НҮБ-ийн хүн амын сантай хамтарсан хурал боллоо
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Хүн ам ба хөгжил бүрэлдэхүүн хэсгийн 2013 оны эхний хагас жилийн тайлангийн хурал боллоо.
НҮБ-ын Хүн амын сантай хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлангийн хурлыг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй засгийн газрын байгууллагууд ээлжлэн эрхлэн явуулдаг байна Энэ удаад “Хүн ам ба хөгжил бүрэлдэхүүн” хэсгийн тайлангийн хурлыг ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал удирдан явуулж, эхний хагас жилийн ажлын үр дүн болон сүүлийн хагас жилд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.
Тайлан хурлаар НҮБ-ын Хүн амын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж буй Үндэсний статистикийн газар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ХАХНХЯ тус тус өөрсдийн байгууллагуудын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан мэдээгээ танилцуулав.
ХАХНХЯ-ны тухайд хүн амын хөгжлийн бодлогын төслийн анхны хувилбарыг боловсруулах, мөн ажлын хүрээнд хоёр удаагийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан байна.
Түүнчлэн залуучуудын асуудлаархи бодлого хөтөлбөрт судалгааг хийсэн. Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сантай хамтран Залуучуудын хөгжлийн төслийг 2013-2017 оны хооронд хэрэгжүүлэхээр албан ёсоор эхлээд байна.
Энэ төслийн зорилго нь нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүдтэй холбоотой бий болж буй эрсдэлд залуусын өртөмтгий байдлыг бууруулах, эерэг, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий, амьдралын ур чадвартай залуу эрэгтэй, эмэгтэй хүнийг бий болгоход чиглэнэ.
Мөн амьдрах ур чадварын хөтөлбөрөөр дамжуулан залуучуудад бэлгийн болон нөхөн үржэхүйн эрүүл мэндийн боловсрол, жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх боловсролыг олгоно. Үүнд өсвөр үе, оюутан, залуучууд, багш, сурган хүмүүжүүлэгч, сайн дурынханыг хамруулахаар төлөвлөжээ.
Гэхдээ уг төслийн үйл ажиллагааг залууст хүргэх үндсэн байгууллага нь Залуучууд хөгжлийн төвүүд байх юм. Төслийн төлөвлөгөө ёсоор эхний ээлжинд Улаанбаатар, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Ховд, Увс зэрэг аймгуудад Залуучуудын хөгжлийн төв, өсвөр үед ээлтэй эрүүл мэндийн төвүүдийг байгуулах юм байна.
URL: