Ардын наадам биш Ардчиллын наадам

Ардын наадам биш Ардчиллын наадам

Хүчит бөхчүүд нь эр бяраа гайхуулцгааж, хурдан хүлгүүд уяа сойлго нь жигдэрч, эрхий мэргэд эвэр нумаа эвшээж дэлхийд ганцхан Монгол наадам эхэллээ. Жил жилийн наадам өөр өөрийн өнгө төрхтэй сонин сайхан явдлаар дүүрэн өнгөрдөг. Тэгвэл энэ жилийн наадам ч өмнөхөөс дутахааргүй болох янзтай. Энэ жилийн наадам түүхнээ тохиогоогүй наадам болно.

Анх удаагаа төрийн тэргүүн наадмын урд өдөр тангаргаа өргөж, ажилдаа жинхэлж байгаа үйл явдал тохиож байгаа бол улстөрчид баяр наадмын тухай хуулиас болж барилцаж авах шахаж, Ардын хувьсгалын ой төрийн наадмаас хасагдлаа. Мөн түүхэнд байгаагүй өндөр үнээр хоёрхон өдрийн наадмыг үзэх эрх олж авах гэж ард түмэн урт дараалалд зогсжээ. Наадмын гэсэн тодотголтой бүхэн үнэд орж, энгийн жишээ дурьдахад туранхай төлөг 200 орчим мянган төгрөгний үнэ хүрч, нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэж байна. Энэ бүхнээс үзэхэд төрийн наадмын хөлд түмэн олон үрэгдэх шинжтэй.

Ардын хувьсгалын ой Үндэсний баяр наадмаас хасагдлаа

Наадам дөхсөн өдрүүдэд улстөрчид баяр наадмын тухай хууль дээр талцав. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын санаачилсан баяр наадмын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах буюу цол нэмж олгох хуулийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавиад байсан юм. Тус хуулийн төсөлд хориг тавих эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, баяр наадмын тухай хуулийг хуучнаар нь байлгахаар шийдлээ. Тиймээс хуучин цолтой бөхчүүд цол нэхэн авах боломж нь бүрмөсөн хаагдаж, аварга нь аваргаараа, арслан нь арслангаараа үлдэхээр боллоо.

Мөн ардын хувьсгалын 92 жилийн ойг тэмдэглэхгүй өнгөрөөх болсон шийдвэр дээрээс гарсан гэж Шадар сайд Д.Тэрбишдагва мэдэгдсэн нь Ардын намынхны дургүйцлийг хүргэж, ардын нэртэй бүхнийг алагчилж үзлээ гэж цамнахад хүргэжээ. Ямартай ч энэ жилийн наадамд ардын хувьсгалын ойг тэмдэглэхгүйгээр шийдвэрлэлээ, ирэх жилийн наадмаар ардчилсан хувьсгалын болоод хувирчих вий дээ гэх хүмүүс цөөнгүй явна.

АХ-ын 92 жилийн ой наадмын хөтөлбөрт багтсангүй

Төрийн наадмыг ядуу ард үзэхэд бэрх болжээ

Амьд явбал наадам үзнэ гэж өвгөчүүд ярьдагсан. Тэгвэл өнөөдөр амьд явсан ч наадам үзэхэд бэрх болжээ. Түмэн олон төрийнхөө наадмыг хүндэтгэн төв цэнгэлдэхэд бөх үзэх гэж жилийн жилд нутаг хошуугаараа цугладаг. Тэдний гол зорилго хүчит бөхчүүдийнхээ барилдааныг үзэн цэнгэх явдал. Түүнээс биш төрийн өндөрлөгүүдийг үзэж харах гэж цуглаад байхгүй нь мэдээж. Гэтэл төв цэнгэлдэхэд наадам үзэх гэсэн түмэн олноор далимдуулж бизнес цэцэглүүлэгчид олширчээ.

Жил бүр баяр наадам зохион байгуулах хорооноос төв цэнгэлдэхэд наадам үзэх тасалбарын үнийг тогтоодог. Энэ жилийн хувьд 15000-25000 төгрөгний үнэтэйгээр наадмын тасалбар худалдаанд гарсан. Гэтэл өнөөдөр тэдгээр тасалбарууд аль хэдийнэ шагчдын гар дээр очжээ. Өөрөөр хэлбэл, наадмын билет зарж эхэлмэгц билетийн шагчид түрүүлж очин хэдэн зуугаар нь худалдаж аваад хэд нугарсан үнээр зарж иргэдийг шулж эхэллээ. Наадам үзэх гэсэн иргэд аргагүйн эрхэнд шагчдын хэлсэн үнээр наадмын тасалбар худалдан авч байна. Жилийн жилд шагчдын гараар борлогддог наадмын тасалбар энэ жил 120 мянгад хүрч нүд бүлтийлгэв. Сүүлийн хэдэн өдрүүдэд СТӨ-ний арын хаалганд дугаарлах иргэдийн тоо ихэсч, өнөөх алдарт 21 мянгын цувааг санагдуулам урт дараалал үүсгэжээ. Баяр наадмын тасалбарыг анхнаасаа зөв зохион байгуулалтаар тараагаагүй нь хэн нэгний далд эрх ашиг явж байгааг бэлхнээ харуулж байгаа юм. Дээрээс нь, наадмын хуушуур гэх махгүй шахуу гамбир, хярамласан айраг зэргийн үнэ тэнгэрт хадаж орхих нь тэр. Энэ жилийн наадмыг нэлээн бэлтэй нэгэн үзвэл яадаг юм гэхээс авдаг цалин нь арайхийн хүрэлцдэг ард түмэн бид гэртээ зурагтаа үзсэн нь дээр аж…

А.ТЭМҮР


URL:

Сэтгэгдэл бичих