Шүүдэрцэцэг ч гэх шиг…

7ed1a4dc4ff4a2f8big2522880162013-07-05-14-16[www.urlag.mn] Сайн муу нийлж сав дүүрдэг хорвоо. Уран зохиолын ертөнцөд ч сайн муу зохиолиуд холилдож, сүлэлдэн байх нь хэвийн үзэгдэл. Өнөөдөр хамгийн их зарагдаж байгаа номуудын жагсаалтанд Шүүдэрцэцэг гэдэг нэр байнга сонстох аж. Зохиолч хэмээн нэрлэгдэгч Шүүдэрцэцэгийн зохиолуудыг хүмүүс үнэхээр уншаад байна уу? эсвэл нэг нэгнийгээ дуурайгаад байна уу? гэдэг нь эргэлзээтэй боловч Шүүдэрцэцэг гэдэг энэ нэр байнга л сонстох болсон нь эрхгүй анхаарал татна. Шүүдэрцэцэг хэмээгч тэрбээр чамгүй олон зохиол бичиж, бас ч чамгүй нэр хүндтэй болсон нэгэн бололтой. 90 оны ардчилсан хувьсгал монгол хүнд эрх чөлөө олгосон болохоор хэнийхээ зохиолыг худалдан авч унших нь хүмүүсийн хэрэг. Харин ямар зохиол уншиж байгаагаар нь тухайн нийгмийн гишүүдийн мөн чанар хийгээд боловсрол, мэдлэгийн түвшинг шинжих боломжтой гэж үздэг. Тухайлбал XYIII зууны үеийн Англичууд ном уншихаа огт больчихсон байсан бөгөөд тэд уран зохиолд хоёр шаардлага тавьдаг байсан нь хоорондоо ихээхэн зөрчилтэй байжээ.

Тэдгээрийн эхнийх нь тухайн зохиол яг амьдралд тохиолдсон юм шиг үнэмшилтэй байх ёстой, хоёр дахь нь тухайн зохиол урд өмнө хаана ч байгаагүй гаж сонин адал явдалтай байх ёстой гэсэн шаардлагууд. Уг хоёр шаардлага нь хоорондоо зөрчилдөх агаад учир нь яг амьдралд тохиолдсон юм шиг үнэмшилтэй зүйл нь хаана ч байгаагүй гаж сонин байх боломжгүй байдаг ажээ. Гэвч уг хоёр шаардлагыг биелүүлж чадсан зохиол гарсан бөгөөд тэр нь Д.Дефогийн алдарт Робинзон Крузо хэмээх роман юм. Тэгээд тухайн үеийн Англичууд хоёрхон ном уншдаг болсон ба тэдгээрийн нэг нь Библи, нөгөө нь Робинзон Крузо байсан гэдэг. Тэгвэл өнөөгийн монголчууд ямар ном уншиж байна вэ? Интерном хэмээх монголдоо томд орох номын дэлгүүр борлуулалтаараа тэргүүлж байгаа номуудын жагсаалтыг гаргасан байгааг харвал Шүүдэрцэцэг гэдэг зохиолчийн номууд байнга л нэрлэгдэнэ. Яахав Айн Рэнд энэ тэр гэсэн нэр байх ч тэр нь үнэмшил муутай. Учир нь Монсудар компани өөрөө зардлаа гарган орчуулж, хэвлэсэн номоо хамгийн эхэнд нэрлэж олны анхаарлыг хандуулан, тэгснээрээ мөнөөхөн номоосоо хэдийг зарах гэсэн менежментийн арга хэрэглэх нь зүйн хэрэг. Харин Шүүдэрцэцэгийн зохиолууд зарагдаж байгаа гэдэг нь үнэн байж магадгүй. Яахав тэрбээр Шүүдэрцэцэг гэдэг гоё нэртэй, гоё гарсан зургаа цаасан торон дээр хэвлүүлж, шүдээ нуусан хөөрхөн царайгаараа олны анхаарлыг татах менежмент хийсэн байж болно. Гэхдээ л тэр хүний номуудыг хүмүүс аваад байна гэдэг чинь зөвхөн нэр ба царайнд нь татагдсан хэрэг гэж үзвэл дэндүү өрөөсгөл дүгнэлт болох биз ээ. Түүний “Сэтгэлийн анир” /2011/ гэдэг нэгэн түүвэр байна. Уг түүвэрт “Улаан пансан тэрлэг”, “Хүүхэлдэй”, “180 хэм”, “Тал гамбир”, Архичны эхнэрийн хүүрнэл”, “Өв залгамжлагч”, “Сэтгэлийн анир”, “Гэнэтийн бэлэг”, “Цахилгаан шатанд”, “Ариунаа” зэрэг 26 өгүүллэг оржээ.

Тухайлбал “Хүүхэлдэй” өгүүллэгт 1921 оны ардын хувьсгалаас өмнө үед нэгэн хүн Орос газраас бяцхан охиндоо тоглоомон хүүхэлдэй авчирч өгсөн бөгөөд охины бие муудахад буруу номтны газраас авчирсан хүний дүрс бүхий сүгнээс болсон байна хэмээн лам айлдаж мөнөөхөн хүүхэлдэйг золигт гарган гайтуулж байгаа тухай өгүүлнэ. Энэ өгүүлэмж нь манай соцреализмын үеийн уран зохиолд түгээмэл байсан ба С.Буяннэмэхийн “Их тэнгэрийн дүлий” мэтийн олон зохиолуудад байдаг дүрслэл юм. Зохиолыг уншаад эхлэхэд л “Ямар нэгэн муу зүйлийг энэ хүүхэлдэйнээс боллоо хэмээн лам айлдан шатаана даа” гэж мэдэгдэх бөгөөд зохиол ч мөн тэгж дуусна. Ийм л энгийн өгүүлэмжтэй хэн бүхэнд ойлгомжтой, ямар ч сэтгэлгээ шаардахгүй зүгээр л зугаа гаргах төдийгөөр уншигдах зохиол аж. Дараагийн өгүүлэг болох “Тал гамбир” бүтээлд нэгэн охин дүүгээ тал гамбир идлээ хэмээн цохиж алсан тухай өгүүлнэ. Тухайлбал: «…Охины уур хүрч дүүгээ загнав. “Хулгайч болох нь уу чи?” гээд орон доороос татаж гарган хоёр жижигхэн гарыг нь зууханд хайрна гэж сүрдүүлэв. Уур нь гарсангүй. Толгой уруу нь хоёр сайн байлгачихаад ор уруу чулуудав. Дүү нь өд шиг хөнгөхөн амьтан сан. Цээжинд багтарсан хилэн сая гадагшлав. Зүүн орон дээр атиралдах жаахан амьтан уйлах ч үгүй, хөдлөх ч үгүй. Унтчихаж дээ, эвий гэж…» (Сэтгэлийн анир.УБ. 2011. Хуудас 36-37) хэмээн бичжээ. Зохиолд гарч байгаагаар ингээд л дүүгээ алчихаж байгаа юм.

Мөн ч их уур хилэн, мөн ч амархан амь нас шүү! Бүр уйлах ч үгүй явчихдаг. Иймэрхүү амар, хялбар дүрслэлүүд “Сэтгэлийн анир” номын туршид үргэлжилнэ. “Өв залгамжлагч” хэмээх дараагийн өгүүллэгт Аззаяа гэх монгол оюутан охин Женев нуурын эрэгт ноён Мюллер гэгчийн гэрт амьдрах болжээ. Монголоор хэлбэл оюутан Аззаяа Мюллер гуайн гэрт нь суух аж. Мюллер өвгөн гэрийн зарц Курт хэмээх хүнтэй хамт амьдардаг бөгөөд гэртээ амьдарч эхэлсэн монгол охинд яваандаа их л сайн болж байгаагаар бичсэн ба Аззаяа Мюллерийн гэрт хагас жил илүүхэн байх хугацаанд зарц Курт нь үхэж, бас зуны амралтаар нь ноён Мюллер үхэж Аззаяа гэх монгол охинд өвгөн Мюллер өв хөрөнгөө гэрээслэсэн байна. Түүнийг нь зохиолд: «…Ганц бие тэр өвгөн Женев нуурын хөвөөн дэх цагаан харш, багагүй хэмжээний бэлэн мөнгөний хадгаламж, үнэт цаас гээд сая сая еврогийн хөрөнгийг гэртээ амьдарч байсан монгол охинд үлдээж байгаагаа гэрээслэсэн байна» (Сэтгэлийн анир.УБ. 2011. Хуудас 69) хэмээн өгүүлжээ. Бас л дүрүүд нь амархан, амархан үхэж байгаагаар бичсэн ба ер нь энэ Шүүдэрцэцэг гэдэг хүүхэн зохиолынхоо баатруудыг зүгээр л хүүрнэлээр амархаан үхүүлчих юм. Зохиолыг уншаад эхлэхэд л энэ монгол охин өв залгамжлагч болох юм байна гэдэг нь мэдэгдэх ба зохиол ч яг л тэгж төгсөнө. Ардын үлгэрт хамуутай хар даагатай нусгай бор хүү гэнэт л сайхан баатар эр болж, арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дараад, хайртай хатнаа аван, хутга тавихгүй мах идэж, хундага тавихгүй архи ууж, амар сайхандаа жаргадаг шиг л өгүүлэмжүүд хөвөрнө. Үлгэр чинь хүн төрөлхтөний гэнэн сэтгэлгээний үеийн үр бүтээл бөгөөд харин өнөөдөр чинь ХХI зуун шүү дээ.

Гэтэл иймэрхүү зохиол нэртэй юмсыг нэг нь эрээчин хэвлүүлж, нөгөө нь худалдан авч уншсаар байгаа нь манай өнөөгийн хүмүүсийн дүр төрх, сэтгэлгээний түвшинг бэлхэнээ харуулж байна. Түүний амар, хялбар үйл явдалтай зохиолуудад хайр сэтгэлийн асуудал ч мөн л ихээхэн амар, хялбараар өрнөж дуусна. “Гэнэтийн бэлэг” өгүүллэгт Оюун гэдэг эмч бүсгүй дүрслэгдэх бөгөөд нөхөргүй тэрбээр хүүхдийн эмч ажээ. Залуу бүсгүйн шинжгүй мэт дүрслэгдсэн тэрбээр нийслэлийн залуучуудын шинэ жилд урилгаар оролцох болж очно. Тэр удаа шинэ жилийн гацуураас ажлаа тараад ирэхэд тосох хүнтэй болгож өгөөч гэж хүсэх ба нэгэн өдөр гэнэт л ягаан дугтуй шуудангаар ирнэ. Дугтуй дотор Валентины өдрийн “Учраагүй хосуудын баяр” гэгчийн урилга байх бөгөөд Оюун ч урилгын дагуу очиж эрэгтэй ОО-ын өрөөнд андууран орж, мөн хоёр залууд шоолуулан гарч гүйсээр гэртээ ирнэ. Гэтэл тэнд ороолтоо унагасан байх бөгөөд маргааш нь ажил дээр нь нэг залуу ороолтыг нь авчирч өгснөөр хайрттайгаа учирчихаж байгаа нь тэр аж.

Зохиолд «…Ороолтыг нь авчирч өгөх далимаар танилцсан тэр өндөр залууг Гандөш гэнэ. Өөртэй нь адилхан эмч мэргэжилтэй, Дарханд амьдардаг, хань ижилгүй хүн байлаа. Амралтаараа хотод ирэхэд нь Валентины өдөр таарч найзуудынхаа ятгалгаар учраагүй хосуудын баярт ирээд Оюунтай ОО-ын өрөөнд тааралдан анхны харцаар дурлачихсан нь тэр. Харин Оюун хуримаа хийсэн хойноо ч тэр урилга явуулсан эзэн хэн гэдгийг мэдэж чадаагүй бөгөөд гацуурт хүслээ шивнэсэн нь биелчихсэнд дотроо итгэсээр явдаг юм …» (Сэтгэлийн анир.УБ. 2011. Хуудас 225) гэх мэтээр яг л нөгөө үлгэрийн өгүүлэмж шиг ар араасаа амар, хялбар үйл явдлын тухай тайлбарууд өрнөнө. “Өв залгамжлагч” өгүүллэгт хөрөнгө, мөнгө зүгээр л өөрөө хүрээд ирж байгаа бол “Гэнэтийн бэлэг” өгүүллэгт эр нөхөр зүгээр л өөрөө гүйгээд ирэх аж. Ядаж байхад адилхан эмч мэргэжилтэй байдаг нь ч юу билээ дээ. Иймэрхүү л «том» зохиолчид төрж, ном нь дэлгүүрт бестселлер болсоор… Өнөөгийн нийгэм, хүмүүсийн мөн чанар ч иймэрхүү амар, хялбар амьдралыг хүсэмжилж байгаа бөгөөд яг түүнийг нь биччихээр худалдан авч уншдаг бололтой. Жинхэнэ уран зохиолын мөн чанарт бол иймэрхүү дунджаас доогуурт орох зохиол нэртэй бичвэрүүд ямар ч хамаагүй юм. Киногоор хэлэх юм бол солонгос теле сериалууд шиг зохиолууд ихээхэн гүйлгээтэй байгаа нь гайхах зүйл биш. Учир нь өнөөгийн монголчуудын боловсролын түвшин, хэмжээ нэг иймэрхүү л байгаа гэсэн үг. Дэлхий дахинд олон нийтийн урлаг буюу массын урлаг гэдэг нэрээр түгэн дэлгэрсэн иймэрхүү зохиолууд цааш хөгжихдөө (иймэрхүү урлагийн тухай ярихад хөгжих гэдэг үг ч тохирохгүй гэж үздэг) буюу хавтгайран дэлгэрэхдээ эмэгтэйчүүдийн, адал явдлын, хошин шогийн, порно сексийн, уран зөгнөлийн гэх мэтийн төрөл хэлбэрүүдийг олсон байдаг ажээ. Монголын массын уран зохиолын гол төлөөлөгч Шүүдэрцэцэг хэмээгчийн зохиолуудыг эмэгтэйчүүдийн гэдэг ангилалд оруулан үзүүштэй юм. Энэ нь эмэгтэйчүүдэд сонирхолтой буюу ердөө хов живийн чанартай гэсэн үг. Иймэрхүү зохиол бичихэд ямар нэгэн авьяас билэг, онгод мэдрэмж, ур чадвар хэрэггүй зүгээр л эрээчих дон, борлуулах зах зээл байхад л болдог ба энэ хоёр хүчин зүйл нь өнөөгийн монголын нийгэмд бүрэлдсэн байгаа болохоор Шүүдэрцэцэгийн номууд гүйлгээтэй байгаа юм. Өнөөгийн буюу социализмын дараах үеийн монголын нийгэмд ядуурал маш их байгаа ба түүний дотор оюун санааны ядуурал асар их байгаа нь иймэрхүү доод түвшний буюу борчуудын урлаг түгэн дэлгэрэхэд ихээхэн таатай хөрс суурь болж байна.

Тэр байдал нь зохиолч Г.Аюурзанын мета романуудын оронд энэ Шүүдэрцэцэг гэх эмэгтэйн ховын чанартай «аугаа бүтээл»-үүдийг сонгож байгаагаар, бас ямар ч хөрөнгө, мөнгө зараагүй зүгээр л нэг өрөөн дотор суучихаад жүжигчдийнхээ хоолыг идүүлэнгээ элдэв солиотой юм ярьж үзэгчдийг зугаацуулдаг солонгос теле сериалыг амь тавин үзэх авгай нарын төрхөөр, монгол суу ухаантан Бат-Отгон, орифлемийн Оюунгэрэл мэтийн авгай нарын лекцэнд сууж дэлхий сөнөнө хэмээн аргал түүж, хажуугаар нь эмэгтэй хүний авгай шинж, гэргий шинж гэх мэтээр элийрэгчдийн мөн чанараар, Шинийн хэдний ч билээ сарыг хараад мөнгө өөрөө хүрээд ирнэ хэмээн түрийвчээрээ даллан зогсоо хүмүүсийн дүрээр, “Гамлет”-ыг үзэхийн оронд “Х түц”, “Шинэ үе”, “Маск” өөр юу юу ч билээ продакшнуудын хошин урлагийн мастерууд хэмээн өөрсдийгөө өргөмжлөн, марзаганагчдын үзэгчдээр болон нийтийн дууны мастеруудын концертын билет зарагдаж байгаагаар бас ямар нэгэн академийн ч билүү өөрийнхөө зохиосон байгууллагын академич, доктор Сарандаваа гэгч авгайгийн лекц гэх шизо яриаг бишрэлтэйгээр сонсон суугаа массын хандлагаар маш тодорхой илэрнэ. Ийм л цаг хугацаа ноёрхож байна. Иймэрхүү харанхуй, мухар сүсгийн үед ховын чанартай «уран зохиол» алдаршдаг бололтой. Үүний сонгодог бүр сонгодгийн сонгодог баримтууд нь Шүүдэрцэцэг хэмээгчийн «бүтээл»-үүд юм. Түүнийг массын урлагийн эмэгтэйчүүдийн гэдэг ангилалд бүрнээ хамааруулах нэгэн зохиол “Сэтгэлийн анир” түүвэрт нь байгаа нь “Архичны эхнэрийн хүүрнэл” нэртэй. Уг зүйлийг зохиол гэж нэрлэхэд төвөгтэй. “Архичны эхнэрийн хүүрнэл” гэх уг зүйл нь тэр чигтээ нэгэн эхнэрийн үглээ ба ховын яриа юм. Уг зүйл нь эхлэхдээ: «10 дугаар сарын 3. Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах… Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан, цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдохоо ч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би залхаж байна.

Хоёр өдрийн турш сураггүй алга болчихоод, танилцсаныхаа ойн урд орой нь гэртээ ирж шөнөжин агсам тавьж цамнасан нөхрийнхөө тухай гэрэл гэгээтэй юу бодож чадах билээ?…» гэж эхэлнэ. Иймэрхүү хов уг зүйлийн турш хөврөх ба дунд хэсгээс нь дурьдвал: «…Энэ хүмүүс намайг шөнөжин санаанд багтамгүй доромжлол амсан, согтуу нөхрийнхөө гарын шүүсыг амсаж өнгөрөөснийг гадарладаг болов уу? Яасан үйлтэй амьдрал вэ? Ажил сургуульдаа яарсан хүмүүс, унаа тэрэг хөлхөлдөн шинэ өдөр эхэлж байдаг. Надад бол гаслант хар шөнийн үргэлжлэл гашуун зовлонт шинэ өдөр гэсэн үг…» гэх мэтээр үргэлжилнэ. Төгсгөлдөө: «…Нөхрөө би архинаас аварч чадсангүй. Дахиад 2 сарын дараа архины гүн хордлогын шокоор айлд нас барсныг чинь сонсоод би тэр өдрийнх шиг цочирдон гашуудаагүй юм даа. Би чамайгаа, амраг ханиа аль хэдийн алдчихсан байснаа мэдэрсэн. Би чамайг тэр өдөр сэтгэлдээ оршуулчихсан байсан. Нарангийн энгэрт торойн хоцорсон шарилд чинь атга шороо тавихдаа дараагийн төрөлд нь архигүй амьдрал угтаасай хэмээн би сэтгэлдээ ерөөж байсан шүү. Баясаа минь» (Сэтгэлийн анир.УБ. 2011. Хуудас 51-57) гэж дуусах ажээ. Ийм үглээ яриаг 7-8 хуудсын турш нуршина. Уг зүйлд зохиолчийн баатраа хүүрнэлээр амархаан үхүүлдэг дүрслэл мөн давтагдсан байна. Энэ нь уншиж байгаа хүндээ хэрэгтэй ч гэдэг юм уу, нийгмийн ач холбогдолтой өөрөөр хэлбэл архи гэдэг их муу, муухай зүйл юм шүү гэсэн ойлголтыг төрүүлж магадгүй юм. Гэхдээ жинхэнэ урлаг, уран зохиолын эцсийн үүрэг зорилго нь нийгэмд ямар нэгэн ач холбогдолтой байх гэдэг асуудалтай ямар ч хамаагүй билээ.

“Архичны эхнэрийн хүүрнэл”-ийг уншсан эмэгтэй хүн ялангуяа архичин нөхөртөй эмэгтэй хүн их л сайнаар хүлээн авч зохиолчид талархаж магадгүй. Нийгмийн хар масст ч таалагдаж болно. Харин уран зохиолын мөн чанарт харш. Шүүдэрцэцэгийн бүтээл гэгчдийн дүрслэлийн хамгийн гажуудалтай тал нь дүр, дүрслэлүүдийг дүрслэн нээж үзүүлэхгүй зүгээр л тайлбарлан мэдээлдэгт байгаа юм. Архичин хүнийг яасан их архинд дуртай амьдралаа алдсан, авгайгаа зоддог нөхөр вэ? гэдгийг нь үзэгдэл, үйл явдлаар нээн үзүүлж байж өөрөөр хэлбэл нэгэн онигоонд байдаг шиг “Нэгэн эр усгүй цөлд цангаж үхэх гээд явж байжээ. Гэтэл нэгэн ид шидтэн гэнэт гарч ирээд “За гурван хүслээ хэл. Биелүүлж өгье” гэхэд нөгөө эр “Нэгдүгээрт энд нэг нуур бий болго, хоёрдугаарт энэ нуураа архи болго, гуравдугаарт энэ нуур уруу цутгасан архин голууд бий болго” гэсэн юм гэнэ лээ” гэж өгүүлж байж зохиол гэдэг юм бий болдог. Эндээс энэ эр архинд дэндүү дуртай хүн юмаа гэдэг нь өөрөө харагдах ба зохиогч нь архичин хүн гэж шууд хэлэхгүй. Ингэж үзэгдэл үйл явдлаар нь нээн үзүүлэхийг л зохиол гэж нэрлэдэг. Гэхдээ энэ жишээ бол хамгийн доод түвшний буюу ердөө л онигоо. Гэтэл Шүүдэрцэцэгийн зохиолд «…Гэтэл … нэг өдөр… Хэлтсийн тайлангийн хурлаас гараад иртэл “Баясаа ах уучихсан явна гэнэ” хэмээн сайн танил маань утсаар хэлэхэд газар дэлхий дайвалзаад л явчихсан.

Миний богинохон аз жаргалд цэг тавьсан тэр сураг Баясгалан гэж хүн эгнэгт дуусчээ гэсэн гашуун үнэнтэй намайг эвлэрүүлсэн юм. Тэр өдөр, тэрхэн мөчид бид хоёрын есөн жилийн амьдрал нүдний өмнүүр сүүдэр зураг шиг жирэлзээд л өнгөрч билээ…» (Сэтгэлийн анир. УБ. 2011. Хуудас 57) гэх мэтээр өгүүлэх ба бүх мэдээллийг зохиогч өөрөө өгөх бөгөөд ямар ч дүрслэл байхгүй зүгээр л амархан амархан тайлбарласан хүүрнэлүүд үргэлжилнэ. Ийм юмнуудыг зохиол гэж нэрлэх ямар ч боломж байхгүй. Учир нь уран зохиолын ертөнц гэдэг бол өөрийн тогтсон хууль зүйтэй, хэмжүүр шалгууртай, хүрсэн түвшинтэй бөгөөд юу тааралдсанаа баруун, солгойгүй жавьжилж байдаг сэтгүүл зүйн салбар биш. Ер нь эдгээрийг бичээд байгаа Шүүдэрцэцэг гэдэг эмэгтэй сэтгүүлч ч байж магадгүй гэсэн сэтгэгдлийг төрүүлэх аж. Мөн энэ бүхнээс өнөөгийн монголын ард түмний боловсрол, мэдлэгийн түвшин, ард түмэн гэж нэрлэдэг хар массын сонирхол, оюуны хоосрол тод харагдана. Өнөөдөр ард түмэн маань бүх юмыг амархан бүтээсэй, маш хурдан хугацаанд зүгээр сууж байгаад л гэнэт баян болох юмсан, зүгээр сууж байтал гэнэт нэг баян хүн ирээд нөхөр минь (эхнэр минь) болоосой, зүгээр юу ч хийхгүй сонгуулийн сурталчилгаанд яваад л өндөр эрх мэдэл, албан тушаалтай болохсон гэж маш их хүсэж байгаа бололтой. Тиймээс яг энэ хүслийг нь, яг энэ аргаар нь биелж байгаагаар бичсэн Шүүдэрцэцэг гэдэг хүний зохиолууд алдаршиж байна.

Энэ бол үндэсний хэмжээний эмгэнэл. Түүний зохиолууд нь иймэрхүү хэт хялбарчилсан, асуудлыг маш хурдан амар хялбараар шийдвэрлэсэн, энгийн ойлгомжтой, өөрөөр хэлбэл нийгмийн мэдлэг боловсролгүй доод хэсгийнхэнд зориулагдсан, ур чадвар, сэтгэлгээний наад захын шаардлага, шалгууруудыг хангаагүй, дүрт сэтгэлгээнээс ангид, үзэгдэл, үйл явдлыг дүрслэн нээж үзүүлээгүй зүгээр л тайлбарлан мэдээлсэн байдаг нь тодорхой харагдаж байна. Иймд зохиолч гэх Шүүдэрцэцэгийг массын урлагийн гол төлөөлөгч, эмэгтэйчүүдийн уран зохиолч гэж нэрлэх ёстой. Түүний уран бүтээлийн тухай ярихад уран зохиолын мөн чанар үүрэг зорилго, ур чадвар, дүр дүрслэл, хэл найруулгын түвшин, урсгал чиглэл, сэтгэлгээний талаар авч үзэх ямар ч боломжгүй. Ер нь массын урлагийнхныг нийгмийн зүгээс буюу нийт урлаг, утга зохиолын талаас хааж хязгаарлах шаардлагатай байдаг боловч тэд юунд ч үл захирагддаг тул урсгалаараа дэлгэрээд явдаг байна. Тиймээс тэднийг цаг хугацааны шалгуурт даатган үлдээхээс өөр аргагүй. Тийнхүү цагийн шалгуурт даатгаад л дуугүй орхиё гэхээр түүхэн сэдэв үрүү орж нөгөө л аргаараа «бүтээл» туурвиж эрэмдэглэх нь маш аюултай байдлыг бий болгож байна. Угаасаа энэхүү бэсрэг шүүмжийг бичихэд хүргэсэн гол зүйл нь энэ. Шүүдэрцэцэг “Ану хатан” гэдэг роман бичиж, бас жүжиг болгож, түүгээр ч зогсохгүй уран сайхны кино хийжээ. Зүгээр л нөгөө хялбархан хайр сэтгэлтэйгээ учирч байгаа, хялбархан хөрөнгө мөнгөтэй болж байгаа, хялбархан хүн үхэж байгаа, хялбархан үйл явдалтай хялбархан зохиолуудаа бичээд, хялбархан мэдлэгтэй хар массдаа хялбархан үнэлэгдээд, хялбархан нэр төрөө олоод явж байсан бол энэ талаар дуугарах шаардлагагүй ч байж болох байсан. Гэтэл түүхэн сэдэв үрүү хандаж бүтээл туурвиж байгаа нь зүгээр хараад суух аргагүй болгож байна.

Түүхийг киногоор үзүүлнэ гэдэг нь ихээхэн хариуцлагатай ажил бөгөөд кино бол номоос илүү нийтийг хамардаг ба уг киног үзсэн хүн тухайн үйл явдлыг яг кинонд үзүүлж байгаагаар нь ойлгон үнэн хэмээн ухаардаг. Тиймээс түүхэн кинонд түүхийг бодитойгоор буюу үнэнээр нь үзүүлэх шаардлагатай. “Ану хатан” киноны түүхэн үнэний талыг түүхчид тодруулж өгөх болов уу гэж найдаж байгаагаа дашрамд илэрхийлье. Ганц хоёр хүний ярьж байгааг сонсоход маш өнгөц хандсан байна гэж дүгнэж байгаа ажээ. Их эрдэмтэн зохиолч Б.Ренчингийн “Ану хатан” хэмээх түүхэн өгүүллэгийг л жаахан дэлгэрүүлсэн уг кино нь зүгээр л зураач, зураглаачийн кино болжээ. Зураачийн ажил сайн болох нь киноны хувцас хэрэглэлээс харагдаж байгаа ба ер нь массын урлагийнхан гадаад өнгөн талд их анхаардаг онцлогтой нь уг бүтээлээс тодорхой харагдана. Зураглаачийн ажил нь мөн сайн болсон ба үүнд нь камерийн хүчин чадал, техникийн дэвшил нөлөөлсөн бололтой. Харин зохиолч, найруулагчийн ажил нь үнэхээр муу бөгөөд киноны хэл найруулга, ялангуяа диалог муу байна гэдэг нь зохиолчийн муугийнх. Тухайлбал: Ану хатан дайны талбарт байгаа нөхрийнхөө араас ирээд уулзаж ярихдаа: “-Хуримын анхны шөнө саяхан мэт санагдана” гэж яриагаа эхлэх ба дайнд ороод хэрэггүй гэж ятгаж байгаа дагалдагч нартаа: “-Та нар миний нүд үрүү хар даа” гэж зүгээр нэг хэрүүлч авгай шиг орилох аж. Зөвхөн энэ хоёрхон жишээ л уг киноны хэлийг орчуулгын мэт модон хэлтэй болохыг нь нотлох юм.

Ер нь монгол хүн хуримын анхны шөнө гэдэг ойлголтыг хэддүгээр зуунаас мэддэг болсон юм бол? Өнөөдөр ч хуримын анхны шөнө гэдэг ойлголтыг мэдэхгүй «аваргууд» хот, хөдөөгүүр зөндөө л «цохиж» яваа. Энэ нь зэрлэг бүдүүлэгтээ биш бөгөөд монгол хүний мөн чанар, амьдралын хэвшил, сэтгэлгээтэй нь уялдаатай. Ер нь монгол хүн анхны шөнө, анхны үнсэлт, онгон бие энэ тэрийг нэг их чухалчилдаггүй бөгөөд өөрөөр хэлбэл монгол хүн хэзээ ч сексийн мэдрэмжийг нэгдүгээрт тавьдаггүй. Мөн монгол хүн -Чи миний нүд үрүү хар даа гэж нэг нэгэндээ хэлдэг билүү? Харин алив хэргийн талаар ярилцаад өнгөрсөн хойноо түүний байр байдлыг харахад худлаа хэлээгүй байхаа хэмээн ярих нь бий.

Байр байдал гэдэг үгэнд нүд багтаж явдаг. Гэтэл хатан Ану чинь хэддүгээр зууны үеийн хүн билээ? Иймэрхүү гадаадын киноны тааруухан орчуулгын «модон» хэллэгийн үгсийн санг тэр хэвээр нь уг кинонд ашиглажээ. Иймэрхүү алдаа уг кинонд маш түгээмэл байгаа бөгөөд тэр үеийнх нь Ойрад аялгуугаар ярьж чаддаггүй юм аа гэхэд ядаж тухайн үеийн үгсийн санг хагас дутуу ч гэсэн ашигламаар юм. “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Алтан өргөө”, “Алтан шонхор” “Бүлээн нурам”.., үгүй ядахдаа ардын хувьсгалын өмнөх болон дараах үеийг харуулсан “Гарьд магнай”, “Сэрэлт”.., гээд кинонуудын хэлийг үзэж, сонсоогүй хаагуур явж байсан зохиолч, найруулагч хоёр вэ? Массын урлагийнхны ганц сайн хийж чаддаг зүйл нь сүржин реклам, хийсвэр сенсаац байдаг бөгөөд уг бүтээлийн тэдгээр ажил нь үнэхээр сайн тул мэдээж мөнөөхөн мэдлэг боловсрол доогууртай хар масс уг киног их үзэх нь ойлгомжтой. Ерөөсөө массын урлагийн далайцтайгаар нийтийг хамардгийн цаад учир шалтгаан ч реклам сурталчилгаатай нягт холбоотой ба шоу бизнес гэдэг бүхэл бүтэн салбар бий болсон нь үүнийг нотолж байдаг. Монголын их утга зохиол баян бөгөөд олон өнгө төрхтэй. Бас нэг ийм хүүхэн л дутуу байсан юм байх даа. Одоо яая гэх вэ?! Шүүдэрцэцэг ч гэх шиг…

Утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь


URL:

Сэтгэгдэл бичих