Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы аюул дагуулсан гэрээнүүд
Монгол нутгийн хэвлийд буй бүх тосыг амандаа багтаадаг гэхээр ГТГ-ын дарга Д.Амарсайхан гэж яриа байхгүй том нөхөр болох нь илт. Хэр томыг нь илтгэх олон баримт байна. Үр дүн нь нэг их харагдахгүй байгаа мэт хэрнээ гаднаас тэрбум тэрбумаар нь доллар оруулж ирдэг энэ салбарын даргын баруун гарын үзэг барьдаг хэдэн хуруу нь Монгол улсад үнэ нь тэнгэрт хадсан зүйлийн тоог тэргүүлдэг гэлцэнэ. Тэрээр өнөөдөр Монгол улс дахь “Олигархиудын Олигарх” юм. Монголын хамаг л толгой баячууд, улстөрчид энэ хүнээр дамжуулан өв залгамжлагчдаа гадаадын улс оронд сургаж байгаа. Хэн хэний хүүхдүүд, хаана ямар сургуульд хэдэн төгрөгийн зардлаар сурч байгаа жагсаалтыг бид дараагийн цувралуудынхаа аль нэгээр хүргэнэ. Харин одоо Д.Амарсайханы хууль зөрчиж байгуулсан, Монгол улсыг олон улсын шүүхэд дуудагдахад бэлэн болгочихоод байгаа нууц гэрээнүүдийг нэгбүрчлэн танилцуулж байна.
Сүүлийн үед Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хадам эцэг нь зөвлөхөөр нь ажилладаг салбарынхаа Газрын тосны газрын дарга Д.Амарсайхантай ам муруйгаад сар гаруй болж байна. Учир нь Д.Амарсайхан дарга холбогдох яам, Засгийн газарт танилцуулалгүй 14 компанитай “Газрын тос болон метан хийн талаар геологийн хамтарсан судалгаа хийх гэрээ” гэгчийг үзэглэжээ. Хууль бус хийсэн энэ гэрээгээ үтэр цуцлахыг сайд Д.Зоригт шаардсан ч өнөөдөр “Хэрэв энэ гэрээг цуцалбал гадаадын компаниуд Монгол улсыг арбитрын шүүхэд өгчихөж мэднэ. Тэгвэл яах юм” гэсэн тайлбарыг Д.Амарсайхан дарга өөдөөс нь тавьсаар байна. Сайдтайгаа, юутай хээтэйгээ огцорч мэдэхээр байдалд орсон энэ салбарынхан дотроо үүсээд байгаа энэ но-той ноцтой байдлыг нуухыг оролдож байгаа билээ. Тэднийг сандралд оруулаад байгаа гэрээнүүдийг дурдвал,
“Эс Эм Жи Ойл” ХХК-тай байгуулсан гэрээ
“Байтаг” хэмээх талбайд судалгаа хийх гэрээг 2008 оны 9 сарын 15-ны өдөр байгуулсан бөгөөд энэ судалгааны өртөг нь 2 тэрбум 947 сая 500 мянган төгрөг юм. Хугацаа нь хамгийн ойр дуусах хоёрхон гэрээ байгаагийн нэг нь бөгөөд энэ оны 6 дугаар сарын 30-нд дуусна. “Эс Эм Жи Ойл” ХХК нь Монгол Сингапурын хөрөнгө оруулалттай компани. Аль 2008 онд гэрээ байгуулсан ч өнгөрсөн намар ердөө тавхан хоног талбай дээрээ судалгаа гээчийг хийж талбайн геологийн тогтоц, хурдас, чулуулгийн бүтцийг тодорхойлох корилгоор 3736 км квадрат талбайд геологийн маршрутын судалгаа хийж геохимийн 14 дээж авчээ. Үүнийгээ Англи улсад шинжилгээнд явуулсан байна.
“Жангар инвест” ХХК-тай байгуулсан гэрээ
Говь-Алтай аймгийн Бугат, Алтай сумдын нутаг дэвсгэрийг хамарсан “Цэнхэрномин” талбайд ёудлагаа хийх гэрээг 2009 оны 6 сарын 5-нд байгуулсан ба энэ гэрээ ирэх 5 дугаар сарын 1-нд дуусна. Нийтдээ 912 сая 500 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг хийжээ.
“Хэт” ХХК-тай байгуулсан гэрээ
“Өгий” гэдэг талбайд судалгаа хийх энэ гэрээ өнгөрсөн оны 7 сарын 22-нд байгуулагдсан. 2012 оны 7 сарын 22-нд дуусна. 159 саяын өртөгтэй гэрээ.
“Далайн молор” ХХК-тай байгуулсан гэрээ
“Долоод-1”, “Долоод-2” гэдэг талбайнуудад 295 сая 300 мянган төгрөгийн судалгаа хийхээр “Далайн молор” ХХК-тай 2010 оны 7 сарын 22-нд байгуулсан бөгөөд энэ гэрээний үргэлжлэх хугацаа 2013 оны 7 сарын 21-ийг хүргэх юм. Энэ гэрээг байгуулахаас 10 хоногийн өмнө “Когаз” ХХК-тай гэрээ хийж байсан бол энэ гэрээг хийсэн өдрөө үүнээс гадна 3 компанитай гэрээнд гарын үсэг зурсан байна. Нийтдээ нэг өдрийн дотор тэрбум орчим төгрөгийн төсөвтэй гэрээнүүдийг үзэглэжээ.
“Далай терра ресурс” ХХК-тай байгуулсан гэрээ
“Тосон нуур” талбайд судалгаа хийх гэрээг тус компанитай байгуулахдаа олон гэрээ бөөндсөн 2010 оны 7 сарын 22-ныхоо өдөр хийсэн. Энэ гэрээний дуусах хугацаа 2013 оны 8 сарын 21. Нийт 140 сая төгрөгний төсөвтэй.
“Кореан газ” ХХК-тай байгуулсан гэрээ
“Налайх” орчмын талбайд нүүрсний давхаргын метан хий хайх, хийн нөөцийг тогтоох, эдийн засгийн тооцоо үнэлгээ хийх, метан хийнээс цэвэр хийн түлш гаргах ажлыг хийж гүйцэтгэхээр 2010 оны 7 сарын 12-нд гэрээ байгуулжээ. Маш өндөр өртөгтэй энэ гэрээний хугацаа 2013 оны 5 сарын 31-нд дуусгавар болно. Нийтдээ 1 тэрбум 891 сая төгрөгийн төсөвт ажлыг өнгөрсөн жилийн гэрээ байгуулагдсанаас хойших 5-хан сарын дотор зарцуулаад дуусгачихсан сурагтай. Ингэхдээ 1053 метр хайгуулын 3 цооног өрөмдөж, 228 хайрцаг чөмөг чулуун дээж, нүүрсний 1-8 дугаар үеэс 14 хайрцаг дээж авч хээрийн лабораторид шинжлэн дээжүүдийг нь Солонгос улс руу явуулсан байна.
“Эм Эм И”ХХК-тай байгуулсан гэрээ
Газрын тосны газар 80 сая 500 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг энэ компанитай 2010 оны 10 сарын 11-нд байгуулсан. 2013 оны 9 сарын 13-нд дуусна. “Баруун Урт” талбайд судалгааны ажил хийхээр гэрээнд тусгасан байна.
“Готланд ойлфилдс” ХХК-тай байгуулсан гэрээ
Энэ компанитай “Эм Эм И” ХХК-тай гэрээ байгуулсныхаа ердөө маргааш нь л гэрээ хийсэн байдаг. Ингэхдээ “Тосонговь” нэртэй талбайд 2012 оны 10 сарын 12 хүртэл судалгаа хийхээр тохирч нийтдээ 288 сая төгрөгийн төсөвт өртгийг тусгажээ.
“Готланд ойлфилдс” ХХК-тай байгуулсан гэрээ
Газрын тосны газраас хууль зөрчиж гэрээ байгуулахдаа нэг компанитай ганцхан сарын дотор хоёр гэрээ байгуулсан нь хачирхалтай. 2010 оны 11 сарын 29-ний гэрээгээр тус компанид “Эрээнцав, Гангануур” орчимд судалгаа хийх эрхийг хоёр жилийн хугацаатайгаар олгожээ. Энэ гэрээний төсөвт өртөг нь 788 сая төгрөг болсон байна.
“Терра ресурс” ХХК-тай байгуулсан гэрээ
Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын “Бүрт-1”, “Бүрт-2” талбайнуудад геологийн 1:50000 масштабын зураглал, геофизикийн цахилгаан хайгуул хийж мэдээллийг боловсруулах, тайлал хийх, өрөмдлөгийн цэг тодорхойлох, үр дүнгийн тайлан зохиохоор гэрээ хийсэн байна. 2013 оны 7 сарын 2№-нд дуусах энэ гэрээ нь 2010 оны 7 сарын 22-нд үзэглэгдсэн ажээ. Гэрээний үнийн дүн нь 313 сая 700 мянган төгрөг.
“Газрын тос” буюу “Д.Амарсайханы аманд орсон шар тос”-ны ард хятадын гэдэг үг мөнхийн дагуул болсон байдаг. Үүнийг ажиллах хүчин, тоног төхөөрөмж гээд олон тайлбараар халхавчилдаг. Мөн газрын тосны салбарт одоо 18 талбайд үйл ажиллагаа явуулж буй Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан 13 компанийг Засгийн газарт танилцуулахдаа 33 хувь нь Монгол улсынх гэдэг ч эдгээрийн дийлэнх олонхийн цаана хятадууд байгааг баримт гэрчилж байна. Энэ тухай мөн дараагийн цувралуудад хүргэх учир энд цухас дурдлаа. Цухас дурддагийн учир нь ГТГ-ын дарга Д.Амарсайханы дээрх хууль бусаар яам тамгын газартаа ч мэдэгдэхгүй байгуулсан гэрээт компаниудын харьяаллын асуудлыг хөндөх гэснийх юм. Засгийн газар, яам, төрийн сайдуудыг юман чинээд саналгүй гэрээ байгуулахдаа тэрээр хөрөнгө оруулагчдынхаа харьяаллыг хоёроос бусдыг нь Монгол улсынх гэж онцолжээ. Тэгсэн хэрнээ салбарын сайдыгаа энэ гэрээгээ яаралтай цуцал гэхээр өөдөөс нь “Ихэнх нь гадны хөрөнгө оруулагчид, манайх гэрээгээ цуцалбал арбитрийн шүүхэд очно шүү дээ” гээд сууж байна гэх юм.
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Даргын Зөвлөлийн хурлаар Газрын тосны газарт хийсэн шалгалтын дүнг хэлэлцээд нэг хоёрхон хонож байна. Шалгалтын дүнгийн дараа шалгасан, шалгуулсан дарга нар аль аль нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр “шалгах асуудал босч ирж болох юм, роялтиг нөхөж авах боломжтой” гэх зэргийн бүрхэг зүйл ярьсаар өнгөрөөсөн. Газрын тосны газрын шалгагдсан хэлтсийн нэг нь Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс. Гэтэл МХЕГ-ын дарга Р.Содхүү юу шалгаснаа мэдэхгүй байгаамуу, шалгаж шалиагүй гэдгээ нотлоод байгаа юмуу “Газрын тосны газрын санхүүг ч шалгах асуудал босч ирж болох юм” хэмээсэн нь ам ангайлгаж орхилоо.
Р.Содхүү дарга аа, дээрх жагсаалтанд байгаа хууль бус гэрээнүүд энэ шалгалтын хаагуур өнгөрөв? Хугацаа нь дуусах яагаа ч үгүй, шив шинэхнээрээ байгаа энэхүү гэрээнүүд төрийн байгууллагуудын нэг нь нөгөөгөө шалгаж “ажил хийсэн” дүр зургийн альхан талаар гээгдээд үлдчихэв ээ?
URL: