Хүний наймааны золиосонд охиноо алдсан гэр бүлийг суллалаа

Хүний наймааны золиосонд охиноо алдсан Ц.Ганзориг агсны гэр бүлийг залилангийн хэрэг үйлдсэн гэж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэгвэл тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 3-нд болж, тэднийг батлан даалтад гаргажээ. Учир нь тэд залилангийн хэргээ шалгагдаж байх зургаан сарын хугацаанд иргэний хэргээр шийдүүлсэн байна. Хуулиндаа залилангийн хэргийг иргэний хэргээр шийдүүлдэггүй учир Баянзүрх дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргээр шийдэхээр болжээ. Иймд тэднийг шүүх хурал товлогдтол батлан даалтад гаргасан байна.

Хэргийг сануулбал, Ц.Ганзоригийн охин гурван жилийн өмнө ор сураггүй алга болж, 12 хоног дараа олджээ. Түүнийг Н.Алтанзул гэгч эмэгтэй нөхөр, хүүгийнхээ хамт гэртээ хорьж, биеийг нь үнэлүүлж мөнгө олдог байсан гэнэ. Энэ тухай талийгаач Ц.Ганзориг “Охиноо амьд олсондоо л баярлаж байна. Хоёр жилийн өмнө охиноо алга болсны дараа нэлээн юм болж байж, 12 хоногийн дараа олсон. Гэтэл охиныг минь бие, гарыг тамхины цогоор түлж, бүр пийшингийн халуун ширмээр хүртэл түлж тарчлаасан. Гарынх нь шууг шил, хутгаар зүсчихсэн гэх мэт бие нь маш их шарх сорвитой байсан. Тэр хүмүүс үгэнд нь орохгүй болохоор ингэж тарчлаадаг байсан юм билээ. Гэртээ хорьж, хүчээр биеийг нь үнэлүүлж мөнгө олдог. Монгол Улс чинь хуультай биз дээ.Гэтэл өнөөдрийг хүртэл хүний наймааны хэргийг зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцохгүй байгаад гомдолтой байна” хэмээн ярьж байсан юм.

 

Б.Чимэг /Eagle.mn/


URL:

Сэтгэгдэл бичих