Хорват Европын холбоонд албан ёсоор элсэв
Хорват Европын холбооны 28 дахь гишүүн орон болж, тус улсын нийслэл Загреб хотын олон мянган иргэн гудамж талбайд гарч баяраа тэмдэглэж байна.
Ёслолын үг хэлсний дараа найрал хөгжим ЕХ-ны албан ёсны сүлд дуулал болсон Бетховены IX симфонийн “Баяр баясгалан руу” аяыг эгшиглүүллээ.
Хорватын Ерөнхийлөгч Иво Йосипович болон Еврокомиссын тэргүүн Жозе Мануэл Баррозу нар цугласан олонд хандаж үг хэлсэн байна.
Германы канцлер Ангела Меркель ёслолын ажиллагаанд оролцох ёстой байсан боловч завгүй хэмээн татгалзжээ.
Долдугаар сарын 1-н эхлэх яг шөнө дундад тус улсын хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр Хорватын сүлд болон төрийн далбаатай зэрэгцэн ЕХ-ны билгэ тэмдэг байрлуулсан байна. Гэхдээ Хорват одоохондоо еврог мөнгөн тэмдэгтээ болгож, Шенгений бүсийн нэг хэсэг болох бодолгүй байгаа аж.
Хорват ЕХ-нд элсэх өргөдлөө гаргаад 10 жил өнгөрчээ. Тус улсын эдийн засаг өнөөдөр хүнд байдалтай байгаа. Таван хун тутмын нэг нь ажилгүй, улсын өрийн хэмжээ дээд цэгтээ тулсан. Ийм нөхцөл байдалд ЕХ-нд элсэх нь эдийн засагт тус болно гэдэгт олон хорватчууд итгэлгүй байна. Гэхдээ ЕХ-ны зарим нэг гишүүн орнуудыг бодвол банкны систем нь хямралд ороогүй гэж тус улсын Засгийн газар үздэг. Хорватад авлига болон гэмт хэрэг өндөр түвшинд байгаа нь Европын зарим улсуудын санааг ихээхэн зовоож байгаа юм.
Хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан бусад улсууд ч Хорват болон есөн жилийн өмнө тус холбоонд элссэн Словенийн жишээг дагаснаар удаан хугацааны турш тайван бус байсан энэ бүс нутагт энх амгаланг авчирна гэж ЕХ найдаж байна.
Б.Мишээл
URL: