МАН-ын залуу лидерүүд өөрчлөлтийг шаардан нэгдлээ
МАН-ын удирдах түвшиний 30 гаруй залуус өнөөдөр сэтгүүлчдэд хандаж, “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн байгуулсанаа мэдэгдлээ. Уг хөдөлгөөний зорилго нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш таван сонгуульд дараалан ялагдсан МАН-ыг шинэчлэх явдал ажээ. Гэхдээ ялагдлын бурууг хэн нэгэнд тохох биш нийгэмд унасан намын нэр төрийг сэргээх зорилго тавьжээ.
Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, ИТХ-ын гишүүн М.Ганбаатар, НАМОХ-ны тэргүүн Б.Амарсанаа, МАН-ын Шинэчлэлийн хорооны төлөөлөл, “Дахин сэргэлт” холбооны төлөөлөл, “Монголын зүүний хүчний холбоо”-ны төлөөлөл, “Шинэ эхлэл” хөдөлгөөний төлөөлөл болон орон нутгийн МАН-ын хороод, Орхон аймгийн МАН-ын хорооны төлөөлөл болсон залуучууд оролцсон юм.
Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Намын нэрээр Төрийн өндөр албан тушаалд оччихоод авлигын хэрэгт холбогдож байгаа нөхдөөс нам салах хэрэгтэй” гэсэн бол НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ “Намын удирдлагыг ганц хоёр хүнээс сонгох биш дор хаяж таван хүний мэтгэлцээнээр хэлэлцүүлж, тэдэн дундаас удирдлагаа сонгодог байх хэрэгтэй” хэмээн цохон тэмдэглэлээ.
“Шинэчилье” хөдөлгөөний зүгээс МАН-ын удирдах зөвлөлд хандан Намын Бага хурлыг долдугаар сарын 8-наас өмнө хуралдуулж, 27 дугаар Их хурлын товыг зарлан зохион байгуулах “Түр хороо”-г удирдлагын хараат бус хэлбэрээр байгуулахыг шаардлаа. Мөн намын даргыг сонгох сунгааг намын гишүүд, дэмжигчид, олон нийтийн дунд үндэсний хэмжээнд нээлттэй зохион байгуулах, доторх фракцийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, дүрмийн шинэчлэл хийхийг шаардлагадаа онцолжээ.
Мөн залуус авлигын гэмт хэрэгт холбогдсон намын нэр бүхий гишүүдээс болж МАН-д итгэх ард түмний итгэл дэмжлэгийг алдсан нөхцөл байдалдаа дүгнэлт хийж улс төр, ёс зүйн хариуцлага тооцон авлигагүй нам болохыг намын бүх шатны байгууллагуудын удирдлагад, сүүлийн хоёр сонгуульд дараалан ялагдуулсан намын удирдлагууд ёс зүй болон улс төрийн хариуцлагаа ухамсарлан хүлээхийг тус тус “уриалан шаардсан” байна.
Өнөөдөр 16 цагаас цаг товлон эхэлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөний шаардлагатай холбоотой эсэх талаар мэдээлэл хараахан ирээгүй байна.
Я.Баяр
МОНЦАМЭ
URL: