Ус бол алт

Өнөөдөр олон улсын хэмжээнд уул уурхайн талаархи ойлголт 20-30 жилийн тэртээх ойлголтоос өөр болжээ. 20-30 жилийн өмнө ихэнх уул уурхайн компаниуд тухайн орны Засгийн газартай харилцаа сайтай байж харин байгаль орчны байна уу бусад чухал стандартуудыг дагаж мөрдөхгүй,
эсвэл хагас дутуу дагаж мөрдөн улмаар нутгийн уугуул иргэдтэй Засгийн газрыг нь хөндийрүүлж хооронд нь яс хаях хялбар аргыг илүүд үздэг байсан бол өнөөдөр “тогтвортой хөгжил” гэдэг ойлголтыг түлхүү хэрэглэж, нутгийн уугуул иргэдтэй хэнээс ч ойр, хамтарч ажиллаж,
тухайн улсын төдийгүй олон улсын бүх хамаарах стандартуудыг чанд дагаж мөрдөж, үнэнч шударгаар, ил тод зарчмаар уул уурхайн үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг болжээ. “Тогтвортой хөгжил” гэдэг ухагдахууныг  энд онцолмоор байна.
Энэ нь “ирээдүйн хойч үеийнхээ эрэлт хэрэгцээгээ хангахуйц нөхцөл байдлыг бий болгохын сацуу өнөөдөр өөрсдийнхөө эрэлт хэрэгцээг хангах явдал юм” хэмээжээ. Энэ утгаараа өнөөдөр Монголчууд бид зөвхөн 4 жилийн хугацаагаар өнөөдөр, маргаашаа харах бус, мөн зөвхөн өнөөдрийн Монголчуудыг бодож байгалийн нөөцөө олборлох бус ирээдүй, хойч үедээ зориулж бодлоготойгоор энэ бүгдийг хийх цаг нь болжээ.
2009 оны Сангийн сайд болон Оюу Толгойн ХОГ-нд оролцсон бусад дарга нар маань хөгжлийг зөвхөн эдийн засгийн үр өгөөж, мөнгөн дүнгээс нь харж байсан боловуу гэлтэй. Гэтэл өнөөдөр бид үүнийг өөр өнцгөөс харж байна.
Өнөөдөр хөгжил гэдэг бол эдийн засгийн хөгжил, байгаль орчны тогтвортой байдал, олон нийтийн оролцоо гэсэн салшгүй 3 хэсгээс бүрдэнэ гэдгийг бид ойлгодог боллоо.
Оюу Толгой ордыг ашиглахад Монголын эрх бүхий байгууллагаас жилд 27.4 сая м3 ус ашиглаж болно гэж зөвшөөрөл өгсөн байдаг. Ингэхдээ бид Монголын говийн онцлогыг харгалзаж үзэх ёстой. Говийн усны ууршилт өндөр, өөрөө өөрийгөө тэтгэх боломж нь тааруу, хур тунадас багатай зон буюу бүс нутаг юм.
Манай говь нутагт 40,000 жил хуримтлагдсан усны хэмжээгээр эрдэмтдийн тооцоолсноор жилд 35.4 сая м3 ус ашиглаж болно гэсэн тооцоо байдаг. Ингэж чадваас тогтвортой хөгжилд бид их хувь нэмэр оруулж байна гэсэн үг юм. Гэтэл Оюу Толгой дангаараа өнөөдөр энэ тоог хэд дахин давуулан биелүүлэх тооцоо гараад байна.
Оюу Толгой бидэнд эхний ээлжинд хоногт 110,000 тонн хүдэр баяжуулна, цаашлаад бүрэн хүчин чадлаараа ажиллахаараа хоногт 150,000 тонн хүдэр баяжуулна гэж байсан ба үүн дээр нь тооцоолоод усны хэрэгцээг нь Монголын эрдэмтэд гаргажээ. Үүнийг хүснэгтээр үзүүлвэл:
гэтэл өнөөдөр Монголчууд усны талаар яриад ирэхээр Оюу Толгой компаниас хоногт 70,000 – 80,000 тонн хүдэр боловсруулна гэх мэт урд өмнө нь яригдаж байгаагүй тоон үзүүлэлт хэлэх болсон нь зарим хэвлэл мэдээллээр цацагдсан.
Энэхүү хүснэгтээс харвал Оюу Толгой нь өөрт батлагдсан усны хэмжээнээс даруй 2-3 дахин их ус ашиглах дүр зураг харагдаж байна. тэгэхээр үүнийг хэн баталгаажуулж, хянаж байгаа вэ гэдэг асуултанд Монголчууд бид хариу өгөх цаг нь болжээ.
Усны төлбөр дээр олон асуудал яригддаг. Жишээ нь Оюу Толгойд хамгийн бага төлбөрийг ногдуулж байна гэх мэт. Гэхдээ хамгийн гол нь усны ямар стандартуудыг баримтлана гэж хэлээд, ямарыг нь хэрэгжүүлээд эсвэл хэрэгжүүлэллүй орхигдуулж байгааг хянаж байгаа газар байна уу?
Ер нь уул уурхайн компаниудын хувьд хамгийн том асуудал нь хэрэв тухайн уул уурхайн компани дампуурах эсвэл тухайн уурхайг орхин гарсан тохиолдолд устай холбоотой бүх асуудлууд нь ард иргэдийн нуруун дээр ирдэг байна.
Олон улсын жишээнээс харахад гүний хоолойн усыг олон жил ашиглах нь тухайн нутгийн болон иргэдийн усны хэрэгцээнд маш сөрөг үр дагавартай байдаг байна. Ихэнх уул уурхайн компаниуд гүний хоолойн усыг хэрэглэж байгаадаа мөн түүний нөхөн сэргээлтэд зориулж ихээхэн хэмжээний мөнгийг тухайн улсын банкинд байршуулж улмаар хүү нь бодогдож хадгалагддаг байна.
Гэлээ ч энэхүү гүний хоолойн үр уршиг эсвэл гүний хоолойг нөхөн сэргээх явдал нь ганц 2 жилийн бус 100, 200 жилээр яригддаг асуудал тул энэ мөнгө нь хангалтгүй байж улмаар нөгөө л нутгийн уугуул иргэдийн эсвэл тухайн улсын нуруун дээр том ачаа болон үлддэг байна.
Оюу Толгойн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээнд Монголын иргэд, олон улсын эрдэмтэн судлаачид маш шүүмжлэлтэй хандсан. Олон улсын түвшинд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг 3 хувилбараар боловсруулдаг байна.
Үүнд, 1. хамгийн муу тохиолдлоор, 2. өнөөгийн учруулж байгаа хор уршиг буюу бодит байдлаар нь, мөн 3. хэрэв уул уурхайн үйл ажиллагаа хэрэгжээгүй бол гэсэн үндсэн гурван хувилбараар тооцоолж боловсруулдаг байна. Ингэснээр тухайн нутгийн уугуул иргэд уул уурхайн үйл ажиллагааг хэргжүүлэхийг зөвшөөрснөөр өөрсдөд нь болон хойч үед нь ямар хор уршиг, байгалийн нөлөөлөл учирах нь вэ гэдэгээ мэдэж зөв шийдвэр, сонголтыг хийдэг байх нь.
 Гэтэл Оюу Толгой компани аль хувилбараар нь тооцоолж боловсруулчаад өнөөдөр ийм гоё юм хийлээ гээд байгаа нь эргэлзээтэй. Оюу Толгойн уул уурхайн үйл ажиллагаанаас болж ямар хор уршиг, усны хомсдол, байгалийн өөрчлөлт, нөлөөлөл учирахыг бид ер нь мэдэж байгаа юм уу?
Үүнийг мэдэж таниулах ажлыг Оюу Толгой өөрөө хийх нийгмийн хариуцлага үүрдэг. Энд зөвхөн хэдхэн хоногийн дотор иргэдийг мэдээлэл авч болно гээд хаядаг явдал биш юм. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь нарийн мэргэжлийн, техникийн үг хэллэг ихтэй, жирийн иргэний ойлгохгүй, мэдэхгүй сэдвийн хүрээнд хийгддэг тул энэхүү байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ойлгуулж, танилцуулах ажлын хүрээнд мөнгө санхүүүгийн асуудлыг хүртэл Оюу Толгой шийдвэрлэх ёстой байсан.
Гэтэл зүгээр л цахим хуудаснаас, ганц 2 мэдээллийн төвөөс, Оюу Толгойн ажлын байрнаас ирж авч болно гэх төдий хаясан нь Монголчууд бидэнд хангалтгүй, басамжилсан мэт санагдаж байна.
Ер нь гүний хоолойн усыг ингэж хяналтгүй, замбараагүй ашиглах нь ард иргэдийн нуруун дээр ирэх санхүүгийн болон байгаль орны эрсдэл асар их байдаг гэж олон улсын туршлагаас харж болохоор байна.
Усыг хэмнэлтэй ашиглах нь уул уурхайн компаниудын гол зорилго байх ёстой. Үүнийг зүгээр л бид 80%-ийг нь дахин ашиглана гэж хэлээд орхидоггүй. Оюу Толгой компани нь 20%-ийн алдагдалтай, 80%-ийг нь дахин ашиглаж байгаа гэж хэлж байгаа ч Монголын зарим эрдэмтдийн тооцоолсноор энэ нь яг эсрэгээрээ байна.
80%-ийн алдагдалтай, 20%-ийг нь ашиглах. Нэгэнт Монголын эрдэмтэн, судлаачдын тооцоо, Оюу Толгой компанийн тооцоо зөрж байгаа энэ тохиолдолд дахин аудитын буюу усны шинжээч, судлаачдыг томилон үүнийг нэг мөр тодорхой болгох ёстойг төр засагтаа дуулгамаар байна.
Говийн төдийгүй Монголчууд бидэнд ус бол алт юм. Усгүй байгаад бид алтаар амьсгалж, алтаар цангаагаа гаргах уу? усгүй байгаад бид хөгжил ярьж чадах уу? усгүй байгаад бид оршин тогтнох уу гэдэг асуултаар энэхүү нийтлэлээ дуусгая.
С.Гантуяа

URL:

Сэтгэгдэл бичих