Шинэчлэлийн залуус У.Хүрэлсүхэд ханджээ
Намдаа шинэчилье хөдөлгөөн өрнүүлсэн МАН-ын залуусын дараагийн нүүдлийг олон нийт амьсгал даран хүлээж байна. Гурван удаагийн сонгуульд дараалан намаа унагасан МАН-ын удирдах түвшинийхэн, Удирдах Зөвлөлийн гишүүд хариуцлага хүлээж улс төрийн соёл үзүүлэх ёстой гэж ард түмэн харж байгаа ч сайн дураараа албан тушаалаасаа татгалзах хүн одоогоор гараагүй байна. Цаашид ч гарахгүй нь нэгэнт тодорхой болсон тул олон нийт авилгал, хүнд суртал, хуучинсаг арга барил, босоо удирдлагаасаа салж, шинэчлэлийн уур амьсгал оруулж чаддаггүй МАН-ыг одоо л цус сэлбэж чадахгүй бол энэ нам улс төрийн тавцан төдийгүй ард түмний ой санамжнаас үүрд арчигдана гэж шинэчлэлийн залууст ташуур өгч байна.
Олон нийтийн дэмжлэгийг авчихаад байгаа шинэчлэлийн залуус ар гэрийн гачигдлаас үүдэн улс төрийн ажлаас түр хөндийрөөд байгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхэд ханджээ. Намын ажлаас чөлөөлөгдөж, парламентын гишүүнээсээ татгалзаад байгаа У.Хүрэлсүх “Залуус та бүхний намаа шинэчилэх санаачлагыг чинь дэмжиж байна. Гэр бүлийнхээ хүний биеийн байдлаас үүдэж нам, улс төрийн ажлаас түр завсарлага авчихаад байгаа миний хувьд одоогоор намын удирдлагын түвшинд ажиллах бодолгүй байна” гэсэн хариу өгсөн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Нам нь үнэмлэхүй ялагдал хүлээсэн, намын байраа шатаалгасан зэрэг бүхий хүнд хүчир үед залуусаа дагуулан гудамжинд гарч намаа өмгөөлөхөөс хэзээ ч татгалзаж, цааргалж яваагүй У.Хүрэлсүх шинэчлэлийн залууст татгалзсан хариулт өгсөн нь тэднийг хүнд цохилтонд оруулсан ч удаа дараагийн улс төрийн сонгуулийн үр дүн болох МАН-ыг үндсээр нь шинэчилэх ард түмний шаардлагыг биелүүлэхийн төлөө намынхаа залуусыг манлайлах, шинэчлэлийг бодьтой хийж чадах шинэ лидерийн эрэлд гараад байна.
URL: