Монгол Улс Оюутолгой ХХК-ийн мэхэнд унасан бололтой
“Оюутолгойн уурхай бүтээгдэхүүн гаргаж, экспортолж эхэлснээр Монгол Улс хөгжлийнхөө замд шуударна”
Иймэрхүү утгатай уриа лоозонг бид мөн ч их сонссон доо. Өнөөх Фрийдландаас эхлээд Монголын “эвэртэн, тууртнууд” ч тэгж ухуулдаг байсан. Улс төрийн ашиг хонжоо олох гэсэн нөхөд “Энэ шиг худлаа юм байхгүй” гээд л буцаана. Үнэндээ энэ төсөл “Би явж байна, Бээжин сууж байна” гэгчийн үлгэрээр урагшаа хоёр, хойшоо нэг алхсаар дөнгөж энэ жил “хөдлөх” боломжтой болж байгаа билээ. Энэ төслийг ажил хэрэг болгох, мөнгө олохын тулд “Айвенхоу майнз”, “Рио Тинто” компаниуд нэг бус компаниа зарсныг ч мэдэж байна. Энэ бол хүчин зүтгэл мөн ч гэсэн тэд бас гэрээний заалтууд дээр “ажиллаж” өөртөө маш ашигтай нөхцөл байдлыг үүсгэсэн байсныг ч мартаж болохгүй. Чухам тийм учраас “Оюутолгой Монголын хууль тогтоомжид захирагдах ёстой” гэсэн Ерөнхийлөгчийн үг “чанга” сонсогдож эхлэхэд иргэд баярласан. Тэгвэл одоо нөхцөл байдал орвонгоороо эргэж, Оюутолгойн хөрөнгө оруулагчид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвараас “бултах” боломж үүсчихээд байгаа бололтой. Учир нь…
Монгол Улс дэлхийн зарим улсуудтай “Давхар татвар авахгүй байх” гэрээг байгуулсан байдаг юм байна. Тэдгээр улсад бүртгэлтэй компаниудаас хөрөнгө оруулалт татахын тулд шүү дээ. Мөнгөгүй хүний л хийж байгаа ажил. “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр” хэмээх нэртэй ийм гэрээг манай улс тухайн үед Канад, Их Британийн Виржинийн арлууд, Кувейт, Люксембургийн Вант улс, Нидерландын Вант улс болон Арабын нэгдсэн Эмират зэрэг улстай байгуулсан байдаг аж.
Манай Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Ivahnoe Mines Mongolia Inc LLC, Ivahnoe Mines Ltd, болон Rio Tinto International Holdings Limited компаниудтай байгуулсан. Гэтэл Оюутолгой ХХК (хуучнаар Ivahnoe Mines Mongolia Inc LLC) “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г Ivanhoe Oyu Tolgoi (BVI) Ltd., Oyu Tolgoi Netherlands B.V., Эрдэнэс МГЛ ХХК-ийн хооронд байгуулсан байдаг. Хөрөнгө оруулагчид заль гаргаж, бид түүнийг нь мэдэж, засах тоймгүй олон процессийн зөвхөн нэг нь энэ. Хөрөнгө оруулагчид биднийг залилахыг оролдов. Ойлгомжтой хэлбэл, манайхтай “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр” байгуулсан улсад харьяалагддаг аж ахуйн нэгжүүдийг хувь нийлүүлэгчээр татжээ. Манайх гэрээндээ баригдаад татвар авах хөг өнгөрнө гэсэн үг л дээ.
Оюутолгой ХХК батлагдсан ТЭЗҮ-ийнхээ дагуу ажиллавал 2014 онд 745 сая ам.долларын ашигтай ажиллаж, манай тал 110 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх байдал үүсчээ. Тэгэнгүүт манай тал хөдөлж эхлэв. УИХ өнгөрсөн жил Кувейт, Люксембургийн Вант улс, Нидерландын Вант улс болон Арабын нэгдсэн Эмират улстай байгуулсан давхар татварын гэрээг цуцлав. Ivanhoe Oyu Tolgoi (BVI) Ltd., Oyu Tolgoi Netherlands B.V Монголд татвар төлөхөөс өөр аргагүй боллоо. Эрх баригчид том алдаа зассандаа баярлан, бие, биедээ баяр хүргэлээ.
Баярлах эрт байж…
Ингээд нэг сэтгэл уужирлаа гэтэл бас болоогүй байжээ. Оюутолгой компани баяжмал экспортлоход бэлэн болсон ч одоо болтол эхлүүлээгүй байгааг бид мэдэж байгаа. Оюутолгой ХХК Монголын сэтгүүлчдэд 100 хувь “хаалттай” байдаг, нэг ч мэдээлэл хийгээгүй мөртлөө гадаадын хэвлэлүүдээр “Монголын Засгийн газрын хүсэлтээр хойшлуулсан” гэсэн мэдээлэл цацсан. Үнэмшилтэй болгохын тулд /манайхыг яасан ч сайн мэддэг юм бэ гэмээр/ “Монголын Засгийн газар экспортлох ажиллагааг илүү ач холбогдол өгч байж эхлүүлэх санал тавьсан” гэсэн байгаа юм. Мань мэт нь хараад шууд л “Засгийн газар сонгууль дөхүүлж байгаад баяр ёслолын байдалтай нээж, шоудах гэж байгаа юм байна“ гэж бодож байгаа юм чинь. Итгэсэн үг л дээ. Гэтэл сонгуулийн өмнө ч экспорт эхэлсэнгүй ээ. Гайхлаа. Сонгуулийн шок бага зэрэг арилж байх үед Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэдээлэл хийв. Тэрбээр “Оюутолгой компани зургадугаар сарын 21-нд эхлэх зэсийн баяжмалын экспортоо хойшлуулсан нь Засгийн газраас шалтгаалаагүй. Тус компани бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ “Оюутолгой”-н ТУЗ дэх Монголын талын гурван гишүүнд үзүүлэхгүй байгаа. Бас бүтээгдэхүүн борлуулсан орлогоо татваргүй бүс (оффшор) дэх данс руу шилжүүлнэ гэсэн. Дээр дурьдсан гэрээг Монголын талд танилцуулаагүй тохиолдолд манай аль нэг банкны дансаар борлуулалтын орлогоо шилжүүлэх ёстой гэж манай тал үзэж байгаа” гэж ярив.
Оюутолгой ХХК-ийн гадаадын хэвлэлд өгсөн мэдээллийг бүрэн үгүйсгээд хаячихав. Гэхдээ нэг зүйл ойлгомжгүй үлдсэн нь хоёр тал асуудлыг шийдэхийн тулд ямар арга хэмжээ авч байгаа талаар ер ярьсангүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд ингэж, тэгж ажиллаж байна гээд ярьмаар. Гэтэл таг дуугүй.
Сэтгүүлчид дахиад л таамаг уралдуулж эхэлж байна. Энд ч гэсэн нэг таамаг бичье. Одоо яая гэх вэ. Өөрсдөөс нь болж байгаа юм шүү дээ. Гадны хэвлэлд л мэдээлэл өгөөд монгол сэтгүүлчдийг үл тоодог юм чинь арга ч үгүй. Таагаад л, бичээд л байхаас.
Рио Тинто болон “Туркойз хилл ресурсез” компани Канад, Виржинийн арлуудад бүртгэлтэй компаниуд руугаа Оюутолгойн хөрөнгийн урсгалыг чиглүүлэх гэсэн байж тун магадгүй. Уг нь бол бид сурсан аргаараа Виржинийн арлуудтай байгуулсан нөгөө “давхар татварын гэрээг” цуцалж орхиход л асуудал шийдвэрлэгдэх мэт. Гэтэл тэгсэнгүй. Яагаад вэ. Энд харин асуудал өөр. Виржинийн арлуудад манай ашиг сонирхол асар их байж магадгүй.
Олигархиуд Виржинийн арлуудад бүртгэлтэй компанийн хөрөнгөө хааш нь татаж байгаа бол
Кувейт, Люксембургийн Вант улс, Нидерландын Вант улс болон Арабын нэгдсэн Эмират улстай байгуулсан давхар татварын гэрээг цуцлах үед УИХ-ын дарга З.Энхболд “Ашиггүй гэрээнүүдийг нэн даруй яаралтай цуцлахгүй бол улс орон алдагдалд орох нь. Нидерланд татвараас зугтаадаг компаниудын орогнодог газар болчихоод байна. Тэгээд ч энэ улсаас Монголд хийсэн бодитой хөрөнгө оруулалт бараг байхгүй шахам. Тэгэхээр татвараас зугатаадаг энэ асуудлыг бодоод байх хэрэггүй.
Гэрээнүүдийг цуцлах хэрэгтэй” гэж хэлж байсан. Тэгвэл Виржинийн арлуудтай байгуулсан гэрээг цуцлахгүй байх үндэслэл дээрх үгнээс харагдаж байна. Виржинийн арлуудад бүртгэлтэй компаниудаас Монголд асар их хөрөнгө оруулалт байгаа гэсэн үг. Эсрэгээрээ Монгол Улсын хөрөнгө олигархиудын гараар орж, Виржинийн арлуудад бүртгэлтэй компанийн дансанд орсон ч байж болно. Олигархиуд Виржинийн арлуудын офф шор бүсэд компани нээгээд Монголд үйл ажиллагаа явуулдаг ч байж болно. Хэрвээ энэ таамаг үнэн байгаад УИХ дээрх улстай байгуулсан давхар татварын гэрээг цуцалчихвал олигархиуд асар их татварын өрөнд орох байдал харагдаж байна. Асуудлын гол учиг үүнд ч байж мэдэх юм. Олигархиуд Виржинийн арлуудад бүртгэлтэй компаниудаа цэгцлэхийн тулд хожсон хугацаа яг одоо үргэлжилж байгаа байж тун ч магадгүй. Дараа нь асуудалгүй болмогц УИХ хуралдаад цуцалчихна. Эсвэл Засгийн газар хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийнэ.Асуудал ийм сценариар явагдаж байж мэдэх л юм даа.
URL: