Ерөнхийлөгчийн тангараг өргөх журамд өөрчлөлт оров

26c998ea98caf769ad0dc72483fcc3de_LМонгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам энэ цаг үетэйгээ уялдан шинэчлэгдэн батлагдах гэж байна.

УИХ-ын 1993 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Батцогт, Н.Батцэрэг, С.Бямбацогт, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл нар санаачлан боловсруулж, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлснийг өнөөдөр Төрийн байгуулалтын хороогоор хэлэлцэв. Төсөл санаачлагч Г.Батхүү төслийн үзэл баримтлалыг өнөөгийн хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн зарчимд нийцүүлэн Монгол Улсын төрт ёсны уламжлалыг шинэчлэн хөгжүүлэх, Төрийн тэргүүн ард түмэндээ хүндэтгэл үзүүлэх  зорилгоор монгол хүний эх оронч үзлийг хөгжүүлэх, төр улсаараа бахархах, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх ач холбогдолтой гэсэн үндэслэлийг тусгаж уг тогтоолын төслийг боловсруулсан гэдгээ энэ үеэр онцолсон юм. Мөн Ерөнхийлөгч ард олныхоо өмнө буюу Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө тангараг өргөх нь дэлхийн бусад орны туршлага, жишиг бөгөөд чуулганы их танхимын өнөөгийн хүрэлцээ хангамж тааруу байгааг давхар тооцоолсон гэдгийг төсөл санаачлагч тодотгов. Түүнчлэн энэ өдөр УИХ-ын тусгай чуулган хуралдах бөгөөд тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулж цэргийн хүндэтгэлийн жагсаал жагсах юм. Уг тогтоолын төсөлд халаагаа өгөх болон авах зохицуулалтыг ч хийсэн байна. Харин энэ удаад Ерөнхийлөгч улиран сонгогдож байгаа тул энэ зохицуулалт ашиглагдахгүй буюу улиран сонгогдсон тохиолдолд ажил хүлээлцэх, тамгыг гардуулах ёслол үйлдэхгүй аж. Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг авч хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авсан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Б.Туул

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих