Ногоон торгон дээлтний ноорхой эмнэлгүүд

Төрөөс хүн амыг өсгөх бодлого хэрэгжүүлж байхад хариуцлагагүй эмч нар хасах тактикаар хандаж байна. Өвчиндөө шаналж өнөө маргаашийг аргацааж байгаа үйлчлүүлэгч нарт цагаан нөмрөгтнүүд цадиггүй хандсаар удах болов.
Гараа хүндрүүлж байж сая нэг ганц хоёр эмчилгээ хийдэг гаж тогтолцоо зарим эмч нарт зангуу шиг наалджээ. Иргэдийг эмчилж, эдгээх үүрэг хүлээсэн эрүүл мэндийн салбар ийм л арга барилаар өдөр хоногийг өнгөрөөж байна.
Эмч нарын буруугаас болж эдгэршгүй өвчинд нэрвэгдэгсэд олширч хаана хандах, хэнд гомдол гаргахаа мэдэхгүй яваа нь энэ салбарын ажлын түвшин ямар байгааг илтгэх шиг. Хатуухан хэлэхэд, эмч нарын “буян”-аа’р эрүүл мэндийн салбар уналтад орж байна.
Эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй тарчилж байхад эмчийн гарыг хүндрүүлэхгүй л бол хөдлөхгүй хөшжээ. Хөшүүн хойрго энэ салбарт хөрөнгө хаяад ч нэмэргүй. Сайд нэртэй савдгууд нь залгиж орхино. Үүнийг үе үеийн сайдуудынх нь үйлдсэн хэрэг нотлох биз.
Эрүүл мэндийн салбарт бугшсан идээ бээрийг хагалж, эрчимт эмчилгээнд оруулах цаг нь болжээ. Ингэхгүй бол эмч нар нь иргэдийн биед “задлан” хийж, засвар авдаггүй барилгууд нь нурж мэдэхээр байна.
Санаа муутай сайдууд салбараа нурааж, сахилга муутай эмч нар авлигаар аалзны тор нэхэж суухыг би л хувьдаа дэмжихгүй. Өвчтөнтэй яаж харьцах вэ, өвдөөд ирсэн тохиолдолд хэрхэн хүлээн авах гээд наад захын мэдлэг эмч нарт байх ёстой.
Гэтэл эдгэрэх гээд ирсэн нэгнийг эмгэг өвчтэй болгож гаргасан энгийн жишээнүүд олон бий. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэх болсон. Үүнийг дагаад төрөх эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн. Үйлчлүүлэгч нэмэгдэхийн хэрээр чанартай үйлчилгээ үзүүлдэг зах зээлийн хууль эмнэлгийнхэнд үйлчлэх ёстой.
Учир нь эмнэлгийн байгууллага бол иргэдэд үйлчлэх ёстой төрийн субъект. Гэтэл төрөх эмнэлгүүд төрөөс барьж буй бодлогын эсрэг “ажиллаж” байна. Ямар сайндаа л төрөх гээд очсон эхийг тарчлааж, төрсөн үрийг нь эрэмдэг болгох вэ дээ. Байж боломгүй эл үйлдэл Булган аймгийн төрөх эмнэлэгт тохиолджээ.
Болсон явдлыг өгүүлье. З.Зул-Эрдэнэ гэх 26 настай бүсгүй анхныхаа хүүхдийг гаргахаар өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Гэтэл эмч, сувилагчдын буруутай үйлдлээс болж түүний охин М.Түмэннаст насан туршийн эмгэг өвчтэй болжээ.
Өдгөө өвчиндөө шаналж, эмнэлгийн орон дээр тарчилж буй юм. Жирэмсэн байх хугацаандаа эрүүл саруул, эмчийн хяналтад байсан бүсгүй тийм хүүхэдтэй болно гэж төсөөлөөгүй аж. З.Зул-Эрдэнэ нь гуравдугаар сарын 4-ний өдөр Нэгдсэн эмнэлгийнхээ жижүүр эмч Н.Ундармаад үзүүлж, ЭХО-д харуулсан байдаг.
Энэ үед түүнийг “Ураг хэвийн, Бойжилт сайн. Хүйгээ ороосон, ус багадалттай. Ерөнхийдөө хавантай байна” гэдэг оноштойгоор төрөх тасагт шилжүүлсэн байна. Улмаар эмчлэгч эмч Н.Эрдэнэсүрэн түүнийг үзэж, гуравудгаар сарын 11-12-ны үеэр төрнө гэжээ.
Гэвч хэд хоногийн дараа буюу гуравдугаар сарын 11-ний өглөөнеөс бүсгүй өвдөж эхэлсэн байна. Эхийг үзсэн эмч нар “Савны амсар гурван хуруу нээгдсэн байна” гээд “үл” тоосон аж. Өөрөөр хэлбэл, эх төрөх гээд өвдөх явцад нь хугацаа алдсан байна.
Учир нь гэдсэнд байсан хүүхэд хүйгээ ороосон, ус багатай байсан учраас дотроо бүтэж улмаар эмгэг өвчтэй болох эхлэлийг тавьжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар З.Зул-Эрдэнийг төрөх явцад эмч, сувилагчид нь архи уусан байдалтай байсан гэнэ. Үүнийг нь эмэгтэйн ээж, нөхөр нь “нотолно”.
Ээлжийн сувилагч болох Н.Энхтуяа түүнд тариа тарих явцдаа архи үнэртүүлсэн байсныг нь хохирогч бүсгүй хэлж байна. Ийнхүү хэдэн өдрийн турш өвдөлт өгсөн эхийг үл тоож, өнөө маргаашийг аргацааж байжээ. Хэдэн өдөр дуншсаны эцэст бүсгүй амаржиж сая нэг охиныхоо барааг харав.
Гэтэл хүүхэд нь төрсөн даруйдаа бие нь хөдөлгөөнгүй, хөхөрч харласан өнгөтэй, уйлж дуу гаргахгүй, ухаангүй байдалтай байжээ. Энэ үед эмч нар нярайг эмчилгээний өрөө рүү авч явсан байна.
Үүнээс хойш дөрвөн цагийн дараа нүдээ муухан нээж байсан хүүхэд маргааш нь хөдлөхгүй, нүдээ ч нээхээ больсон аж. Ээлжид гарч байсан эмч нь ямар нэг
хүчтэй тариа хийснээс болж нярай ийм болж гэхийг эх нь сонссон гэнэ.
Энэ мөчөөс хойш охинд байнгын эмчилгээ, сувилгаа хийсний эцэст бие нь дээрджээ. Охины биеийн байдалтай холбогдуулж эмч нарын зөвлөгөөн болж улмаар М.Түмэннастыг тархиндаа цус харвалттай гэж оношилсон нь эцэг, эх хоёрт нь хүнд цохилт болов.
Гэдсэндээ эрүүл саруул бойжиж байсан охиноо ийм өвчтэйг нь сонссон гэр бүлийнхэн нь хот орж шинжилгээ хийлгэхээр сэтгэл шулууджээ. З.Зул-Эрдэнэ охиноо Эх нялхсын төвд авчирмагц эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байна.
Энэ үед охины бие маш тааруу хүчилтөрөгчийн дутагдалд орсон байдалтай байсан аж. Нарийн мэргэжлийн эмч нарын гаргасан дүгнэлтээр охины онош тодорхой болов. “Төрөх үед усгүй удаан байснаас хуурайшиж бүтсэн, хүйгээ ороосноос болж хүчил төрөгчийн дутагдалд орж тархиндаа харвалт авсан.
Одоогоор харвалтын үлдэц их, зөөлөн эд нь гэмтсэн. Шохойжилт өгсөн, гавлын яс зөрсөн, тархины ховдол хоорондоо мэдэгдэхгүй сааралтсан. Цаашид ямар ч хөгжил байхгүй. Мэдрэлийн эмчийн хяналтад байнга байлгах шаардлагатай” гэсэн онош гарчээ.
Ийм л байдлаас болж М.Түмэннаст охин насан туршийн эмгэг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болов. Охиныхоо зовж буйг харсан нялх биетэй эх сэтгэл санаагаар унаж, ядарч туйлдан, нойргүйдэж, толгой тархи, биеийн бүх яс янгинаж өвддөг хуучтай болжээ.
Нэг үгээр хэлбэл, эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж эх, охин хоёр эдгэршгүй өвчтэй болсон байна. Охиныхоо эмчилгээний зардалд туйлдсан залуу хосууд арга мухардахдаа Эрүүл мэндийн сайд Н.Удвалд захидал хаяглаж өөрт тохиолдсон зовлонгоо тоочжээ.
Гэтэл тэдний зовлонгоор тохуурхсан нутгийнх нь эмч нар өөр хоорондоо төдийгүй сумандаа “Тэр хүүхэд хүн болоход хэцүү. Болсон ч мэдрэл муутай болно” гэж ярьсан нь эцэг, эхийнх нь сонорт хүрчээ. Энхийн манаанд зогсох тангараг өргөсөн эрүүл мэндийн салбарынхан нэг иймэрхүү байдлаар иргэдэд хандаж болох уу, сайд аа.
“Энэ зовлон ганц миний охиноор дуусаасай” гэх эхийн сэтгэл рүү өнгийж нэг хараасай тэр цагаан нөмрөгтнүүд. Одоогийн байдлаар охин байнгын эмчилгээнд байна. Түүний эцэг, эхийнх нь мөнхийн хүсэл нь охиноо эдгээх. Гэтэл хөрөнгө мөнгөний асуудлаас болж эмчилгээ нь тасалдах үе ч бий гэнэ.
Энэ байдлыг хараад сууж тэвчээгүй эх З.Зул-Эрдэнэ Эрүүл мэндийн сайдаас хариугаа”  хүлээж сууна. М.Түмэннастыг гадаадын өндөр хөгжилтэй оронд эмчлүүлэх, хариуцлага алдсан эмч, сувилагч нарт арга хэмжээ тооцох, охины эмчилгээнд гарах зардалд дэмжлэг үзүүлэх зэрэгт анхаарлаа хандуулахыг сайдаас хүсэж буй юм.
Энэ бол ганц эхэд тохиолдсон гашуун зовлон. Үүнээс гадна ил далд хэлбэрээр хохирсон эцэг, эх олон бий гэдэгт эргэлзэхгүй байна. Хагалгаагаар төрсөн эхийн гэдсэнд марль үлдээсэн эмч нарыг хариуцлагаас зугтаалгахын тулд өөрөө самбай залгисан мэтээр дүгнэлт үйлдсэн, дөнгөж төрсөн нярайг халуун усанд шалзалсан гээд дурьдаад байвал дуусахгүй “но” байхад дуугүй суух эрх мэдэлтнүүдийг хараад ичих шиг. Эрүүл мэндийн салбарт чинь эмгэнэл нүүрлэчихсэн юм биш үү
Эх сурвалж: 

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих