“Богд-Ар”-ынхны босго өндөрсөв
Тээр тэнд аргаа барсан хэдэн улс бий. “Богда Холдинг”-ийн босгосон ус шүүрч хана нь цуурсан өргөөнөө бухимдал айдастайхан амьдарч суугаа 300 гаруй иргэд. Тус хорооллын газар дээрээс хэд хэдэн удаагийн сурвалжлагаар аюул тэнд байгааг манай сонин сурвалжилсан.
Энэ дуудлагын дагуу Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн эрх мэдэл, ажил үүргийнхээ хүрээнийхнээ цуглуулж түргэн авсан. Асуудлыг нүдээр үзэж ажил хэрэг болгосон “Богд-Ар”-ынханд Шадар сайдад хов хүргэх нэгээхэн боломж өнгөрсөн баасан гаригт тохиож ёстой л хэлье гэснээ хэлээд авах шиг болов.
Төр түмний хооронд ямархан зай гарсныг тэр зайнаар харийнхны rap хөл цухуйчихаад монгол иргэдийг хэрхэн туйлдуулсныг ажлын хэсгийнхэн харав. Ямартаа л “Богд-Ар” хорооллын 7-А байрны СӨХ-ны дарга Н. Шүрхүү,
“Миний хувьд таван байр хариуцдаг. Манай байр 2003 онд баригдаж 2005 онд ашиглалтад орсон. Ашиглалтад орсон цагаасаа эхлэн цэвэр ус нь байнга зэвтэй гардаг. Халуун, хүйтэн ус нь холилдоод хүйтэн усны хоолойноос түлх шахсан халуун ус гардаг тэр нь үмхий үнэртэй. Агааржуулалтын систем хийгдээгүй, дээврээс байнга дусаал гоождог, өвлийн улиралд цонх хаалга цана цохиж чийгтдэг, түүнээсээ болж хөгцөрсөн гэх мэт гомдол тоочив.
Түүний дотроос анхаарал татсан нэгэн асуудал нь байрны талбай хэмжээндээ хүрэхгүй, Монгол Улсад ашиглахыг хориглосон тоолуур тавьсан, дөрөв, долдугаар байрыг подволгүй зургаан давхар барьснаас сантехникийн шугамд засвар хийх ямар ч боломжгүй гэх яриа ажлын хэсгийнхэнд содон дуулдах шиг болсон.
Хэдийгээр тус хорооллын оршин суугчдыг аюул дагуулах хэмжээний орон гэрт амьдарч байгаатай Шадар сайд санал нийлсэн ч барилгын явцтай танилцсаныхаа дараа өөрийн эрхлэх салбарын хүрээнд асуудлыг шийдвэрлэж болох тухай онцолсон юм.
Тухайлбал, тэдгээр байрны барилга газар хөдлөлтөд хэр тэсвэртэйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэн зөв тогтоож дүгнэлт гаргах, барилгын чанар стандартын шаардлага хангаж буй эсэхэд дүгнэлт гаргах, худалдаж авсан байрны талбай дутаж байгааг тооцох, цахилгааны тоолууртай холбоотой баталгаажуулалтын асуудлыг шалгаж зөрчлийг арилгуулж дүгнэлт гаргуулж чадна гэдгээ хэлж, ирэх сарын 5-нд хариу мэдэгдье хэмээв.
Арга мухардаж наашаа гэх эзэнгүй болчихсон тус хорооллынхонд энэ бол сайхан боломж. Тиймдээ ч өчигдөрхөн хүртэл тус байрны оршин суугчид “Баярлалаа, биднийг төрийнхөн минь сонсож байдгийг харлаа. Энэ бол биднийг зориод ирсэн ганц Тэрбишдагва сайдын үүрэг биш.
Ийм байрыг хүлээж авсан Мэргэжлийн хяналтынхан, барилгын 20 гаруй байцаагчдад хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Ийм сайхан газар зүсэлж авчихаад бидний нүдийг хуурсан барилга нийлүүлэгчдэд хариуцлага тооцъё” хэмээн нийтлэлээр минь дамжуулан дайв.
Тэгэвч сайд аа, таны үүрэх ажлын ачаанаас бид ч мөн үүрэлцмээр байна. Нэг асуудлыг нь ч болов шийдэхэд ядаж нэмэр болох болов уу хэмээн санаж “Богд-Ар” хорооллын ЗА байрны гурав, дөрөвдүгээр орцны айлуудын байрны талбайг “ОТТО” СӨХ-ныхон хэрхэн хэмжсэн байдлыг хүргэе, ингэж болох уу.
Энэхүү судалгаанд ЗА байрны гуравдугаар орцны 24 айл, дөрөвдүгээр орцны 11 айл хамрагджээ. Хэдийгээр энэ нь өнгөцхөн харвал багахан хэмжээний ам.метрийн зөрүү мэт байвч өндийгөөд нягтлавал гуравдугаар орцны айлууд гэхэд л, 520.26 ам.метр талбайн дулааны хөлсийг илүү төлж байгаа аж.
Үүнийг жаахан задлаад бодвол тус өрхүүд 150 гаруй сая төгрөгийг дундаасаа илүүчилж жилийнхээ төсвөөс өдийг хүртэл төлчихсөн байгаагаа хэлж байна. Энэ нь нэг өрх дунджаар сардаа 7-9 мянган төгрөгийг ам.метрийнхээ зөрүүнд илүүчилж байгаа гэсэн үг аж. Зовлон нэгт өрх айл нэг хоёроор хязгаарлагдахгүйг тэд учирлана билээ.
Энэ мэт байрны ам.метрийн зөрүүг арилгах, үгүй бол талбайн хэмжээг үнэн зөвөөр тогтоож өрхийн эдийн засагт хэмнэлт гарах боломжоор хангаж өгөхийг гуйв. Ийнхүү гэрээ засах боломжтой болсон “Богд-Ар”-ынхны босго өндөрсөж Шадар сайдын ажлын албаныхны амласан хугацааг хүлээж араас нь ам.метрийн зөрүүг илгээв.
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж:
URL: