Арслан Д.Мөнх-Эрдэнэ, Гарьд Б.Гантогтох нарын аз дутжээ

9852_229УИХ-ын гишүүн Р.Гончигдоржоор ахлуулсан хэсэг гишүүд “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” хуулийн төслийг санаачилсныг УИХ-аар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт баталсан.

Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амралтын өдрөөр дээрх хуульд бүхлээр нь хориг тавсан гэнэ.

Угтаа шинэхэн батлагдсан Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн Арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд Улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл Улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд Улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн Арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол Улсын аварга цол олгох, түүнчлэн улсын Далай аварга цолыг хасахаар болж байгаа юм. Ингэснээр 2003 оноос хойш бий болсон улсын Далай аварга цолыг олгодоггүй болж байсан билээ. Хууль санаачлагчид энэхүү хуулийн төсөл батлагдсанаар монгол үндэсний бөхийн цол, чимгийн агуулга сайжирч, олон түмний дунд нэр хүнд нь улам өсөхийн сацуу бөхчүүдийн шударга өрсөлдөөн, барилдааны чанарт өөрчлөлт гарна гэж үзэж байсан юм.

Тэгвэл Ерөнхийлөгч дээрх хуульд хориг тавьсан нь учиртай. Магадгүй тэрбээр олон түмний дунд явж байсан ярианд цэг тавихаар шийдсэн ч байж болох. Учир нь уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих үеэр олны дунд “Ганц хоёр хүнд зориулсан хууль батлах гэж байна” гэсэн яриа гарсан юм.

Өмнө нь мөрдөгдөж байсан хуулиар улсын наадамд нэг түрүүлэхэд Арслан, хоёр түрүүлбэл Аварга, гурав түрүүлбэл Далай аварга, дөрөв түрүүлбэл Даян аварга, тав түрүүлбэл Дархан аварга цол олгоно гэсэн заалт байсан. Харин хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Далай аварга цол хасагдаж байгаа тул Даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Дархан аварга болох боломж бүрдсэн юм. Түүнчлэн шинэчлэгдсэн хуульд заасан улсын баяр наадамд, найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд Арслан цол олгох болзлыг Гарьд Б.Гантогтох хангаж байгаа. Тэрбээр 2000, 2002, 2004 онуудад тус бүр найм давж үзүүрлэсэн байдаг. Тэгэхээр Дархан аварга Х.Баянмөнхийн хүү Б.Гантогтох Арслан цол хүртэх байлаа. Түүнчлэн Арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол Улсын аварга цол олгох заалтыг Д.Мөнх-Эрдэнэ арслан хангаж байна. Тэрбээр Арслан цолтойгоор 1996, 1997 оны наадмуудад тус бүр найм давж үзүүрлэсэн байдаг аж.
Шинэчлэгдсэн хуулиар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ аварга цол хүртэх гэж байгаад талархах хүн олон байсан.

Тэрбээр үндэсний бөхийн түүхэнд харьшгүй хүстэй Арслан бөгөөд гагцхүү Дархан аварга Б.Бат-Эрдэнэд дарлуулсаар залуу насаа үдсэн хэмээн халаглах хүн олон бий. Хэрэв Б.Бат-Эрдэнэтэй нэгэн үе биш байсан бол Д.Мөнх-Эрдэнэ арслан хуультай, хуульгүй аварга болох байсан гэдэгтэй маргах хүн үгүй. Гэвч хүний хувь заяа төөрөг ямар байна түүгээр байдаг гэдэгчлэн Д.Мөнх-Эрдэнэ арслан өөрөө үүнд нэг их эмзэглэдэггүй гэдэг юм билээ. Харин шинэ хуулиар Даян аварга А.Сүхбат Дархан аварга болох боломж бүрдсэнд зарим хүн дургүйцэж байсан. Учир юу гэвэл аль хэдийн зодог тайлчихаад одоо хуулиар цол нэмэх нь зүйд нийцэхгүй хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн зарим нэг хүн шинэ хууль нь зөвхөн Х.Баянмөнх аваргын хүү, хүргэн хоёрт зориулсан хууль хэмээж байсан нь ч нууц биш. Бодууштай л зүйл. Нөгөө талаар дээрх хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллагыг оролцуулаагүй гэх шүүмжлэл ч дагуулаад байсан. Тэгэхээр олны дунд хөвөрсөн энэ яриа магадгүй Ерөнхийлөгчийн чихэнд хүрсэн хэрэг л дээ. Тиймээс л Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн бүрэн эрхийн дагуу дээрх хуульд хориг тавьсан байна. Тэгэхээр Даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Дархан аварга, Арслан Д.Мөнх-Эрдэнэ Улсын аварга болж, Гарьд Б.Гантогтох Арслан болох боломж энэ удаад хумигдав бололтой.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9852


URL:

Сэтгэгдэл бичих