Г.Мандахнаран яллаа

Г.Мандахнаран яллаа

Универсиад наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ.

Эрэгтэйчүүдийн 55 кг-д хүч сорьсон С.Батболд эхний тойрогт ОХУ-ын бөх Нариман Исрапиловт 0:4-өөр ялагдсан юм. 84 кг-д П.Өсөхбаатар Польшийн бөхийг 0:5, 66 кг-д Г.Мандахнаран Казахстаны Самат Омаровыг 4:1-ээр яллаа. П.Өсөхбаатар цаашид Унгарын И.Вербевтэй барилдана.

Бокс, жүдо, бүстэй бөхийнхөн нутаг буцлаа
Улсын баяр наадмын дараа болох “Чингис хаан”  Гранпри Универсиадтай давхцсан тул Монголын жүдо бөхийн холбоо шигшээ багийн шилдэг тамирчдаа авч үлдэн, залуу бөхчүүдээ Казань руу явуулсан билээ. Харин бусад орон оюутны “олимп”-т өндөр ач холбогдол өгч, олимп, дэлхий, тивийн аваргуудаа хойд хөршид олноор нь оролцуулсан юм. Универсиадад оролцогч манай жүдочдоос хамгийн туршлагатай нь Д.Амартүвшин, Б.Жанчивдорж тэргүүтэй цагаан өмсгөлтнүүд байсан. Харин охидоос М.Ууганжаргал тэргүүтэй өсөж яваа бөхчүүд сайн барилдсан.

78 кг-д хүч сорьсон тэрбээр хүрэл медалийн төлөө хүртэл барилдаж, улмаар БНСУ-ын бөхөд дийлдсэн билээ. Ууганжаргал улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн охин бөгөөд Японд суралцдаг аж.  Тэгвэл эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч сорьсон Б.Жанчивдорж Египет, ӨАБНУ, Итали, Чехийн бөхчүүдийг ялаад аваргын төлөөх тулаанд БНСУ-ын Дон Хан Гвакт дийлдэж мөнгөн медаль зүүсэн билээ. Энэ нь түүний медалиудын дотроос чансаагаараа хүндтэй байр эзлэх шагнал юм. Д.Амартүвшингийн хувьд 60 кг-д Азербайжан, АНУ-ын бөхчүүдийг төвөггүйхэн ялсан ч Швейцарийн М.Итенийг ялж чадаагүй юм. Тийм боловч Гүрж, Казахстаны бөхчүүдийг ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ким Вон Жинд ялагдсан нь харамсалтай.

Жүдоч монголчуудын хувьд Универсиадаас хамгийн сүүлд М.Бундмаа алтан медаль хүртсэн түүхтэй. Тэгвэл бүстэй бөхчүүдээс  Б.Сугаржаргал алт, хүрэл буюу хос медалиар энгэрээ мялаасан онцгой амжилтын эзэн болсныг нэхэн санахад таатай байна. Ширэн бээлийтнүүд маань энэ удаагийн Универсиадад бахдам амжилт гаргаж, алт, зургаан хүрэл медалиар энгэрээ мялаасан. Ийнхүү арвин амжилт гаргасан Монголын багийн эхний хэсэг Улаанбаатарыг зорив.

Талбайн теннис
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд М.Маргадмөн Словакийн М.Пазикид 1:6, 0:6-гаар дийлдсэн. Эмэгтэйчүүдийн тэмцээнд А.Жаргал Австралийн Алисо Балтай эхний үед тун сайн өрсөлдөж 4:6-гаар дийлдлээ. Гэвч дараагийн үед түүний хүч саарч өрсөлдөгчөөсөө ганц ч оноо салгаж чадалгүй 0:6-гаар дийлдсэн юм. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд С.Ангараг Их Британийн Мартин Симпсонд 6:0, 6:0-ээр дийлдэв.

Спортын гимнастик
Спортын гимнастикийн тэмцээнд олимпийн аварга, дэлхийн шилдгүүд олноороо оролцсон. ҮШБ-ийн тамирчин, залуучуудын олимпийн аварга Г.Эрдэнэболд анхны Универсиаддаа хүч сорьсон. Тэрбээр харайлтын төрөлд өндөр амжилт гаргах зорилготой байлаа. Чөлөөт хөдөлгөөнд тэрбээр 98 тамирчнаас 50, бариултай модон морины төрөлд  106 тамирчнаас 91 дүгээр байр эзэлсэн. Харин булчин чангарсны улмаас үндсэн төрөл болох харайлтдаа оролцохоос татгалзсан юм.

Б.Өлзийтогтох


URL:

Сэтгэгдэл бичих