Экс Ерөнхийлөгч наадмаар эрх чөлөөтэй болох уу?

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэзээ суллагдах вэ. Уг нь бол удахгүй баймаар юм. Улс төрийн хүрээнийхний дунд өрнөсөн яриагаар бол АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай нууцхан тохиролцоо хийсэн гэх яриа олны дунд түгээд байгаа юм.
Тус тохиролцоо нь эдүгээгийн Ерөнхийлөгчтэй буюу АН-тай “найраа” хийж, Б.Бат-Эрдэнийн саналыг хувааснаар Ц.Элбэгдоржийг сонгуульд ялалт байгуулах бололцоог хангана гэнэ. Хэрвээ санал хувааж Ц.Элбэгдорж сонгуульд ялчихвал МАХН-ын хүртэх шагнал нь Н.Энхбаярыг суллуулах байсан аж.
Харин МАХН дотроо Эрүүл мэндийн сайд Н.Удвал хамгийн өндөр рейтингтэй нь байжээ. Н.Удвал анхнаасаа л Ерөнхийлөгч болно гэж бодоогүй, харин иргэдийн саналыг хангалттай хувааж чадах нь тодорхой байсан.
Нэг утгаараа Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа анхны эмэгтэй хүн, бас МАХН-ын гишүүдийн, Н.Энхбаярын төлөө гэж яваа хүмүүсийн гээд нэлээдгүй саналыг хуваачихна. Үнэхээр ч тэр ёсоороо МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийн саналыг хангалттай хуваасан.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг харьцуулвал Н.Удвалын санал дээр Н.Бат-Эрдэнийн саналыг нэмсэн бол хоёр дахь шатны сонгууль болох магадлал өндөр байсан. Гэсэн ч хараахан тийм хэмжээнд хүрээгүй.
Үнэхээр тохироо хийж Н.Удвал МАН-ын саналыг хуваах зорилготойгоор нэр дэвшсэн бол намын даргынхаа тушаалыг хангалттай сайн биелүүлжээ. Н.Удвал үүргээ сайн биелүүлж, МАН-ыг унагаж чадсан бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэзээ суллагдах вэ.
МАН-ынхны хувьд Н.Удвалын нэр дэвшсэн нь тун эвгүй “тоглолт” болсон. Тэрбайтугай МАН сонгуульд унаад зогсохгүй дотроо тэмцэлдээд эхэллээ. Н.Энх-баярын хаясан яс МАН-ынхныг алалцуулж байна. Угсаа гарал нэгтэй МАН, МАХН гэж салахад гишүүд нь дагаад хуваагдсан бол одоо залуу, хууччуул гэдгээрээ ч дахин хуваагдацгааж байна.
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын бие хэдийгээр муу байгаа ч тэрбээр одоогийн Ерөнхийлөгчтэй юу тохиролцсоноо сайн мэдэх нэгэн. Н.Энхбаяр хэлсэндээ хүрч намаасаа Н.Удвалыг нэр дэвшүүлснээр МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн саналаас нэлээд хувийг хумсалчихлаа.
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нийт сонгогчдын 50,23 хувийн санал авч Ерөнхийлөгчийн зөөлөн сэнтийдээ дахин дөрвөн жил залрах эрхээ өвөртөллөө.
Харин “Шударга ёс” эвслийн гишүүдийн санаачилсан өршөөлийн тухай хуулийг хэзээ баталж, энэ хуулийн дагуу Н.Энхбаяр чөлөөлөгдөх вэ гэдэг асуулт урган гарч байна.
Гэтэл УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Өршөөлийн тухай хуулийг батлахгүй нь тодорхой болчихлоо. Тэгэхээр ялсан Ерөнхийлөгч эксийгээ хуурчихав уу.
Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа тул гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Эрүүл мэндийн яаманд хандаж хүсэлтээ хүргүүлсэн билээ.
Хүсэлтэд “Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эмч нарын комиссын зүгээс ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна.
Мөн миний биеийг мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг харгалзан үзэхийг хүсч байна” гэсэн байсан.
Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар түүнд нааштай хариу өгөөгүй. Харин одоо энэ хүсэлтийн хариуг дахин сонгогдсон Еренхийлөгч Ц.Элбэгдорж яаж өгөх нь тодорхойгүй байна.
Харин саяхнаас Н.Энхбаярыг наадмаас өмнө суллах тухай яриа улс төрийн хүрээнийхний дунд өрнөж байна. Хэд хэдэн улс төрч “Н.Энхбаярыг суллах тухай яриа бол бий. Хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.
Наадмын өмнө суллана гэсэн яриа гарсан байна лээ” гэж ярьсан байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмаас өмнө хэлсэндээ хүрч, эксийгээ эрх чөлөөтэй болгох гэж байгаа юм болов уу
Г.Хишигсүрэн
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих