пүрэвсүрэн шиг энгийн агаад сэрсхийтэл хэлсэн нь олонгүй болов уу?

...Элгэн садан Монголоосоо аврал эрж бүлтэлзсээр

Эрээн луутай хөнжилд нулимстай шургасан гүнж минь

Хонь адууных нь хормой бэлчээрт

Хоёр улсын дархан хилтэй

Алтан соёмбот хилийн баганыг

Алхая гэвч хориг цээртэй гэх зэргээр хоёр Монголын түүхэн нулимст хувь заяаг айхтар сэтгэж харуулжээ.

 

Энэ мэт эх нутаг, унасан газар шороо, аав ээж, амраг садангийн сэдвийг жинхэнэ Пүрэвсүрэнгийнх гэж  болохоор хэлж чадсан нь надад урам төрүүлэв.

 

…Сөл ханхалсан талд минь уртын дуу шуранхайлж

Сүнс хоргодох нутаг минь зүрхнээс аргамжаатай байхад

Хүний нутагт би юугаа хийж суух юм

Хүлэг морио эмээллэж нутгаа зорьж мордьё гэх юм уу

 

...Даваахүүгийн хээр азарганы хөлсийг духандаа хүргэснээ

Далай ламын мутраас адис хүртснээс илүүд бодох

Хойтохыг минь уншихдаа арц хүж биш

Хомоол унгатгаарай гэж адрах мэт…гэхчилэн

задгай цээлхэн мөртүүд цөөнгүй.

 

“Ханьдаа өргөх шүлэгтээ”

… Хамгийн сүүлчийн хүн надаас явахад

Хажууд үлдэх ханьтай хүн би

Халирах зовлон дайраад ирэхэд

Халхлаад нөмөрлөх ханатай хүн … гэх юм уу

 

…Ээж минь надаас алсрахад дургүй

Ирээдүй цагийн тухай бодох дургүй

Үзэсгэлэн гоог цаг хугацаа бүдгэрүүлэхэд дургүй

Үсэнд хяруу унах, үрчлээ суухад дургүй…гэх мэтийн

гэгээн мөртэй, гэгэлгэн аялгуутай, гэрэлт санаатай, гэмгүй цайлган санаат шүлгүүдийн тэр болгоныг яахин дурдаж барах.

Бас одоогийнхны моод болчихсон гэхээр абсурд маягаар туршсан “Ноён Вүүдсоны амьдрал хэмээх 94 бүлэгт жүжиг” “Галсансүхийн “Сэтгэл” хэмээх эрхтэнд үзлэг хийсэн эмчийн онош” зэрэг нь өөрийнх нь унаган чанарт нь, бичлэгийн хэв загварт нь таарах эсэхийг өнөөдөр хэлэхэд хэцүү. Гэвч яруу найргийн үргэлжийн үл тайлагдах ертөнцөд үргэлж өөрийгөө эвдэж, үргэлж шинэ шинэ туршилт тэсрэлт хийж, үргэлж долгио, цалгиа үүсгэж явах нь зөвөө.

Номын хоёрдугаар хэсэгт сэтгүүлчийн авъяас билэг, хэрсүү санаа, улс төрийн хурц өгүүлэмж зэргээс энэ залуу их зөв хүн юм гэсэн дэнслэл эрхтгүй төрнө. Сэтгүүлчийн үзэг бариад цас будрах цонхон дор юуг ч юм хараад зогсч байсан бараг хүүхдээрээ шахуу ганигар залуу харгадах шиг болов. Цаанаа хоржоонтой фельетон, амьдралын яруу агшны дурсахуй, үнэнийг хатгаж харсан шүүмжлэхүй, уран тансаг бичлэгтэй эсээ нь түүнийг хол явах хос сайн морьтой болохыг харуулав.

Энэ мэтийг мэргэн уншигч та хэдийнээ шүүж тунгаах тул элдвийг нуршихын хэрэг юун.С.Буяннэмэх, С.Дашдооров, Д.Нямаа, Д.Төрбат, Ц.Чимэддорж, Б.Доржпалам зэрэг алтан нутгийн авъяас билэгтнүүдийн араас залган ирж яваа авъяас төгөлдөр, эрхэм ухаалаг дүү Ө.Пүрэвсүрэнгийнхээ алс холын Америкаас ирүүлсэн номын гар бичмэлийг хүлээн авч уншаад ёстой л шинэ газар нүүн ирж, шинэ соргог таана үнэртэх шиг, адуун сүргээс дөнгөж саяхан барьсан алдууран алдаж байгаа эрмэг хурц хүлэг уяан дээр үүрсэх шиг боловоо. Ирэх өдрүүд яруу найргийн билэг хурц дүү хүү, номун эрхэм шавийг улам бяр хүчтэй болгох болтугай.

Миний “Мянган цэн үг” номондоо бичсэн “Эх орондоо ямархан хайртайгаа харь нутгийн далайн шорвог усыг долоож байж л мэдэрдэг” , “Харийн газарт өөрийн нутаг зүгийн хэрээ ч цагаан”, “Эх орноосоо одсон хүн хоёр гурав дахин илүү эх оронч болоод буцаж ирдэг” гэсэн үгсүүд санаанд орж, харийн нутгийн бүүдгэр тэнгэр амьдралын ухааныг ч, авъяас билгийг ч улам хурцлагч гэдэг нь үнэн болохыг улмаа мэдрэв.

Харийн нутагт арав гаруй жил болохдоо хольцгүй цэвэр монголоороо яваа,бүүр дундын говиороо гоёж яваа дүү минь үр хүүхдүүдээ ч өөрийн  чинь шүлэгт гардагаар “Морь ярьсан монгол яваарай” гэж ерөөгөөд эх нутагт ид айлчлан ирсэн зургадугаар сарын нов ногоон зуны сэнгэнэсэн сайхан цэцгийн хурын үнэр шингэсэн энэхүү номыг тань биежүүлэн хариу илгээн явуулвай.

Ариун ном дор ахин дахин, байн суун байнгад уулзаж учирч байх болтугай.

 До. Цэнджав

***


URL:

Сэтгэгдэл бичих