Хашааны банхар

Налгар зуны өдрүүд нэг л уйтгартай өнгөрлөө. Жанжны талбай нэг л эл хуль, дүнсгэр харагдах аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдорж сурталчилгааныхаа нээлт, хаалтыг хийж, ялалтын баяраа тэмдэглэснийг эс тооцвол төв талбайд гандуухан өдрүүд үргэлжлэв.
Уг нь хаврын цас ханзрахтай зэрэгцэн иргэний хөдөлгөөнийхөн ичээнээсээ гарч, Жанжны талбайд наадам болов уу гэлтэй асар майхан, алаг эрээн гэрүүд эгнэдэг байв. Олноороо жагсч “Цагаан хоолой” гартаа барьсан эрхмүүд улаан хоолойгоо цуцтал, ам хэлээ хаттал эрх баригчдыг шүүмжилж, бурууг буруушаадаг байлаа.
Гэвч хашааны гаднах хяналт алдагдаж, эрх баригчид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Өнөөх иргэний хөдөлгөөнийхөн хаачив.
Гол удирдагчдынх нь нэг Н.Даваа “Анод”-ын хэргээр аавын хаалга татсан бол, Ногоон намын О.Бум-Ялагч, партизан Д.Нинж, Шударга иргэдийн фронтын Арслан, Ахмадын чөлөөт холбооны Г.Баасан, шаргал ордон руу сум тавьдаг Г.Мөнхбаяр гээд иргэний хөдөлгөөнийхөн сураг алдарчихаж. Алдар цуутай Д.Батцогт, Г.Уянга, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан нар нь юун Оюутолгой, юун ард түмний өмнөөс амлалт нэхэх манатай парламентын босго алхсан даруйдаа төрөл арилжив.
Хашааны гаднаас хашгирч, шүүмжилж, хяналтаа тавьдаг байсан тэд өдгөө хаалга нэвтэрсэн даруйдаа банхарын үүрэг гүйцэтгэгч нар болж хувирчээ.
С.Ганбаатар: Үйлдвэрчний эвлэлийн гэгдэх болсон энэ эр “Би УИХ-ын гишүүн болохгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч тэр хэлсэндээ хүрээгүй. Үнэндээ ч мань эрд улс төрийн намууд янз бүрийн санал тавих нь их байсан гэлцдэг.
Гэхдээ Ганбаатар гэдэг хүнийг бус нийгэмд нөлөөлж буй нөлөөлөл, түүнийг гэх ард түмний хүндэтгэлийг хараад итгэл боломжийг нь намдаа ашиглах санаа агуулдаг тухай тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгож байв.
Гэсэн ч тэрбээр “МҮЭ-ийн холбооны төлөө 2017 он хүртэл ажиллана. Түүнээс цааш ч зүтгэнэ. Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч хүн аль ч намд орж болохгүй гэдэг зарчим надад байдаг. Үүнийгээ би баталгаатай хэлж чадна.
Би түмний эрх ашгийг төлөөлж шийдвэр гаргагч нартай тэмцдэг болохоос биш намын юм уу бүлэглэлийн эрх ашгийг төлөөлж дуугарах шаардлага байхгүй, ёс зүй ч байхгүй. Тэгэхээр би 2017 он хүртэл намд орохгүй гэдгээ наториатараар баталгаажуулсан ч чадна” гэж мэдэгдсэн.
Ийнхүү зангиа зүүдэггүй олон хүнийг төлөөлж дуугарч мань эр хэлснээсээ буцаж их улс төрд хөл тавьсан. Мэдээж үүнийгээ ард түмний төлөө хийж буй ажлын нэг хэсэг гэж тайлбарлах биз. Оюутолгойн ордыг монголчуудад ашигтай болгохын төлөө ясаа цайтал зүтгэхээ амладаг мань эрийг сүүлийн үед АТГ-ынхан зүгээр суулгахаа больсон гэнэ лээ.
Түүнийг орон сууц барих, ҮЭ-ийн гишүүдийг орон сууцаар хангах асуудал дээр дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатартайгаа нийлэн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэсэн үндэслэлээр өнөөгийн ҮЭ-ийн ерөнхийлөгч шалгуулахаар өгсөн байдаг.
Ж.Батзандан: Иргэдийн төлөө эцэс төгсгөлгүй тэмцэхээ мэдэгдэж, эрх баригчдыг шүүмжилж байсан тэрбээр өдгөө АН дотор “багийн алуурчин” хийж буй. Гудамжны тэмцэгчдийн тэргүүн эгнээнд явсан түүний зан засагдаагүй нь энэ.
Гэхдээ олны төлөө гэхээсээ илүүтэй хэсэг хүний эрх ашгийг хамгаалж, хашгичах болсон нь нууц биш. Хар мягмар гаригийн дараахан АН-ын хаяаг бараадаж, малгайг нь өмсөх болсноор өөдлөн дэвших үүд хаалга нь нээгдэж, өнгөтэй яваа залуу.
Гэвч тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр намын нөхдийнхөө өөдөөс цор цор хийх болсон нь нам дотроо ганцаардахад хүргэв. Намын нөхдийнхөө хэнтэй гэр бүл болохыг нь хүртэл заана гэж зөрүүдэлсэн тул намынхан нь тэсвэрлэхэд хэцүү байсан биз.
Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр “Бослого гаргана шүү” гэж намынхаа өөдөөс дуугарч харагдана лээ. Тэгэхээр мань хүний тэвчээр ч энэ хүрээд дуусч байгаа бололтой юм.
Д.Батцогт: Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн эгнээнд уриа лоозон барьж, “цагаан хоолой”-гоор улаан хоолойгоо эцтэл ярьж явсан мань эр чимээгүйхэн байхыг эрхэмлэгч болжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт тэр хоёрыг нэг айлын базууд гэдгийг нь ард түмэн андахгүй.
Ховд нутагт сурталчилгаагаа хөтлөлцөж явж хийдэг гэх улс төрийн наргиа ч бий. Улс төрийн туршлагатай базынхаа намыг гоочлоод яах вэ гэж боддогсон уу, эсвэл хэлэх үг олдохоо больсон уу мань эр хэлгүйчүүдийн эгнээнд нэгтгэгдэх болоод буй.
Ямартай ч, МАНАН-гийнхнаас ард түмний амлалтыг парламентын танхимд нэхэхээ больсон. Уг нь мань эрээс ард түмэн ихийг хүсч байлаа.
З.Баянсэлэнгэ: Н.Энхбаяр л биш бол бусдын өмнөөс ам нээгээд байдаггүй. Харин эксийг өмгөөлж, хамгаалсан жагсаал, цуглаан болбол хамгийн түрүүнд харайлгаж яваа харагддаг нэгэн.
Магадгүй энэ үйлдлээрээ ачийг нь хариулж явна гэж боддог байх. Нэг л хүний эрх ашиг, аюулгүй байдлын төлөө ярьдаг тэрбээр таван яамыг хамаарах томоохон байнгын хорооны даргын албан тушаалтай.
О.Магнай: Нэг агентлагийн дарга болж амаа үдүүлэв. Сиймхий гарвал шоудаж, сүр дуулиантай мэдэгдэл, мэдээллүүд хийнэ. Нэг хэсэгтээ л өнөөх мэдээлэл нь О.Магнайг тодотгоно. Харин мань хүн харийн оронд жаргалаа эдэлж суудаг гэх.
Иргэдийн төлөө шударга өрсөлдөөнийг хянан зохицуулж байгаа нэртэй ч тооцоо судалгаагүйгээр шоудаж явдгийг нь хамт ажилладаг нөхөд нь хэвлэлийнхэнд мэдэгдэж байв.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих