М.Ариунболд: Саалиа бэлдэхээр саваа бэлдье

М.Ариунболд: Саалиа бэлдэхээр саваа бэлдье

Энэ жилийн төмс, хүнсний ногоо тариалалтын явцын талаар ҮХААЯ-ны Газар тариалан эрхэлсэн ахлах мэргэжилтэн М.Ариунболдтой ярилцлаа.

-Энэ жилийн хувьд төмс тариалалтыг өмнөх оноос бага га-д тарьсан. Ямар учраас бага га-д тарив. Нийт хэрэгцээг хангаж чадах уу?
-Өнгөрсөн онд 16.5 мянган га-д төмс тарьсан. Харин энэ онд 15.8 га-д тарилаа. Энэ жилийн хувьд тариалалтын хэмжээ 700 га-аар бага байгаа ч энэ нь хэрэгцээнд нөлөөлөхүйц тоо биш. Тиймээс нийт хэрэгцээг бүрэн хангах боломжтой.

Нэгдүгээрт өнгөрсөн оны хувьд хур бороо ихтэй, чийглэг, хөрсний дулаан 25-27 градустай байгаль цаг уурын нөхцөл сайн байсан хангалттай ургац авсан. Хоёрдугаарт газар тариалалтад техникийн шинэчлэл хийснээр ногоочдын хөдөлмөрийг хөнгөлж, хөрсөө бүрэн боловсруулах, тариалалтын арчилгаа, маналт, хөрсийг сийрэгжүүлэх техникээр хийх боломжтой болсон. Энэ жилийн хувьд байгаль, цаг уурын нөхцөл өнгөрсөн онтой харьцуулахад тариалалтад тохирсон таатай жил биш байна.

-Хэдэн га-д, хэр их темс авахаар төлөвлөв?
-Одоогоор ургацын хэмжээг тооцоолох боломжгүй. Учир нь наймдугаар сарын дундуур ургацын хэмжээг урьдчилсан байдлаар төмс тариалалтын бүс нутгуудаар явж гаргадаг. Улсын дундаж хэмжээгээр тооцоолвол нэг га газраас 15 тонн ургац авна гэж үздэг. Энэ жилийн сувьд 15.8 мянган га газар төмс тарьсан.

-Төмс тариалалт ямар шатандаа явж байна?
-Одоогийн байдлаар төмс бутлалтын үе явагдаж байна. Хоёр дахь мөр хоорондын боловсруулалтыг хийгээд 15 см өндөр ургаад эхлэхэд анхны маналт, хөрс боловсруулах үйл ажиллагаа явагдаж байна.

-Төмсний тариалалт багассанаар ургац хураах үед үнэ өсөх юм биш үү?

-Энэ жилийн тариалалт өмнөх жилийнхээс бага тариалсан ч үнэ өсөх нөхцөл бүрдэхгүй. Харин ногоочдоос иргэдийн гар дээр очих хүртэл дам дамаар дамжин өсч буй үнийн хөөрөгдлийг төр засгаас анхаарч тогтоох тал дээр арга хэмжээ авбал зохино.

-Төмс хадгалах зоорь нэлээд чухал. Үүнийг шийдэх ямар ажил хийгдэж байна?

-Өнгөрсөн онд 242 мянган тонн төмс, 98 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан. Гэтэл манай улсад 173.6 мянган тонн багтаамжтай бүхий агуулахад нийт ургацын 50 хувийг хадгалдаг. Үлдсэн хувийг ногоочид хадгалж болох бүх л газарт хадгалдаг. Энэ нь хөлдөх, хайрагдах, ялзрах зэрэг нөхцлийг бүрдүүлж нийт ургацын 30 гаруй хувь нь нэрвэгддэг.

Мөн нийт ургацын 30 хувь буюу 60-70 мянган тонн ургацыг зуны хугацаанд борлуулах ажлыг хийдэг. Зуны борлуулалт аравдугаар сарын 15 хүртэл ил талбайд үргэлжилдэг. Иймээс шинэ агуулах сав барих шаардлага тулгарч байгаа учраас саалиа бэлдэхээр саваа бэлдэх хэрэгтэй байна.

Энэ хүрээнд Засгийн газар төмс хүнсний ногооны зоорь агуулахын хангамжийг дээшлүүлэх дэс дараатай бодлого хэрэгжүүлж байна. Энэ онд Засгийн газар Монголбанктай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулан ажиллаж байна. Санамж бичгийн хүрээнд төмс, хүнсний ногоо хангамжийг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж , мах махан бүтээгдэхүүн, хуурай хүнсний агуулах, хадгалан боловсруулах, борлуулах хүчин чадлыг сайжруулах төсөл хэрэгжүүлснээр 40-45 мянган тонноор төмс хүнсний ногооны агуулахыг нэмнэ гэсэн урьдчилсан тооцоотой байна.

-Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар бороо ихтэй байлаа. Төмсний тариалалтад нөлөөлөв үү?

-Өнгөрсөн өдрүүдэд орсон бороо бүх тарималд сайн нөлөө үзүүлсэн. Долдугаар сард борооших их тустай. Харин тариалалтын үед орсон бороо тариалалтад нөлөөлдөг.

-Газар тариалалтад хамгийн их нөлөөлдөг зүйл бол цаг агаар байдаг. Энэ жил ямархуу зун болох талаар урьдчилсан мэдээлэл байна уу?

-Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр цаг агаар ойрын өдрүүдэд олон жилийн дунджаас их дулаарна гэж мэдээлсэн. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт төдийлөн таатай үе биш бөгөөд бусад тарималд сөргөөр нөлөөлөх аюултай байна.

-Энэ жил тосны ургамлыг хоёр дахин тарьсан. Энэ нь төмсний тариалалттай холбоотой юу?

-Тосны ургамлын тариалалт төмс тариалалттай холбоогүй. Хөрсний үржил шимийг хамгаалах, тогтвортой байлгах, үржил шимийг нэмэгдүүлэх, хөрсний чанарыг сайжруулахын тулд тариалж буй тарималыг жил бүр сольж, хөрсийг биологийн аргаар сэлгэж байгааг таримлын сэлгээлт гэдэг. Иймээс хөрсийг бордох хэрэгтэй. Нэгдүгээрт гаднаас нь бордох буюу шим тэжээлийн бодис хэрэглэх, хоёрдугаарт тариалж буй тарималыг сэлгэснээр үндэсний багтаамжийн хэмжээ, биологийн онцлог, агаарт азотыг шингээх чадвар зэргийг ашиглаж хөрсний сэлгээг хийдэг.

-Одоогийн байдлаар хийж буй цаг үеийн ажлаа танилцуулаач?
-Одоогоор ургамал хамгаалах, хортон шавьж, хог ургамалтай тэмцэх ажил хийгдэж байна.

Ж.Эрдэнэчимэг


URL:

Сэтгэгдэл бичих