Н.Удвал эмнэлгийн даргад тэнцээгүй хүнийг Төрийн нарийн бичгийн дарга болгох гэнэ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга, доктор Ж.Хатанбаатарыг ажлаас нь халуулахаар Засгийн газар, Ерөнхий сайдад албан бичиг илгээжээ. Яаман дээрээ бүр Ерөнхий сайдтай ярьчихсан “Еө-тэй тохирчихсон” гэх маягийн юм яриад гүйгээд байгаа гэнэ. Ардын эмч, доктор Ж.Хатанбаатарын оронд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаа А.Эрдэнэтуяаг томилж өг гэсэн бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг рүү илгээсэн байна.
Хэн нэгнийг ажлаас халж, сольж болно. Гэхдээ сайжруулж өөрчилж байгаа бол яахав. Гэтэл Н.Удвалын төрийн нарийн бичгийн дарга болгох гэж зүтгүүлээд байгаа А.Эрдэнэтуяа нь өнгөрсөн тавдугаар сард болсон эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтад оролцоод бүдэрсэн нэгэн аж. Бүр тодруулбал, Хавдар судлалын үндэсний төвийн дарга болох гэж ганцаараа шалгалт өгөөд бараагүй юм байна. Эмнэлгийн даргад тэнцээгүй хүнийг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга болгох гээд байгаа нь сайжруулж байгаагийн шинж гэж хэлэхэд хэцүү.
Дашрамд дурдахад, А.Эрдэнэтуяа нь Архангай аймгийн уугуул бөгөөд зохиолч, сэтгүүлч Ж.Саруулбуянгийн гэр бүлийн хүн гэдэг мэдээлэл ч байна. А.Эрдэнэтуяа нь Сонгинохайрхан дүүрэгт сонгуулиадаар Д.Тэрбишдагва гишүүнийг ялуулахад байнга хүчин зүтгэдэг учраас МАХН-ын дэд дарга, Засгийн газрын шадар сайдаас ч дэмжлэг авч байгаа гэнэ. Тиймээс Засгийн маргааш болох Засгийн хуралдаанд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва “Манай нам Ж.Хатанбаатарын татна барина” гэсэн юм ярих бололтой.
URL: