МАН-ын залуусыг танихаа болилоо

Дүр эсгэсэн шинэчлэгчид ах намд олширчээ. Тэд сонгууль бүрийг отож, гарсан үр дүнг ашиглан удирдлагуудаа дэгээдэж, унагаах ахархан бодол өвөртлөх аж. Үүнийгээ шинэчлэл гэж нэрийднэ. Ийм эмгэнэлт үйл явдал ах намд жишиг болон тогтох шинжтэй. Өчигдөрхөн МАН-ын залуус “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн байгуулснаа албан ёсоор зарлалаа. Гэхдээ тэд ялалтыг биш ялагдлыг хүлээж байв уу гэлтэй авирлаж байна. Шулуухан хэлэхэд, энэ намд дахиад л хэдхэн улстөрчийн хувийн сөргөлдөөн хүчээ авчээ. Хуульд заасанчлан нам нь нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн гэх заалт утгаа алдчихаж. Тэдэнд нэгдмэл нэг санаа алга. Ердөө л энэ намд өс хонзонгийн гол үерлэчихсэн мэт өөр хоорондоо тэмцэлдэж, сандал ширээгээ булаалдаж байна. Ялалтын биш ялагдлын горыг нэгэндээ хатуухан амсуулах гэсэн хорсол төдийхнөөр өнөөдрийн үйл ажиллагаа нь үргэлжлэх аж.
2009 онд МАХН-ын удирдлагад байсан нэр бүхий улстөрчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярын хооронд үүссэн үл итгэлцэл нь үзэн ядалт болтлоо даамжирснаас хойш ах намын нөхөд сонгууль болгоноор нэгнээ чангаан унагах арчаагүй зантай болцгоосон юм. Тухайн үед МАХН нэртэй байсан одоогийн МАН-д Ерөнхийлөгчид нэр дэвших эрхэм олон байсангүй. Тиймдээ ч дөрөв дэх Төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан Н.Энхбаярыг дахин нэр дэвшүүлэхээр бага хурлаас шийдвэрлэв. Түүнтэй өрсөлдөх, өрсөлдүүлэх кандидат нам дотроос нь ч гарсангүй. Харин АН дотор Ерөнхийлөгчийн суудлын төлөө зургаан хүн хүч үзсэн юм. Ц.Элбэгдоржоос гадна Л.Гүндалай өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн бол Р.Гончигдорж, З.Энхболд, Э.Бат-Үүл, Х.Баттулга нарын нэр хөшигний цаана хүчтэй яригдав. Эцэст нь Ц.Элбэгдорж Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн олонхийн саналыг авч, нам дотроо өрсөлдсөн бусад нь түүнийг дэмжихээр шийдвэрлэв. Парламентад суудалтай ИЗН АН-ыг дэмжихээр болж, санамж бичиг үзэглэж байлаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусч, дүнгээ гаргахад МАХН-ынхан харамсалтайгаар ялагдал хүлээв. Н.Энхбаяр орон нутаг дахь сонгогчдын саналыг авч чадсан ч нийслэлчүүдийн итгэлийг өвөртөлж чадаагүй. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялалт байгуулж, АН түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт гаргав. Гэхдээ дарга шүтдэг, хэт босоо удирдлагатай, шулуухан хэлэхэд цэрэгжсэн байгууллагын дүрэмтэй энэ намын Удирдах зөвлөлийн шийдвэр доод шатандаа өнөөдрийнх шиг хүчгүйдэж байсангүй.
Нөгөөтэйгүүр, Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдаж, намынхаа хэсэг нөхдөд хорсож байсан ч намын нөхөд нь толгойгоороо тоглож байгаагүй юм. Тухайн үед намын даргаар С.Баяр, Ерөнхий нарийн бичгийн дарга нь У.Хүрэлсүх байлаа. Намын дарга, Ерөнхий сайд С.Баяр сонгуулийн дараагаар ажлаа Сү.Батболдод шилжүүлэн өгсөн. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байгаагаа зарлаж, кабинатаа бүрэн бүрэлдэхүүнээр нь шилжүүлэв. Тухайн үед эксийг ялагдалд хүргэсэн намын аппарат огцрох ёстой гэх үг зарим нөхрийн амнаас цухалзаж байсан ч Н.Энхбаярын ялагдалд нам хариуцлага хүлээх шаардлагагүй гэж үзсэн юм. Улмаар 2012 оны УИХ-ын сонгуулиар АН “бяцхан” олонх болж МАН ялагдав. Энэ нь нам МАН, МАХН болж хуваагдсантай холбоотой гэх дүгнэлт ч бий. Юутай ч нам ялагдсан тул намын удирдлагууд өөрсдөө хариуцлага хүлээж байгаагаа мэдэгдэж, албан тушаалаасаа огцорсон юм. Энэ нь хэдэн амбицтай нөхдийн аазгайг хөдөлгөсөн гэхэд хилсдэхгүй. Ямартаа л хувьсгалын тохироо бүрдэв гэгчээр цаг үе нь ч өнөөдөр таарчихаж. Гэхдээ шинэчлэл гэдэг хэдэн хүнийг сольсноор хийгдэх ажил биш. Тэр дундаа намынхаа өвгөчүүлийг хаалгаараа өшиглөж гаргаснаар энэ намыг цэвэршлээ гэвэл бүр ч эндүүрэл биз. Тэр дундаа шинэчлэлийг залуу хүмүүс хийдэг гэсэн ойлголтоор, эсвэл тийм ойлголт төрүүлэх гэж чармайх нь утгагүй харагдуулж байна.
Наадмаас урьтаж намын бага хурлаа хуралдуулахыг шаардаж буй тэд өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ хэд хэдэн зүйлийг тодотгосон. Тухайлбал, гишүүн Н.Номтойбаяр“Намын нэрээр төрийн өндөр албан тушаалд оччихоод авлигын хэрэгт холбогдож байгаа нөхдөөс нам салах хэрэгтэй” гэсэн бол НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ “Намын удирдлагыг ганц хоёр хүнээс сонгох биш дор хаяж таван хүний мэтгэлцээнээр хэлэлцүүлж, тэдэн дундаас удирдлагаа сонгодох байх хэрэгтэй” гэв. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “92 жилийн түүхтэй манай намын анх байгуулагдсан цагаасаа эхлэн удирдлагын бүтэцтэй байсан. Тиймээс аливаа зүйлийг зөвхөн намын удирдлага шийдвэрлэж, гардан хийдэг байсан. Энэ байдлаасаа салж, нийтээрээ хэлэлцэж байж шийдвэрлэдэг болох цаг нь болсон” гэж мэдэгдсэн юм. Гол нь ямааны мах халуун дээрээ гэгчээр энэ сарын 8-нд бага хурлаа хуралдуулахыг шаардсан юм. 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар улаан шугаманд жагсаж намын бодлого, PR зэргийг нь тодорхойлж байсан залуу үеийнхэн намынхаа эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн нь энэ. Гэхдээ хариуцлага яривал ганц удирдлагуудын хар толгойтой бус тэдний бөндгөртэй ч холбогдох учиртай баймаар. Учир нь намаа ялагдалд хүргэсэн гэвэл арын фронтод гал тогоог нь барьж байсан тэднээс ч буруу хайхгүй гэж үү. Нэг үгээр, тэдний энэ үйлдэл намыг шинэчилж, цэвэршүүлэх биш цаг зуурын сөрөг нөхцөл байдлаас од шүүрэх гэж оролдож буй өрөвдөлтэй дүр төрхийг бий болгож байна. Нууц ноёнтныг тахин шүтэж, түүгээр дамжин ирэх эрх мэдлийн төлөөх тэмцэл л тэднээс үнэртэх мэт. Ийм хоёрхон өнцөг 90 гаруй жилийн түүхтэй МАН-ыг танигдахгүй болтол нь танагдах вий дээ.
Л.НИНЖ
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: