Монголын дундаж өрхийн орлого Америкийнхаас 12 дахин бага
Хятад, Энэтхэг, Бразилийн шинэ үеийн дундаж давхаргынхан дэлхийн эдийн засгийн бараг тэн хагасыг бүрдүүлж буйг ВВС мэдээлж байна.
Харин Европ, Хойд Америк дахь энэ бүлгийн өрхүүд эрэмбээрээ гуравдугаарт бичигдэж байсан бол одоо чадал чинээ нь буурчээ.
АНУ-ын Брүүклиний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар одоогоор 1.8 тэрбум хүн боломжийн зузаан хэтэвч өвөртлөөд явж байна. Энэ тоо арван жилийн дараа 3.2 тэрбумд хүрэх юм.
Ази тив энэхүү өсөлтөд жанжины үүрэг гүйцэтгэх юм байна. 2020 он гэхэд дундаж давхаргынхан гурав дахин өсөх нь. Харин 2030 онд Ази дахь дундаж давхаргын иргэд гурван тэрбумд хүрнэ. Энэ бол Хойд Америкийнхаас 10 дахин, Европынхоос тав дахин олон тоо. Латин Америкийн орнуудын дундаж давхаргынхан 2030 он гэхэд 181 саяас 313 сая хүртлээ өсөх бөгөөд тэднээс Бразил хамгийн одтой байх нь.
Тэгвэл Африк болоод Ойрхи Дорнод дахь боломжийн орлоготой хүн 137 саяас 341 саяд хүрч олшрох тооцоо бас гарчээ.
Хэнийг дундаж давхаргад тооцох вэ?
НҮБ, Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тооцоогоор өдөрт 10-100 ам.долларын орлого, зарлагатай хэн бүхнийг ийм ангилалд тооцох юм байна.
Олсноо хэрэггүй зүйлд “урсгачихдаггүй”, хөргөгч эсвэл автомашин худалдан авах тухай бэлтгэл хийгээд боломжоор “зэвсэглэсэн” бол та өөрийгөө санхүүгийн аюулгүй бүсэд байгаа гэж тооц.
Гэхдээ НҮБ-ын зөвлөмжөөс харахад иргэдийн эдийн засгийн эрх чөлөө тухайн улсын үйлдвэржилтээс ихээхэн хамаарч байна. XIX зууны Их Британи, АНУ, Герман зэрэг улсын эдийн засгийн өсөлт нь үйлдвэрлэлд хувьсгал хийсэн. Ингэснээр дундаж давхаргынхны хэтэвч ч зузаарсан. Харин өнөөдөр энэ ангиллынхныг тэргүүлж буй нь азиуд.
Зөвхөн Индонезийг харахад хөрөнгө оруулалт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг бүрдүүлж байгаа. Мэдээж, үйлдвэрлэл гол үүрэг гүйцэтгэж байна.
Шинэ дундаж давхаргынхны эрин
Ядуу буурай орнууд яагаад бусдаасаа хурдан хугацаанд хөл дээрээ өсч өндийгөөгүйд учир бий. Эдийн засгийн онолоор эдгээр улс орнууд нь технологийн ололт амжилтаас хол байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн ноу-хаугаа нутагшуулж чадсан нь бусдаасаа ихийг “атгадаг”. Нэг үгээр хэлбэл, шинийг санаачлагчид тэргүүн шугаманд явж байгаа юм.
Филдстин-Хориокагийн парадоксоос энэ бүхний шалтгааныг тайлж болох юм. Эдийн засагч Мартин Филсдстин, Чарлес Хориока нар улс орны хуримтлал хийгээд үндэсний хөрөнгө оруулалтын эерэг харилцан хамаарлыг тодорхойлжээ. Энэ парадоксоор бол, хөрөнгө тухайн улсад урсан орж байгаа л бол үр дүн нь төдий чинээ том байна.
Харин бага нөөц бололцоотой улсуудад энэ боломж хомс. Тэнд харилцан хамаарлын тухай ярих ч хэрэггүй.
Хятадын дундаж давхаргын жилийн орлого 40 мянган ам.доллар
ВВС агентлаг Хятадын шинэ үеийн дундаж давхаргынхны төлөөлөл болсон Зангийн гэр бүлтэй уулзжээ. Барилгын компанийн эзэн Зангийн орлого, үйлдвэрлэл улсынх нь эдийн засгийг сэргээхэд нэмэртэй хэмээн тэрээр итгэж байна. Түүний эхнэр Занг Мин эмнэлгийн захирал бөгөөд тэдний жилийн орлого 40 мянган ам.доллар юм. Тэд зургаан настай хүү Занг Зигээ хувийн сургуульд сургаж байна.
“Би дундаж давхаргынхныг мэднэ. Хэн сайн ажиллаж, хөдөлмөрлөнө тэр сайхан амьдарч тэргүүн эгнээнд явна. Энэ бол байгалийн хууль. Өөрөөр хэлбэл, энэ зах зээлд амьд үлдэх арга шүү дээ” гэж Занг хэллээ.
2027 он гэхэд Энэтхэгт…
Энэтхэгийн шинэ үеийн дундаж давхаргын төлөөлөл болсон Вишал Налавади болон Шраддха Мешрам нар нийгмийн ангийн ялгааг үл харгалзан амьдралаа холбоод байгаа юм. Вишал вэб сайт хөгжүүлэгч бол Шраддха олон нийттэй харилцах ажил хийдэг. Тэд сайн боловсрол эзэмшсэн бөгөөд гэр бүлийн байдал нь гэрлэлтэд нь нөлөөлөхгүй хэмээн тайлбарлаж байна.
2027 он гэхэд Энэтхэгийн дундаж давхарга дэлхийд толгой цохихоор байна. Одоохондоо ангийн ялгаа амь бөхтэй байгаа ч шинэ үеийн өөрчлөлт бага багаар илэрсээр байх нь. Энэхүү алгуур өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлж, иргэдийнх нь боловсролын өнөөгийн байдал нийгмийн аливаа хориог арилгаж байна.
Монголын дундаж давхаргыг ипотекийн зээлээр тодорхойлно
Өнгөрсөн оны сүүл үеийн Монголбанкны судалгаагаар Монгол Улсын дундаж давхаргыг орон сууцны зээлийн түвшнээр судлахад 37 өрх тутамд нэг зээлдэгч, таван өрх тутамд нэг орон сууц ногдож байжээ. Харин хуримтлалаар нь тооцоход өнгөрсөн оны хоёрдугаар улиралд иргэдийн хадгаламж 3.4 их наяд төгрөгт болсон байна.
Ингэснээр Төвбанкны судалгаанаас орлогын түвшин, моргэйжийн зээл, хуримтлал талаас нь авч үзэхэд Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бүрдүүлэх дундаж давхарга маш сул байна гэсэн дүгнэлт гарчээ.
“Блүүмберг” агентлагийн мэдээлснээр энэ онд Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа орон сууцны найман хувийн зээл нь дундаж давхаргаа дэмжиж буй томоохон алхам юм.
Энэ талаар Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд “Бидний гол зорилго бол дундаж давхаргыг дэмжих. Цаашлаад дундаж давхаргыг хуримтлалтай болгосноор эдийн засгийн тогтвортой, урт хугацааны өсөлтөд хүрэхэд чиглэж байна” гэж тус агентлагт ярьжээ.
“Гэвч тэрээр дундаж давхаргынхны орлогын хэмжээг нарийн тодорхойлсонгүй” хэмээн “Блүүмберг” мөн тэмдэглэжээ.
Ипотекийн зээлд хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдийн сарын орлого нэг сая төгрөг байх ёстой гэсэн шаардлагыг арилжааны банкуудаас тавьж байгаа. Энэ нь дундаж давхаргынхны орлогыг тодорхойлж буй нэг арга гэж эдийн засагчид тайлбарлаж байна . Тэгэхээр жилдээ дундаж орлоготой монгол өрхүүд 10 сая гаруй төгрөгийн орлоготой юм.
АНУ-д дундаж өрхийн жилийн орлого 32-64 мянган ам.долларт багтаж буйг тус улсын “Pew Charitable Trusts study” төрийн бус байгууллагын судалгаанд дурджээ. Харин Худалдааны яамнаас нь хийсэн судалгаагаар энэ тоо 50-122 мянган “ногоон”.
Тэгвэл Хүн амын тооллогын товчооноос мэдээлснээр энэ дүн 20-120 мянган ам.доллар юм байна. Ингэхээр Монголын дундаж өрхүүдийн орлого тэднээс 12 дахин бага байна.
Ж.Цогзолмаа /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: