Хятад ажилчдыг гаргахыг шаардав

Хятад ажилчдыг гаргахыг шаардав

Хятад улс Бутан улсад цэргээ оруулахаар болсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Монголын ногоон намынхан тус улсын Элчингийн гадаа жагслаа.

Хятадууд Бутанд цэргээ оруулах шалтгаанаа өөрсдийнх нь ажилчдын эрх зөрчигдсөнтэй холбоотой гэж тайлбарлажээ. Хятад улсын хуульд иргэний эрх нь зөрчигдвөл тухайн улсад цэргээ оруулна гэж заасан байдаг гэнэ. Гэвч Бутан бол байгалийн баялаг ихтэй, Энэтхэг, Хятадын хооронд оршдог жижиг улс юм. Тиймээс энэ явдал нь зүгээр нэг иргэний эрхийн асуудал биш улс төрийн зорилготой, магадгүй манай улсад ч цэргээ оруулж мэднэ гэж Ногоон намынхан хэлж байлаа.

Намын дарга О.Бум-Ялагчаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нэг улс нөгөөдөө цэргээ оруулах асуудлыг яагаад танай нам эсэргүүцэж байгаа юм бэ?

-Энэ бол өөрийн эрх ашгийн төлөө зэргэлдээ улсын эрхийг зөрчиж байгаа хэрэг юм. 21 дүгээр зуунд зэвсгийн хүчээр асуудлыг шийдэх нь зохимжгүй. Монголын ногоон намаас тус улсын элчингийнхэнд Монголд байгаа ажилчдаа гарга гэсэн шаардлага тавьж байгаа. Яагаад гэвэл манай улсад 31 мянган хятад ажилчин байна. Тэднийхээ эрх ашгийг хамгаалах нэрээр цэргийн хүчээ манай руу оруулах улс төрийн бэлтгэл нь хангагдчихлаа гэж бид үзэж байгаа. Энэ талаар өмнө нь сэжиглэж байсан. Одоо үнэн гэдэг нь батлагдчихлаа.

-Хятад ажилчид нийслэлээс гадна орон нутагт их тархсан байна. Тэднийг гаргахаар бүтээн байгуулалтын салбарт ажиллах монгол ажилчин байхгүй гэдэг?

-Бид саяхан орон нутгаар явсан юм. Хятад хүн монгол эмэгтэйтэй суучихсан мал маллан амьдарч байхтай тааралдлаа. Урдаас манайд ирж байгаа ажилчид ихэвчлэн цэргийн албанаас тэтгэвэрт гарсан хүмүүс байна. Монголчуудын ихэнх хувь ажилгүй байхад хятадууд яагаад манайд ажиллах ёстой гэж. Монголын олигархууд залуучуудыг ад үзэж байна. Солонгост нуруугаа бөхийтөл ажиллаж байгаа монгол залуус эх орондоо ажиллаж чадна.

-Энэ асуудлыг зөвхөн танай нам эсэргүүцэж байна уу. Бусад хөдөлгөөнтэй хамтрах уу?

-Эхний ээлжинд бид мэдэгдэл өглөө. Хэрэв хүлээн авахгүй бол жагсана. Бусад намууд энэ асуудлын талаар дуугарах хэрэгтэй. Айгаад дуугүй байгаад байна.

Г.Гэрлээ /ЗУУНЫ МЭДЭЭ /


URL:

Сэтгэгдэл бичих