Элбэгээ минь Энхбаярын араас орчихов доо…

Энэ нийтлэлийг Монгол хүний, Монголын төрийн сайн сайхны төлөө гэсэн сайн санааны үүднээс бичиж байна.
Нэг. Н.Энхбаяр дахин төрөх магадлал:
1.    Бөгс долоогчдын амин сүнс ба голомт
Цээжилнэ гэдэг нь түр зуурын санамж юм. Тухайн үед нь цээжлэвч дараа нь таг мартагдана. Монголын мэдлэг сурсан гэх дипломтнууд мэдлэгийг цээжилж оноо цуглуулж диплом авсан хүмүүс байдаг. Тиймээс тэдний дунд үнэн мэдлэгтэй хүн нэг ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Мэдлэггүй хүн мораль муутай, амьдрах чадваргүй, өөртөө итгэлгүй, үнэнийг ойлгодоггүй, амьдралын учир утгыг мэддэггүй учраас эрх мэдэлтний халаасанд орж, “бөгс долоож” амь зуухаас өөр аргагүй байдаг. Хэрэв Ц.Элбэгдорж худал дипломтой, хоосон толгойтнуудын сүргээр  өөрийгөө тойрон хүрээлүүлбэл Н.Энхбаярын өрөөсөн дугуй болж, түүний амьдралын замаар замнах болно.
2.    Авилгачдын амин сүнс ба голомт
Мэдлэггүй хүмүүс мораль муутай байдаг. Моральгүй хүмүүс төрд гарвал авлига цэцэглэдэг жамтай. Авилгачдаар Ц.Элбэгдорж өөрийгөө хүрээлүүлвэл нэг л өдөр жинхэнэ авилгач нь Ц.Элбэгдорж байсан гэж өөрөөрөө сор залуулаад Н.Энхбаяртай нэгэн хананы наана цаана суух тавилан хүлээж байж болзошгүй. Харин жинхэнэ авилгачид төрийн зөөлөн суудалд тухтайяа тухлан суусаар улс орны баялгийг сорсоор үлдэнэ.
3.    Монголд нүүрлэсэн оюуны терроризмын амин сүнс ба голомт
Оюуны терроризмд автагдсан ард түмний оюун нь гэмтэж, зөв буруу, үнэн худлыг ялган танихаа больдог. Монголд нүүрлэсэн оюуны терроризмын гамшиг монгол үндэстнийг мөхөлд хүргэх хэмжээнд хүрчихээд байна. Оюуны терроризмын түүх нь манжийн дарлал, хэт зүүний социализм, худал ардчилал гэсэн урт удаан хугацааг дамнан амь бөхтэй оршсоор иржээ. XX зууны эхнээс хүн төрөлхтний мэдлэг суугаагүй Төвд, Манж, Хятад хэлтэй нөхдүүд хэт мэдэмхийрч мэдлэгийн нэр томьёонуудыг ойлголгүйгээр буруу орчуулснаар энэ гамшгийн эхлэл тавигдаж одоо ч үргэлжилсээр байна. Тухайлбал “хүний зөвүүд” гэдгийг “хүний эрх” хэмээн орчуулж Монголын төрийн үндсэн хуулийг амин сүнсгүй болгосноос гадна, Монгол хүнийг зөв буруугаа ойлгохгүй хэмжээнд хүргэжээ. Зөв буруугаа ойлгодоггүй ард түмний төрийн тэргүүн байна гэдэг өөрөө аюултай бөгөөд зөв буруугаа ойлгодоггүй ард түмэн урваж шарвах, оюуны дархлаагүй болох, хаашаа ч хөрвөчиж мэдэх аюултай байдаг. Монгол хүн, Монголын төрийг дархлаатай болгохын тулд оюуны терроризмыг таслан зогсоох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бол асар ноцтой аюул заналын түгшүүрийн харанга дэлдэгдэх болно. Монгол оронд мухар сүсэг, авлиа, ядуурал газар авч байгаа нь оюуны терроризмд гүн орсны тод жишээ юм.

Хоёр. Монголын төрийн тэргүүн юу хийх вэ???????
1.    Үнэн мэдлэг эзэмшсэн хүмүүсээр багаа бүрдүүлэх асуудал бол дахин сонгогдсон төрийн тэргүүний хувьд амин чухал бөгөөд нэн тэргүүний асуудал юм. Мянган өвчтэй хүний дотор нэг эрүүл хүн байвал эсрэгээр тэрхүү ганц эрүүл нь өвчтэй болж харагддаг. Үүнтэй адилаар мэдлэг боловсролтой хүмүүс авлигад идэгдсэн, мухар сүсэгт автагдсан, оюуны терроризмд нэрвэгдсэн монгол оронд эрүүл бус харагдах нь аргагүй. Учир нь нийгэмд тэднийг үнэлэх үнэлгээ, харах өнцөг нь огт буруу байсаар байна. Ард түмэнд итгэл найдвар, улс оронд ирээдүй авчрахад зөв баг хамгийн чухал. Мэдлэг, чадвартай хүмүүс юунаас ч илүү үнэтэй.
2.    Монгол үндэстнийг  жаргалруу хөтөлсөн үндэстний хөгжлийн стратегийг яаралтай зарлаж, яаралтай графикчилан хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Дэлхийн жишигээс үзэхэд өнөөдрийн өндөр хөгжилд хүрч, улс орноо дархлаажуулсан үндэстний удирдагч нь ухаалаг, ажилсаг, зөв бурууг олж харж, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн үндэстний хөгжлийн командлагч буюу маршал байдаг байна. Хэрвээ үндэстний хөгжлийн стратеги байхгүй бол эдийн засгийн тогтвортой өсөлт үгүй болж ашиг сонирхолын бүлэглэлүүд өөр өөрийн төслөө хэрэгжүүлэх гэж талцан улс орныг мухардалд оруулж, ядуурал, эмх замбараагүй байдал нь тухайн үндэстний соёл болж хувирдаг.
3.    Өөрийн гэсэн үндэстний идеологигүй ард түмэн хаашаа ч хамаагүй хөрвөж, улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвах нь зүй ёсны үзэгдэл байдаг. Тиймээс монгол үндэстэн цааш хөгжье гэвэл өөрийн гэсэн үндэсний идеологитой болох шаардлагатай. Үүнийг төрөөс захиалга өгч мэргэжлийн философичдоор хийлгэх хэрэгтэй.
4.    Чөлөөт зах зээл дээр тулгуурласан капитализм хөгжилтэй орнуудад байхгүй бөгөөд цаашид хаа нэгтээ байлгана гэвэл энэ нь ноцтой аюул тарина гэдгийг дэлхийн 100 сэтгэгчдийн нэг болох Солонгос гаралтай Кембрижийн их сургуулийн профессор Ха Жоон Чан болон Стэнфордын Их Сургуулийн судлаач Фрэнцис Фукаяама нар 2009оны дэлхийн санхүүгийн хямралын дараанаас анхааруулсаар ирлээ. Оксфорд, Харвардын их сургуулийн профессор Нейл Фергуссон, Америкийн нэгдсэн улсын гадаад бодлого гэх сэтгүүлд Америк, Европ, Азийн орнууд XX зууны цоо шинэ хэлбэр болох төрийн капитализмд орсон гэдгийг зарласан байна. Тиймээс монгол орон төрийн капитализмын замыг сонгохоос өөр аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тухайлбал,2000 оны эхээр Оросын олигархиуд мөнгөө хармаалж Герман орны оршин тогтнох амин сүнс,улс орны гол амин сүнс болсон улс дамнасан компаниудыг авахаар очиход Германы тал мөнгөтэй болгонд зараад байдаггүй юмаа гэсэнд Оросын олигархиуд уурлаж Чөлөөт зах зээл гэж байдаггүй юм уу гэхэд тийм юм хаана ч байхгүй хэмээн Германчууд хариулсан байдаг. 2000 дундуур Хятадууд, АНУ-ын үндэстэн дамнасан корпорациудыг худалдан авахаар очиход АНУ-ын тал яг Германтай ижил хариулт өгсөн байдаг. Дэлхийн хөгжилтэй оронд тооцогддог Япон оронч төрийн капитализмаар хөгжсөн байдаг. Хувийн хэвшилд тулгуурласан капиатализм нь зөвхөн “эхлэл”-ийн компаниудын төвшинд урамшуулан хөгжүүлж, үндэстний инновацийн чадавхийг тогтвортой хөгжүүлэх зорилготой байдаг. Монгол орон төрийн капитализмыг хөгжүүлэхийн тулд үндэстний баялгийн санг олон эх үүсвэрээр, олон аж үйлдвэрийн чиглэлийг хөгжүүлэх зорилгоор байгуулахаас гадна, монгол үндэстний ажлын байр, цалин, тэтгэвэр тэтгэмж, боловсон хүчин бэлтгэх, судалгаа ба хөгжил гэх мэтийн иж бүрнээр нь хэрэгжүүлдэг “Үндэстний нийтийн өмчит” S&P 500корпорациудыг байгуулах хэрэгтэй.
5.    Үндэстний хөгжлийн стратеги гэдэг нь социализмын үеийнхтэй адил арьс шир, нүүрсийг шингэрүүлэх үйлдвэр барьж байгуулах асуудал биш. Харин аж үйлдвэр, судалгааны  их сургууль, бизнесийн үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц, суурь дэд бүтэц, засгийн газрын чиглэлийн байгууллагууд иж бүрнээр нь нутагшуулсан дэлхийн хараатай аж үйлдвэрийн кластер хөгжүүлэхийг үндэстний хөгжлийн стратеги гэж стратегийн онолчид ярьдаг. Тиймээс монгол орныг хөгжүүлэхэд үндэстний төвшний, орон нутгийн төвшний дэлхийд нэртэй мэдлэгт тулгуурласан кластерүүдийг хөгжүүлэх явдал болохоос маргааш ямар ч судалгаагүй үйлдвэр бариад тэр нь тэгээд хэнд ч хэрэггүй хаягдал болон хувирдаг  байх ёсгүй..

 
6.    Дэлхийд нэртэй мэдлэгт тулгуурласан үндэстний төвшний таван кластер хөгжүүлэх замаар Монгол оронд дэлхийн таван том хотыг (Global city ,world city, alpha city or world center) барьж байгуулах нь үндэстний хөгжил төдийгүй монгол улсын аюулгүй байдлын баталгаа болно.
7.    Үндэстний нийтийн өмчит S&P 500корпорациуд нь дэлхийд монгол үндэстний нүүр царай бахархал болох учраас эдгээр корпорациудын удирдлагуудыг хэдэн мянгаар нь цаашлаад хэдэн арван мянгаар нь дэлхийн тэргүүний 5 их  сургуульд “MIT Portugal”хөтөлбөртэй адил Монгол улсын засгийн газраас гэрээ хийжхөрөнгө мөнгө хайрлахгүйгээр бэлтгэх шаардлагатай.Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй: Одоо Монголд Харвардын их сургуулийг нарийн мэргэжлээр төгсөөд ирсэн хэрнээ шашинтан болж явдаг,Кембрижийн их сургууль дүүргэсэн мөрт“сансартай холбогддог антентай” хүн болон гарч ирж байна. Энэ нь он удаан жил монгол хүний тархинд паразитлагдсан оюуны терроризмын гай юм. Тиймээс дэлхийн удирдагч монгол хүнийг бэлдэхдээ бакалаврын түвшнээс эхэлвэл хугацаа алдах учраас магистр, докторын зэрэг хамгаалчихсан хүмүүсийг бүртгэж, үндэстний эрх ашиг, үндэстний аюулгүй байдал болон философийн нарийн мэдлэгүүдийг зааж богино хугацаанд бэлдэх хэрэгтэй. Үнэн гэдэг хатуу боловч үйл хэрэгт ач тустай байдаг билээ. Ард түмний итгэлийг дахин хүлээсэн төрийн тэргүүн шинэ монголыг босгох, шинэ хөгжлийг  эхлүүлэн, хүчирхэг монгол үндэстэн болж босч ирэх  тэр үйл хэргийн эхлэлийг монгол үндэстэн хүсэн хүлээсээр байна.

А. Ганбаатар /sonin.mn/


URL:

Сэтгэгдэл бичих