Зуслангийн автобусууд 10 чиглэлд 22.00 цаг хүртэл үйлчилж байна
Нийслэлийн оршин суугчид зусландаа гарч буйтай холбогдуулан энэ чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний талаар НТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Б.Одонзулаас тодрууллаа.
-Айлууд зусландаа гарч байна. Одоогоор хэчнээн том оврын автобус хэдэн чиглэлд үйлчилж байна вэ?
-Нийтийн тээврийн газраас зуслангийн чиглэлийн үйлчилгээг зургадугаар сарын 4-ний өдрөөс албан ёсоор эхлүүлсэн. Дулааны улирал болж, нийслэлийн иргэд зусландаа гарч байгаатай холбогдуулан зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн ажлын өдрүүдийн оройн цаг, амралтын өдрүүдэд ачаалал ихтэй болж байгаа. Тиймээс Нийслэлийн тээврийн газраас зуслангийн 10 чиглэлд их багтаамжийн болон микроавтобусуудыг явуулахаар зохицуулалт хийсэн.
-Тодруулбал, аль чиглэлүүдэд нийт хэчнээн автобус явж байгаа вэ?
-Зуслангийн чиглэлийн үйлчилгээг “Майхантолгой”, “Баянбулаг”, “Гүнт”, “Яргайт”,”Хуурай мухар”, “Зүүн салаа”, “Өлзийт” чиглэлд нийт 20 бага багтаамжийн буюу микроавтобус явж байгаа. Харин ”Жигжид” “Гоодой”, “Баянбулаг” зэрэг чиглэлүүдэд нийтдээ гурван их багтаамжийн автобус үйлчилж байна. Гэхдээ дээрх зуслангийн чиглэлүүдэд үйлчилж буй бүх автобус зөвхөн Долоон буудлаас хөдлөхөөр болсон.
-Ямар учраас зуслангийн чиглэл дэх автобуснуудын эцсийн зогсоолыг зөвхөн Долоон буудал гэж тогтоосон юм бэ?
-Өмнө нь Баянбүрдийн аюулгүйн тойргоос дотогш зам хязгаарлагдсан тул зөвхөн их багтаамжийн автобуснууд хотын төвөөр явдаг байсан. Харин одоо зуслангийн чиглэлийн тээврийн хэрэгслүүд бүгд Долоон буудлаас хөдөлж байгаа. Учир нь ЗЦГ-аас бидэнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлага ирүүлсэн. Мөн НЗД-ын тушаалаар баяр наадмын үеэр нийслэлд зам тээврийн ачаалал ихэсч байгаатай холбогдуулан хотын төвд зуслангийн чиглэл дэх автобуснуудыг удаан хугацаагаар зогсоохыг хориглосон.
-Нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэдээс санал гомдол ирж байна уу. Хэрхэн хүлээн авч, шийдвэрлэж байна вэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэдээс санал гомдол ирэх нь харьцангуй бага байна. Гэхдээ зуслангийн чиглэл дэх автобуснуудыг хотын төвөөр явуулж өгөөч гэсэн хүсэлтийг бидэнд ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын тушаалаар зуслангийн чиглэлд үйлчилж буй нийтийн тээврийн хэрэгслүүд хотын төвөөр явахыг хориглосон учир манай Нийслэлийн тээврийн газраас үүнийг дур мэдэн шийдвэрлэх боломжгүй юм.
-Зуслангийн чиглэлд явах нийтийн тээврийн хэрэгслийн цагийн хуваарь, тасалбарын үнийн хувьд?
-Зуслангийн чиглэл дэх их багтаамжийн автобусны үнэ том хүн 500, хүүхэд 200 төгрөг байгаа. Харин бага багтаамжийн автобус том хүн 600, хүүхэд 200 төгрөгөөр зорчино. “Өлзийт” зуслангийн чиглэл арай хол учраас үнэ нь 800 болж нэмэгдэнэ. Цагийн хуваарийн хувьд, автобуснууд ажлын өдөр 07:00-22:00, амралтын өдөр 08:00-22:00 цагийн хооронд үйлчилж байна.
Э.Зулцэцэг
URL: