ҮХ-ийн цэцийн гишүүн Д.Сугар: Эр хүнд үүнээс илүү жаргал гэж юу байх вэ?
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д. Сугарын хул азарга Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу. Хоёр талаас хурдны цустай хул азарга дааган цагаасаа эхлэн уягдсан. Олон хоногийн хатуу уяатай хул азаргыг Тод манлай Д.Онон, түүний хүү О.Батбилэг нар тааруулдаг бөгөөд одооноос уяа нь эвлэж байгаа адуу хэмээн өнгөрсөн жил баярын сэтгэгдэл хуваалцаж байсан. “Миний хул угшил гарвалыг нь бодсон ч уясан эзнийг нь бодсон ч дөмөг л байх учиртай. Намайг олон жил баярлуулах байхаа” хэмээн бэлгэшээж суусан нь биелэлээ олж дахин төрийнхөө баяр наадамд айрагдлаа.
- Хул азарга төрийнхөө их баяр наадамд хоёр дахиа айрагдлаа. Баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
- Баярлалаа. Монгол наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Төрийн наадамд азарга маань хоёр дахиа айрагдлаа эр хүнд үүнээс илүү жаргал гэж юу байхав.
- Морин спорт эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед амжилтаа бататгана гэдэг босго өндөртэй шалгуур болоод байгаа?
-Санал нэг байна. Ер нь бол онцгой сайхан амжилт. Гэхдээ амжилтын эзэн нь би биш Тод манлай Онон. Хул азарга Онон манлайгийн унаган адуу. Өнгөрсөн жил мөн л айргийн дөрвөөр давхин намайг баясгасан. Энэ жил амжилтаа бататган ахин орлоо. Аргагүй хурдан сайхан хүлэг юм, хамгийн гол нь уяж сойсон эзэн нь эрдэмтэй юм.
Эх сурвалж: todmagnai.mn
URL: